TIMES Ярилцлага


Ш.Сайхансамбуу: УИХ-ын гишүүд, сайд нар нүгэлтэй худалч болж

2 жил, 9 сар TIMES.MN

 

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.


-Та улстөрөөс хөндийрч бизнесээ хийлээ. Ингэж явахдаа  төрөөс хэрэгжүүлж байгаа ажил, гаргаж байгаа хууль тогтоомж амьдралд хэр нийцэж байна гэж харж байна?

-Нийцэх юм алга. Тиймгүй байсан бол өнөөдөр нийгэм ийм бухимдалтай, иргэдийн амьдрал ингэтлээ доройтохгүй байсан. Энийг л зөв шийдэж  гээд хэлчих зүйл олдохгүй байна. Өмнө нь парламентад байхдаа 2009 онд “Оюутолгойгоо тавиад туучихлаа бүтэхгүй гэрээ боллоо” гэж би хэлсэн. Ингэж хэлснийхээ төлөө улстөрчид, нам дотроо ад болсон. 2012 оны сонгуульд чамайг дэвшүүлэхгүй гэж байсан хэлснээрээ  Бага хурал дээр унагаасан. Тухайн үед 2021 оноос ашиг авна гэхэд нь хол байна хугацааг нь найшлуулж 2017 болгохоор тэмцэж байсан юм шүү. Гэтэл өнөөдөр 2021 он байхгүй 2037 он болчихсон явж байна. 2037 он гэхэд Оюутолгойн уурхай байхгүй болно. Нэг кг ч зэс, алт үлдэхгүй. Яг Бороогоулдын замаар оруулчихлаа. 10 жилийн тогтвортой байдлын гэрээ хийгээд 5 жилийн дотор нөөцийг нь шавхаад дуусгачихсан гашуун түүх бий. Энэ гашуун түүх давтагдаж байна. Одоо Оюутолгойн тухай яриад нэмэргүй болсон.


-Гурван жилийн өмнө та нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьж байсан. Энэ ажил нь хэр урагшилж байгаа вэ?

-Их ноцолдлоо, занар, түүхий нефть хоёроор шатахуун үйлдвэрлэдэг үйлдвэртэй болчихъя гээд  4 жил ноцолдлоо. Герман, Хятад, БНСУ-ын их ч олон хөрөнгө оруулагчтай уулзлаа. Овоо ажил урагшилж гэрээ байгуулах энэ тэр болтол  Засгийн газар бужигнаад хойшлохоос аргагүй болдог. Төр засгийн үймээн самуунаас болж мань мэтийн бизнес эрхлэгчид асар их хохирол амслаа. Сүүлийн үед Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нар, УИХ-ын гишүүд нүгэлтэй худалч болж. Бүтэхгүй юм байсан ч бүтнэ гээд гөрдөөд байх юм. Бүтэж байгаа, болж байгаа зүйлийг болиулчих юм.


Уг нь гэрээгээ хөрөнгө оруулагчтайгаа 2014 оны намар зурах байсан, гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод хойшилсон. Шинэ он гарахын өмнө зурах гэтэл бас л Дубайн гэрээний асуудал босч ирээд бас л улстөрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай болоод ирсэн. Ийм иед ямар хөрөнгө оруулагч бидэнд итгэх билээ, ирэх зургадугаар сар болгоод хойшлуулчихлаа. Уг нь 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж байгаа юм. Тийм хөрөнгө оруулалт хийх хүмүүс хууль эрхзүй, улстөрийн тогтвортой байдал, эдийн засгийн баталгаа гээд нэлээд зүйлийг нь харж байж орж ирнэ биз дээ. Хөрөнгө оруулагч нар  улс төрийн амьдрал, засаг төрийн тогтвортой байдал гээд бүхий л талаар судалгаа  хийж байна. Нефтийн үнэ унаж байгаа энэ үеийг ашиглаад ажлаа хийхээд өөрсдийн гэсэн үйлдвэртэй болчихсон бол Монгол улс л хожино. Гурван жилийн хугацаанд бариад ашиглалтад оруулчих бололцоотой юм.


-Худлаа хэлсэн, бүтэж байсныг зогсоосон жишээ дурдаач?

-Хүүхдийн мөнгө, Тавантолгойн нүүрс нийлүлэх гэрээ байна. 2012 онд  шинэ Засгийн газар гарч ирээд 76 доллараар байгуулсан гэрээг хямдхан байна гэж байгаад болиулсан. 150 доллар байх ёстой гээд цамнаад байсан. Дахин гэрээ байгуулахдаа юун 76 доллар 32 доллар болчих шиг болсон.


