Улс төр


Оюутолгойн 62 сая.ам.долларын тусламж нь өндөр хүүтэй зээл байжээ

4 жил, 3 сар TIMES.MN

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд  мэдэгдэл хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар оролцож байр сууриа илэрхийллээ. 


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон билээ. Энэхүү төлөвлөгөөний зүйл заалт бүрийг судалж, судалгаа явуулж, хууль зөрчсөн эсэхийг нягталжээ. Тус бүлгээс мэдэгдэл гаргаж байгаа юм байна. 

 

Уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөөг батлалцан тохиролцож гарын үсэг зурсантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

 

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаварыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна.


 

Хоёр. Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан 8 бүлэг, 57 зүйл, заалт бүхий “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө“ гэх “Гэрээ”-нд тусгагдсан заалтуудаас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг гүйцээх ажлыг шуурхайлах, Монгол Улсын холбогдох бүх хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах, санхүүжилтийн бүртгэлийг өөрийн санхүүгийн бүртгэл, тооцоонд ил тод хөтлөх, тайлагнах, бүтээгдэхүүний агууламж, хэмжээг болон баяжмал дахь зэс, алт, мөнгийг тооцох зарчмыг тогтоох зэрэг 30-н зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч харилцан хяналттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.


 

Гурав. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.


 

Дөрөв. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. Зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээхээр байна.


 

Тав. Оюутолгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, “BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах, менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам.доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтойг мэдэгдэж байна.


 

Зургаа. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна.

 


УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Оюутолгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна гэжээ.   

 

Тэд мэдэгдэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Санхүүгийн маш том луйвар явагдаж байна

-“Оюутолгой”-н төлөвлөгөө нэртэй гэрээнд 57 зүйл заалт тусгагдсан байна. Үүнээс 30 зүйл заалтыг нь харилцан хяналттай хэрэгжүүлээд явах боломжтой. Бүтээн байгуулалтын үйл явцыг түргэтгэх, Монгол Улсын холбогдох хууль тогтоолыг мөрдөж ажиллах шаардлагатай. 27 заалтыг дахиж тодотгох шаардлагатай. Үүн дотроос 5 заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах, монголчууд бидэнд хохиролтой. Ил уурхайн зардал бүгд батлагдсан төлөвлөгөө, ТЭЗҮ-ийн дагуу хийгдсэн, санхүү, тайланд тусгагдсан гэсэн заалт байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь ТЭЗҮ 4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, санхүүгийн тайланг хууль журмын дагуу гаргаагүй. Иймээс 2010 оноос хойш гарсан санхүүгийн тайлангийн нэг нь ч баталгаажаагүй байгаа. Мөн ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар өгөх талаар ойлголт байхгүй гэдгийг бүгд тохиролцсон гэж байна. Үүнийг хоёр тал ойлголцоогүй байгаа.

Өмнөх Засгийн газрын үед ажлын хэсэг гаргаж, Оюутолгой төслийн санхүүд шалгалт хийж 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн юм. Гэтэл үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Бас үүгээр ч зогсохгүй, татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хөрөнгө оруулагч талд олгожээ. Ингэснээр1 тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэх нь. 

 

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд  “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийн мэдэлд байгаа  бүх лиценз,  үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих заалт байна. Ингэхээр бүх эд хөрөнгө санхүүжүүлэгч буюу гуравдагч талд шилжинэ. Энэ нь Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдад хэмжээшгүй эрх мэдэл олгосон байна. 

