НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гадаа хасах хэмийн хүйтэнд залуус жагсаж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ч сайнгүй байгаа. Гэтэл улс төр л зөвхөн нэмэх хэмтэй бараг л шатаж байна гэхэд хэтийдэхгүй. Та өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж суугаагаас ярилцлагаа эхлэх үү?
-Хүмүүсийн олон жил хадгалсан бугшсан уур бухимдал, тэсвэр тэвчээр алдагдаж байна уу даа гэж харж байгаа. Ерөөс үзтэл хуурамчаар явагчийн үргэлж өөдөө дэмжигдэж яваа энэ нийгэмд дургүй болсон байна шүү дээ. Бүгд л энэ бүхнийг мэдэж байсан. Өнгөрсөн бүх цаг үед идэж, ууж байгааг нь шүүмжилсээр ирсэн. Одоо харин ил болж, тэсэрч байгаа нь өнөөдрийн улс төрийн онцлог байх.
-Яагаад онцлог гэж...?
-“Яагаад хулгайчийг төрүүлээд байдаг юм бэ” гэдэг асуултын нэн тэргүүнд тавих нь зөв байх. “Хулгайч яагаад төрдөг вэ” гэдэг асуулт буруу. Бид төрүүлээд байгаа юм. Төрүүлж байгаагийн шалтгаан нь тогтолцоо. Манайх цөөхөн гишүүнтэй давжаа бүтэцтэй парламенттай. Сонгогдсон 76 гишүүн нь дөрвөн жил дархан эрхээ эдэлчихдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнүүдийн үүрлэдэг, орогнодог газар болчихсон. Зүй бусаар үндэслэлгүй, хөрөнгөжиж баяжсан хүн ч олон байгаа. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн алдарт үг бий. Энэ үгийг өнгөрсөн цаг хугацаанд маш муухайгаар буруу тайлбарлаж ирсэн. Күнз-Зэнзийн сургаалиар бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө хүн болгож, бие даалгаж, их хүмүүн болж, бусдын төлөө өөрийгөө зориулах зүрх сэтгэлтэй болчихоод төрөө засаарай гэсэн утгаар хэлсэн үг. Өнөөдөр харин бизнес, улс төр хоёр нэг цэг дээр очсон нь Монголын эмгэнэл. Бизнес, улс төр, төрийн алба нь нийгмийн ухаанд “төмөр гурвалжин” гэж нэрлэгддэг. Гурвалжингийн гурван өөр орой байх ёстой. Нэг цэгт хэзээ ч уулзаж болохгүй байхгүй юу. Гэтэл манай улсын хамгийн том бизнесмэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Хувийн хэвшил ч нарийн ярьвал асуудалтай. Гурван өөр цэгт байх ёстой зүйл нь нэг цэгт төвлөрчихсөн байгааг засаж, өөрчлөхөөр төр нь дуншиж байгаа хэрэг.
-Тэгвэл хулгайчийг төрүүлэхгүйн тулд
бид юу хийх ёстой вэ. Нэн тэргүүнд өнгөрсөн 30 жил явсан тогтолцоог өөрчлөх
шаардлагатай гэж үзээд байгаа нь зөв үү?
-Хулгайчийг төрүүлдэггүй тогтолцоо маш амархан. Нэгдүгээрт, Үндсэн хуульд
заасан хязгаарлалтуудыг болиулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Улс төрийн намуудын
тухай хуулиа шинэчлэх ёстой. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуулиа шинэчлэх
шаардлагатай. Зөвхөн энэ гуравт төвлөрөөд ярихад л хэд, хэдэн зүйл байна. Тухайлбал,
Үндсэн хуульд парламентыг дөрвөн жил баталгаатай байлгахаар тусгасан. Дөрвөн
жил дархан эрх эдэлчихээр дахиад л түүнийгээ эдлэх гээд улайраад зүтгэчихдэг.