Өнөөдөр Австрали коксжсон нүүрсээ татваргүй гаргадаг боллоо. Хятадууд агаарын бохирдлыг бууруулахаар гангийн үйлдвэрүүдээ хааснаар  коксжсон нүүрснийхээ хэрэглээг 100-150 сая тонноор багасгана гэж байна. Манай нүүрсний гол хэрэглэгч ингээд ирэхээр мөнгө олох боломж байхгүй болж байгаа юм. Хятадын нутаг дээгүүр давуулан тээвэрлээд Солонгос, Япон руу гаргана гэдэг худлаа. Би олон жилийн бизнесийн туршлагаараа энийг харин нэг хэлж чадна.


-Та парламентын гишүүн байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ярьж байсан. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил бараг шуударч байх шиг байна. Гэхдээ хэр үр дүнтэй байх бол, таны бодлоор?

-2008 онд би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Монгол Улс хоёр танхимтай парламенттай байх хэрэгтэй юм байна гээд төрийн гурван өндөрлөгт ил захидал бичиж сонин хэвлэлд хангалттай ярьсан. Гэвч миний санал намын бүлгийн хурал дээр унасан. Миний 4 жилийн өмнө ярьж байсан асуудал өнөөдөр нэлээд хүчтэй яригдаж байна. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлт  нэг л биш. Амьдралд хэрэгжихээргүй олон тооны билэгдэлтэй зүйл болж хувирсан.


1992 онд Үндсэн хууль батлахад би нийслэлийн засаг захиргааны байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед Монгол Улс гурван толгойтой боллоо. Тааруухан хууль батлагдлаа гэж мэдэрсэн. Залуу байсан болохоор ингэж бодоод л өнгөрсөн. Гэтэл өнөөдөр миний бодож байсан зүйл биеллээ олж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван толгойтой. Засаг захиргааны хуваарилалтаасаа шалтгаалан төр засаг нь хямарсан байдалд хүрлээ.


Үндсэн хуулийн ойгоор Гомбожав гуай “Төрийн гурван өндөрлөгийн засаг захиргааны хуваарилалт дээр л 60 хоног маргасан юм. Үндсэн хуульд багтсан бусад заалтуудыг 7 хоногийн дотор хэлэлцэж тогтсон. Хоёр танхимтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэж 60 хоног маргаад хамгийн муу хувилбарыг авсан” гэж байсан юм. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ганц нэг гишүүн яриад хийчихдэг зүйл биш. Болдог бол Ерөнхийлөгч энэ ажлыг гартаа аваад Үндсэн хуулийг батлалцсан, хуулийн гол тулгуурыг бий болгосон хуульчдыг нэгтгээд ажиллах хэрэгтэй.  


Өнөөдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн тэдийн тэдэд заасан бүрэн эрхийнхээ дагуу гээд асуудлаа оруулдаг. УИХ-ын дарга, Ерөнхий сайд мөн адил. Гурвуулаа бүрэн эрхээ эдлэнэ гэсээр байгаад өнөөдөр төрийн хямрал бий болчихоод байна.


- Ер нь МАН-ынхан ажил хийлгэхгүй засаг төрөөр тоглож байна гэж АН-ынхан гомдоллодог. Та хөндлөнгөөс хараад юу гэж бодож байна?

 - Шуудайд хийсэн үхрийг эвэр шиг л Ардчилсан намынхан өөрсдөө учраа олохгүй байна. Дарга нь фракцигүй нам гээд зарладаг. Араар нь фракциудын тэмцэл нь  улам ширүүсч байна. Үүн дээр сөрөг хүчин тоглолт хийхгүй яадаг юм.  АН дотроо эв нэгдэлтэй, нэг удирдлагаараа явдаг бол сөрөг хүчиндээ дээрэлхүүлэхгүй байх байсан.


МАН ч гэсэн  өмнө нь 46 суудалтай ялчихаад АН-тай хамтарсан Засгийн газар байгуулаа биз дээ. Долдугаар сарын 1-ний үйл явдалдаа бантаад ийм алхам хийсэн. Ер нь сүүлийн 3 сонгуулийн үр дүнгийн дараа энэ хоёр нам хамтардаг. Тэгэхээр улс орны эмх замбараагүй, эдийн засгийн доройтол, иргэдийн амьжиргааны түвшин доройтсон гээд бүгд АН, МАН-тай шууд  хамаатай. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Хөдөө орон нутагт очиход эгэл малчин хүртэл хэлж байна. Ард түмэн тэнэг биш, сайн муу, саарыг ялгахтайгаа байгаа шүү. Ийм байхад  телевизийн камерын өмнө худлаа ярих, жүжиглэх хэрэггүй.


-Та УИХ-ын сонгууль нэр дэвших үү. Бие даан нэр дэвшиж магадгүй гэсэн яриа сонсогдсон?

-УИХ-аас баталсан Сонгуулийн хуулиар бие даагч “машиндуулах” юм билээ. Хар машинаас сугарч гарч чадахгүй. Тиймээс бие даагч нараас эхнээсээ нам бараадаж байна.