Өмнөговь аймагт жил бүр 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байна. Орон нутгийг хөгжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж байна гээд байсан. Гэтэл энэ бүхэн нь хүүтэй зээл. Нийтдээ одоогоор үзүүлсэн 62 сая ам.долларын тусламж нь хүүтэй зээл байсан нь илэрлээ. 2022 он гэхэд 62 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хүүгийн хамт 129 сая ам.доллар болгож буцааж төлөхөөр байна. 10 -аад хувийн хүүтэй арилжааны зээл олгочихоод түүнийг тусламж, дэмжлэг гэж биднийг хуурч байна. Оюутолгой төсөлд нтй 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж албан ёсоор мэдэгдэж байна. Үүний 1.1 тэрбум ам.доллар нь тоног төхөөрөмж, технологийн зардалд зарцуулсан байгаа юм. Үлдсэн 6.8 тэрбум ам.долларыг цалин, үйл ажиллагааны зардалд зарцуулжээ. Төслийн удирдлагын институт гэж олон улсын  байгууллага байдаг. Энэ байгууллага 29 оронд хэрэгжиж байгаа  30-аад төсөлд судалгаа хийсэн байгаа юм. Үүндээ бусад төслүүдийн менежерүүдээс Оюу толгой төслийн гадаадын менежер 3 дахин их цалин авдаг. Дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг гэсэн дүн гаргасан байна. Зардлаа энэ мэтчилэн замбараагүй өсгөж байгааг үг дуугүй хүлээн зөвшөөрөөд  байх нь зөв үү. Оюутолгойн төслийн ил уурхайн ажил явагдаж байгаа. Энэ онд гэхэд 2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Түүний 700-аад саяыг нь далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна гэж анх гэрээндээ тусгасан ч одоо биелүүлэхгүй нэмж 6.8 тэрбум ам.долларыг банкуудаас лицензээ барьцаалж зээлэх гэж байна. Туйлд нь оруулж, эдийн засгийг хямруулж, шахаанд оруулж хүсснээ гүйцээх гэсэн санхүүгийн маш том луйвар явагдаж байна. 



УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:Хайгуулын компанийн зардлыг ч хөрөнгө оруулалтын зардалд оруулсан байсан

-Өмнө нь Оюу толгойн санхүүд шалгалт хийх ажлын хэсэг томилсон юм. Энэ ажлын хэсэг нь 24 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Татвар, гааль, санхүү, аудитын гээд мэргэжлийн хүмүүсийг оруулж, Оюу толгой компаниас ч " хүний төлөөлөл орж шалгалт хийхэд 1,8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн юм. Сургалтын зардал, тусламж, дэмжлэгийг ч зээл гэж тооцон хүүтэйгээр бодож явдаг. Тэр байтугай Антрегоулд гээд хайгуулын компанийн зардлыг ч хөрөнгө оруулалтын зардалд оруулсан байсан. Төлөөлөгчийн газар байгуулсан зардлаа ч хөрөнгө оруулалтын зардал тусгасан атлаа байгуулах зөвшөөрлийг ч аваагүй байх жишээний. ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлыг 30.1 хувиар хэтрүүлсэн байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж 73,8 сая ам.долларын "но"той гүйлгээ хийсэн нь баримтаар илэрсэн.300-аад сая ам.долларын  зээлийн үлдэгдлийг буруу тооцож гаргасан ч нотлогдсон юм шүү дээ. Энэ мэтчилэн 1.8 тэрбум ам.долларыг яаж хөрөнгө оруулалтын зардалдаа тусган хэтрүүлсэн бүгдийг дэлгэвэл арай ч дээ, үүнийг зөрчил биш гэж үзэн хэрэгсэхгүй болгож, бууж өгч далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа юу гэж харамсахаар байгаа юм. Монголын ард түмнийг энэ хэрээр өрөнд оруулж, хохируулж байна. Хөрөнгө оруулалтын зардал өсөхийн хэрээр монголчууд түүний 34 хувийг хүүтэй төлөөд, ашиг хүртэх хугацаа тэр хэрээр алсарсаар л байна. Зээлийн хүүг тооцохдоо хүртэл дэндүү. Нэг улирал яваад хүү нь үндсэн төлбөр рүү шилжиж хүүгээс хүү бодоод тооцож байгаа. 


УИХ-ын гишүүн Г.Уянга: Бид 14 хоногийн хугацаатай энэ бүх алдаагаа засах шарадлага тавьж байна

-Ийм зүйл хийснийхээ төлөө Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох нь ч багадна. Өмнөх засгийн үед ажлын хэсэг гарч, ажлын хэсэг ажиллаж байхад Ч.Сайханбилэг ямарч оролцоо байгаагүй. Гэтэл сүүлдээ хөрөнгө оруулагч нөхдүүдийн гэрт нь очиж дайлуулж цайлуулж байгаа сураг гарсан. Тэгээд удалгүй Засгийн газрыг огцруулсан. Санаатайгаар засаг огцруулж Оюутолгойн энэ луйврыг хийх боломж олгосон уу гэсэн хардлага төрж байна. 

Бид 14 хоногийн хугацаатай энэ бүх алдаагаа засч, 5 заалтыг залруулах шаардлага тавьж байна гэлээ. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.