Хөгжингүй орнууд болон ардчилал хөгжсөн улсад парламент нь хэзээ ч тарж
магадгүй байдаг. Энэ хорвоо дээр баталгаатай зүйл гэж байхгүйтэй адил. Парламент
нь хэзээ ч тарж магадгүй, сонгууль хэзээ ч болж магадгүй учраас тэд үргэлж ард түмэндээ
үйлчилдэг. Шуудхан хэлэхэд, парламентын гишүүний зулай дээр сэлэм өлгөөстэй
байна гэж ойлгох хэрэгтэй л дээ. Хэзээ ч унаж, сүлбэж магадгүй гэсэн үг шүү
дээ. Тэгж л хариуцлагажуулж явдаг. Манайд харин ийм систем байхгүй. Парламент
нь дөрвөн жил найдвартай, баталгаатай байх ёстой гээд Үндсэн хуульдаа
тусгачихсан. Маш жижиг тойрогтой. Түүнийгээ улстөрчид ханатал нь усалж тойглохоос
гадна “Эрдэнийн вант улс” гэх мэтээр нэрлэчихнэ ээ. Бүх газар МАН, АН-ынхан
ээлжлээд тогтолцоогоор цемент цутгачихлаа. Дагалдах олон зуун хүнийг цалинтай
ажилд авчихлаа. Тэдгээр хүмүүс нь сардаа хамгийн багадаа 400-500 мянган
төгрөгийн цалин хүртэж байгаа. Сонгууль болохоор өөрсдийнхөө намын гишүүдэд
хэдэн зуун мянгаар нь мөнгө тараадаг тогтолцоо руу орчихсон. Үүнийг л зад татах
хэрэгтэй. УИХ-ын гишүүний дархан эрхийг алга болгох ёстой. Парламентын гишүүнд
тодорхой хэмжээний халдашгүй эрх байх нь зөв ч түүнийгээ ингэж буруугаар
ашиглаж хэрхэвч болохгүй. Өөрөөр хэлбэл, парламентыг тараадаг тогтолцоо
хэрэгтэй байгаа юм.
-Хүчтэй парламентыг бий болгохын
тулд гишүүний тоог нэмэгдүүлэх гэдэг нэг л санаанд буухгүй байгаа юм. 76-гаа
тэжээж дийлэхгүй байна гэх мэтээр эсэргүүцэл гарч л таарна шүү дээ?
-Парламент өөрөө хүчтэй байх ёстой юм. Үүнд хоёр арга зам бий. Нэгдүгээрт,
парламент өөрөөсөө Засгийн газраа төрүүлдэг байх хэрэгтэй. Ингэж байж парламент
хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн болоогүй хүнийг хэзээ ч сайд
болгож болохгүй. Хэн ч танихгүй, сонгуульд ч орж үзээгүй хүн гэнэтхэн салбар хариуцсан
сайд болоод гарч ирж байна шүү дээ. Чамайг хэн сайд болго гэсэн юм, чи яаж
засаглах эрхээ авсан юм бэ гэдэг бол асуулт. Ард түмний шалгуураар орж үзээгүй хүнийг сайд болгож болдоггүй. Ард
түмний сонголтоор орсон хүнийг сайд болгоё гэвэл 76 гишүүн цөөднө. Учир нь 76
гишүүнээс 20 нь сайд боллоо гэхээр 3/1 буюу Засгийн газар нь парламентаа бариад
идчихнэ шүү дээ. Засгийн газарт төсөв боловсруулах эрх нь байна. Гэтэл төсвийг
батлах эрх нь УИХ-д байна. Энэ хоёр нийлж болохгүй учраас парламент дотроосоо 20
гаруй хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахын тулд 120-иос дээш УИХ-ын
гишүүнтэй байх хэрэгтэй болно. Хүмүүс хүн амын тоотой нь харьцуулаад янз бүрээр
шүүмжилдэг л дээ. Онолын үүднээс хэдэн хүнтэй байвал худалдагдахгүй вэ. Өөрөөр
хэлбэл, 120 хүнийг худалдаж авах боломжгүй. Хэзээ ч парламентын гишүүнээ
больчихож магадгүй учраас хариуцлагатай ажиллана. Зарим нь, БНХАУ, БНЭУ-тай
зүйрлээд хачин, хачин зүйл ярьдаг л юм. Хятад бол парламентын засаглалтай орон
биш. Тэнд нэг л дарангуйлал оршдог. Харин Энэтхэг бол холбооны улс. Парламент
нь өөрөө зохистой хэлбэрээр ажилладаг. Манай парламентын гишүүдийн тоо 120-иос
дээш болж, хараа хяналтаас ангид болно.
-Ерөнхий сайдын хувьд Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиар ширээний ард сууж, асуудлаа ярилцаж, шийдэлд хүрье гэж улс төрийн намуудыг уриалж байна билээ. Танай нам нэгдэхэд бэлэн үү?