-Ямар заалтууд нь хатуу гэж?

-Бие даагчийг дугуйллаа гэхэд давхар нам дугуйлаагүй бол саналын хуудсыг нь хүчингүй болгоно л гэнэ. Ганц бие даагч хоёр намын хавчлагад орох юм билээ. Сурталчилгааны хугацаа нь 17 хоног гэсэн үү. Шинэ хүн бол танигдаж ч амжихгүй санал авах өдөртэй тулна. Нэг ийм үг байдаг шүү дээ, “1990 оноос өмнө чонын аманд давхиж явсан, 1990 оноос хойш хоёр барын аманд орж сэгсрүүлээд тамирдчихлаа” гэж... Ядахдаа ард түмэн 2 хуваагдчихсан. 1990 оноос өмнө нэг намын дарангуйлалд байсан бол түүнээс хойш хоёр намын дарангуйлалд орж ард түмнээ  хоёр хуваачихлаа.  Дотроо үзээд л байдаг. Телевизээр харахаар хоёр намын нөхөд жигтэйхэн улстөр хийгээд  хэрэлдээд үнэмшилтэй жүжиг тоглоод л байдаг, цаагуураа анд найз худ ураг, түрийвч нэг. Хуулиа батлахдаа эрх ашгаа нэгтгээд байдаг  байхгүй юу.


-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад таван сар гаруйн хугацаа л үлдлээ. Өнгөрч буй хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хэр зөв шийдвэртэй сөрөг хүчин байж чадсан гэж та харж байгаа вэ?

-Сөрөг хүчин байж чадаагүй. Сөргөх нь битгий хэл Засгийн газарт орж, 8 сар яваад эцэст нь хөөгдөж шившиг болоо биз дээ.


-Засгийн газарт орохыг нь та анхнаасаа дэмжээгүй байх нь ээ?

-Юу гэж дэмжиж байдаг юм. Шал тэнэг. Засгийн газарт орсноос болоод намын рейтинг 10 хувиар унасан. Дараа нь хөөгдөөд зарим нь “Болоогүй байхад гаргалаа” гэж уйлаад л...


-Бага хурлаа зарлан хуралдуулаад л Засгийн газарт хамтрахаар шийдсэн. Улс орны эрх ашгийг бодож хамтарлаа л гэсэн?

-Өөрсдөө Засгийн газарт орох гэж горилж жүжиг зохиохгүй юу. Санал асуулгад явж байсан нөхдүүд нь сайд, дэд сайд болчихсон тууж явсан. Би өөрийнхөө намын зохиолыг мэдэлгүй яахав дээ. Манай намын дарга өөрөө аядуу зөөлөн хүн. Чанга гараар гишүүдээ барьж чаддаггүй. Баръя гэхээр “Огцруулна” гээд айлгаж байгаа.  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын дарга байхад нь ямар ч шалтгаангүйгээр огцруулсан. Гэтэл өнөөдөр юу болж байна, намыг хоёр хуваасан У.Хүрэлсүх, Сү.Батболд гэх мэт хариуцлага хүлээнэ гэсэн хүмүүс хаа байна. Буцаад Удирдах зөвлөлд ороод ирлээ шүү дээ.


-Сүүлийн үед МАН, МАХН хоёр нэгдэх цаг нь болсон гэсэн байр суурьтай гишүүн олон боллоо. Их мөрөн шалбаагтай нийлдэггүй юм аа гэж ярьж байсан Ц.Нямдорж гишүүн одоо нэгдэх хэрэгтэй гэх?

-Ардчилсан нам эрх барьсан энэ өнгөрч буй гурван жилийг хараад Ц.Нямдорж гишүүн аргаа барж л  үг хэлж байна лээ дээ. “Чөтгөр шулам ч байсан нэгдэхээс өөр замгүй боллоо. Тэгж байж эд нараас салдаг арга байна уу” гэж... УИХ-ын гишүүн Г.Уянга аргаа бараад аавд нь захиа бичлээ гэдэг шиг л юм байхгүй юу. Би аргаа бараад салаавч өгсөн. Юм хэлээд ойлгохгүй улсуудыг чинь яах юм. Хүн аргаа барахаараа тэгдэг юм билээ.