-Мэдээж хэлэлцүүлэгт орно. Миний хувьд мажоритар, пропорциональ тогтолцоог үгүйсгэхгүй. Гэхдээ 2016 оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар мажоритар тогтолцоог Үндсэн хуульд нийцдэг, харин пропорциональ тогтолцоо Үндсэн хуульд нийцдэггүй гэсэн шийдвэрт хүрсэн. Ард түмэн шууд сонгоно гэдгийг ингэж тайлбарласан байдаг. Энэ бол дэлхийд баймгүй ичмээр жишиг. Үндсэн хуулийн цэц ч зарчмаас ухарсан. Миний хувьд мажоритар, пропорциональ хоёулаа орсон холимог тогтолцоог сонгоно. Олон янз төрхтэй УИХ-ын гишүүд сонгогдох тогтолцоог сонгох хэрэгтэй. Мажоритор тогтолцооны нэг аюултай зүйл нь санал гээгддэг. Харин би санал үхдэг гэж хэлнэ. Учир нь таван хүн нэг тойрогт өрсөлдөж, нэг нь л ялалт байгуулна. Тэгэхээр сонгогдсон нэг нь зөвхөн 21 хувийн санал, аваад бусдыгаа ялах боломжтой. Үлдсэн 79 хувийн санал үхнэ гэсэн үг. Ийм системийг өөрчлөхийн тулд л холимог тогтолцоог хэрэглэдэг. Үхсэн буюу гээгдсэн саналыг бүгдийг нь нийлүүлээд энэ намын гишүүнийг тэдэн хувьтай дэмжсэн учраас парламентад тэдэн хувьтай оруулж ирье гэдэг нь пропорциональ тогтолцоо. Ингэснээр тойрогтоо гэхээс илүү бодлого, улс орны эрх ашиг ярьдаг улстөрчид бий болно. Нөгөө талдаа тойргийн иргэдтэйгээ харьцдаггүй, мэддэггүй хүмүүс сонгогдоод ирэхээр улс төр явцгүй болж эхэлдэг учраас л холимог тогтолцоо маш чухал.
-Үндсэн хуульдаа 76 гишүүнтэй байна
гэдгийг заачихсан байдаг шүү дээ. Таныхаар бол дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт
оруулах хэрэгтэй болох нь ээ?
-Үндсэн хуульд тоо заасан улс орон ховор байдаг. Үндсэн хуульд зөвхөн
зарчмаа тунхагладаг байхгүй юу. Тухайлбал, парламент нь нэг эсвэл хоёр
танхимтай байх юм уу. Харьцаа нь яаж байх вэ зэргээр зарчмаа л тусгасан байдаг.
Харин тоог Үндсэн хуульдаа бус органик хуульд тусгадаг. УИХ-ын тухай хуульд ч ерөнхий
зохицуулалтыг хийж болно. Үндсэн хуулиас 76 байна гэдэг заалтыг авчихад л болно.
Харин сонгодог парламент руу орж байгаа тохиолдолд парламентыг тараах эрхийг
Ерөнхий сайдад өгөх ёстой байдаг. Өнөөдөр Засгийн газар нь нүүрсний хулгайчийг
зарлана гэж мэдэгдлээ. УИХ нь манайд нэг ч нүүрсний хулгайч байхгүй гэлээ. Нийгмийн
хямралт байдал үүнээс л эхэлж байгаа юм. Хэрвээ органик амьд Үндсэн хуультай
байсан бол Ерөнхий сайд нь парламентаа тараачихна. Хулгайчаар дүүрчихсэн атлаа
манай танхимд нэг ч байхгүй гэж хэлээд сууж байгаа парламентаас ичиж байна. “Тарцгаая,
дахин сонгууль хийгээд ард түмнээсээ асууя” гэж хэлдэг байх нь чухал. УИХ-тайгаа
зөрчилдсөн Ерөнхий сайдынх нь зөв бол ард түмэн дэмжээд гаргаад ирнэ. УИХ
шинэчлэн бүрдмэгц Ерөнхий сайд огцроод л дахин шинээр мандатаа аваад ажиллаж
эхэлнэ гэсэн үг. Ингэж ард түмний дуу хоолой болно. Шинээр нүүрсний хулгайч биш
хүмүүс сонгогдон орж ирнэ. Ийм механизм ажиллахгүй байгаа учраас талбай дээр
жагсаал, цуглаан өрнөж байгаа юм. Үүнийг Үндсэн хуулийн хямрал гэж нэрлэхээс
өөр аргагүй.
-Жижиг намуудад пропорциональ тогтолцоо ашигтай байдаг гэдэг?
-Тийм ээ. Улс төрийн жижиг намуудад пропорциональ
тогтолцоо яах аргагүй ашигтай байдаг нь
үнэн. Жижиг намууд улс төрийн эерэг капиталыг бий болгох, нэг хүний засаглалаас
татгалзана. Тухайлбал, намынх нь эрх нөхрөөсөө эхнэрт нь шилжсэн тохиолдол гарч
байсан шүү дээ. Энэ бол аюултай үзэгдэл. Пропорционалиар
явахын тулд нам доторх ардчиллын асуудал, ил тод байдал, засаглал зөв байх нь чухал.
-Парламентын засаглалаас ухрах, нэг
хүний эрх ашгийг хөндсөн суртал ухуулга энэ жагсаалаас ч харагдаж байна. Та
үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Миний хувьд тогтолцооны өөрчлөлтийг хүмүүс ярьж байгаа ч засаглал солих дээр тэгж хүчтэй дуугарч байна гэж харахгүй байна. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед тийм сонирхол их байж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж нэлээд оролдсон доо. Бид парламентын ардчилалаа илүү бэхжүүлэх ёстой юм. Энэ цаг үед сонгуулийн тогтолцоогоо яаралтай холимог болгох ёстой. Тухайлбал, мажоритар тогтолцооны сонгодог онолоор хоёр нам гарч ирдэг. Энэ тогтолцоог олон жил хэрэглэж байгаа АНУ-ыг зарлаж болно. Өөрөөр хэлбэл, БНН, АН сонгогддог. Ээлжилж засаг барьдаг. Сая завсарын сонгууль таарсан байх, тэнцүү орж ирж байна. Гэтэл манайд мажоритар тогтолцоо нь ганцхан хүчтэй намыг бий болгож байгаа юм. Энэ нь МАН. Ардчилсан нам нь байхгүй. Монголын ардчилалд харанга дэлдэж байна гэсэн үг. Иймд яаралтай тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм. Үүнийг ухамсарласан олон ч улстөрч байгаа. Миний хамгийн их айж байгаа зүйл нь хүчтэй ганцхан нам байх явдал. Ийм тохиолдолд ямар ч хяналтгүй болно. Дахиад ч төмөр зам, нүүрсний хулгай, нууцын гэрээ бий болно. Улсын төсвөөс их хэмжээний мөнгийг нууцлаад идчихэж байна шүү дээ. Гомдмоор байгаа биз.
-Засгийн газраас хариуцлагын тогтолцоог сайжруулж, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд хариуцлага тооцож, ял завшдаггүй болгов. Энэ нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах болов уу?
-Эрүүгийн хуульд ингэж нэмэлт өөрчлөлт оруулдаг нь маш зөв. Зөвхөн Эрүүгийн
хуультай зууралдах нь бас учир дутагдалтай. Цаана нь байгаа хулгайчийг
төрүүлдэггүй тогтолцоог үндсээр өөрчлөх нь энэ цаг үед хамгийн чухал. Өөрөөр
хэлбэл, зардал өндөртэй сонгууль хийдэг тогтолцоог өөрчлөе. Улс төрийн намуудын
тухай хуулиа шинэчилье. Зөвхөн нэг улстөрч гэхэд л өөрийгөө магтуулахын тулд
олны танил хүнд 100 сая төгрөг өгсөн байх жишээтэй. Энэ зардлаа УИХ-д сонгогдон
ажиллах хугацаандаа 3-4 дахин нугалах гэж тэд улайрч байгаа шүү дээ. Энэ нь
хулгайч төрүүлдэг тогтолцоо мөн үү, мөн. Төрийн албанд өөрийн хүмүүсээ
шургуулдаг, тэдгээр цүнх баригчид нь ард түмэнд бус улстөрчдөдөө зүтгэдэг.
-Таны хэлсэн, ярьсан зүйлс биелэлээ
оллоо гэхэд бидний хүсэмжлээд байгаа сонгодог парламент бий болох уу?
-Маш их ойртоно. Олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн боловч олон жилийн
хугацаанд ганц том нам л оршин тогтнох эрхтэй болсон. Үүнийгээ л өөрчлөх
хэрэгтэй.
-Сонгогчдын боловсрол муу байгаа
учраас хүнийг нь биш нам сонгож байна. Тэд саналаа мөнгөөр үнэлдэг учраас
өнөөдөр жагсаад зогсож байна, мөнгөтэй намд үйлчилдэг учраас нэг нам дангаар
ноёлоод байгаа хэрэг биш үү?
-Сонгогчдын боловсрол муу гэж шүүмжилдэг хүмүүстэй би хувьдаа санал нийлэхгүй.
Харин ядууралтай холбоотой. Монголчууд 1990 онд илүү боловсролтой, 2020 онд
дутуу боловсролтой байна гэж ойлгож болохгүй. Ард түмэн саналаа өгдгөөрөө өгсөн
ч саналыг нь улстөрчид, улс төрийн намууд гээгдүүлж, үхүүлж байгаа. Хүн амын 42
хувийн саналыг авахад л УИХ-д 62, 63 хүний суудал авч байна шүү дээ. Харин
120-150 хүн сонгогддог байгаад, холимог тогтолцоогоор сонгуулиа хийвэл олон
намаас төлөөлөл орж ирнэ шүү дээ. Ганц намын ноёрхол байхгүй болно. Гэхдээ цаг
үе юу шаардахаас хамаарч, өөрчилж, болдог. Хөгжингүй орнууд ч гэсэн цаг үедээ
тохируулаад, сонгуулийнхаа тогтолцоог өөрчилсөн тохиолдол олон бий.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Х.Бат
Сэтгэгдэл