Дубайн гэрээ яаж зурагдсаныг бид мэдэхгүй. Гол юм нь гэрээнд байдаггүй байхгүй юу. Ерөнхий л юм байдаг. Зөвхөн гэрээ байгуулсан, гол дүрд тоглосон хүмүүс л мэддэг. Одоо 4.1 тэрбум доллар орж ирнэ гээд л байгаа.  Манайд шууд ороод ирэх хөрөнгө оруулалт биш. Яах вэ?,  хэдэн компанид ажлын байр олдох нь олдох л байх. Ганц нэг тендэрээс нь УИХ-ын гишүүн авч юм хийх л байх. Бид юу хүсч байна вэ гэвэл олборлож байгаа алт, мөнгө, зэс молибденээс ашиг авъя л гэсэн.  Би УИХ-ын гишүүн байхдаа тэрний төлөө л тэмцсэн. Харин хөрөнгө оруулагчид ашгийг нь зугатаалгадаг байхгүй юу. Оруулж ирсэн бүтээгдэхүүн тэр бүгдээ хөрөнгө оруулалт гэж нэрлээд толгой эргүүлдэг. Удахгүй орж ирнэ гээд 4.1 тэрбум бага байна, дахиж нэмж авахаас аргагүй боллоо л гэнэ. Тийм юм л ярина шүү.


Анх Оюутолгойн гэрээг байгуулж байхад буюу 2009 онд хөрөнгө оруулалтын зардал 1.5 тэрбум ам.доллар л гэсэн. 2.5 тэрбум ам.доллар болсон. Сүүлдээ юу болсон билээ, монгол хүн хянаад өр төлбөр гаргаад иртэл ажилгүй болгосон.


-Та УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойн гэрээг судлах ажлын хэсгийг ахалж байсан. Тэр үед гэрээг судлахад шаардлагатай материалаа Оюутолгой компани хангаж чадаж байсан уу. С.Ганбаатар гишүүн өгөхгүй байна гэж яриад байдаг?

-Тэр үед “Оюутолгой”-нхон гэрээг англиар авчраад өгчихсөн. Мэдээллийг нь сайн өгдөггүй л дээ. Геологийн хэлээр биччихсэн англи гэрээг уншиж яг харагдаач. Тэгээд буцааж өгч орчуулуулж авч байсан. Гол юмыг нь орчуулсан ч алдсан. Одоо бол Оюутолгой ордын ашиг яриад нэмэргүй. Би бодож байгаа, өрөнд бага шиг ороод эвтэйхэн салъя гэвэл ордыг нам хаачихмаар л юм шиг байна лээ. Даанч одоо Дубайн гэрээгээр энэ боломжийг нь хаагаад хаячихсан л даа.  Ухаад байх тусам л бид өрөнд орж байгаа шүү.  


-УИХ Эрүүгийн хуулийг баталсан. Та өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Эрүүгийн хуулийг шинэчлэх төсөл санаачилж байсан. Хэр боломжийн хууль батлагдсан гэж харж байгаа вэ?


-Тухайн үедээ би УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/-той Эрүүгийн хууль санаачлаад явж байсан. 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Жилийн дараа Ц.Элбэгдорж гишүүн маань Ерөнхийлөгч болчихсон. Би ганцаараа үлдчихсэн. Төслөө боловсруулсаар УИХ-д өргөн барьтал бүрэн эрхийн хугацаа дууссан.


Х.Тэмүүжин гишүүн, Д. Дорлигжав сайд, Ерөнхийлөгч бас зүтгүүлсэн болов уу, Эрүүгийн хууль батлагдлаа. Давтан гэдэг аюултай үгнээс болж иргэд олон жилийн ял авдаг байсан. “Давтан” гэдэг үгийг хасаарай гэж Х.Тэмүүжин гишүүнээс их олон удаа гуйсан. Их аятайхан хөнгөлөлттэй заалтууд орсон. Одоо дагалдах хуулиудыг батлах ёстой.  УИХ энийгээ бүрэн эрх дуусахаасаа өмнө батлах ёстой.  Өмнөх парламентын үед ярьсан зүйл саяхнаас л биелэлээ оллоо.


-“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан дүгнэлт гарсан уу?

-Цахилгаанаас гарсан гээд явж л байдаг. Худлаа гарсан л даа, дүгнэлт. Сайхансамбууд тохчих нь амар байхгүй юу. Хэрэг хийсэн хүнийг нь олно гэхээр нэлээн ажил болох байх. Бидний хувьд таамаглаж , сэрдэж байгаа хүн бий л дээ, гэхдээ хэрэг хуучрахгүй яваандаа гаргаж ирэх л байх. Би ямар ч байсан ажилгүй болсон, хохирсон хүмүүстэйгээ гэрээ хийгээд хүнсний захаа буцаагаад баръя, та хэд 2 жил тэсч бай, ажлын байрыг чинь хадгалж байя гэсэн. Хэлсэндээ хүрсэн, барьсан. Манайд хуучин 400-гаад хүн байсан бол одоо бол 980 болж, хоёр дахин өссөн. 1000-аад хүн ажлын байртай болж байна. Шинэ худалдааны төвийг  улсын комисст хүлээж аваад түрээслэгч, худалдаачид маань ажлын байраа хүлээж аваад удаагүй байна.


-Том ажлын ард та гарчээ. Зарим хэвлэлээр Сайхансамбуу шинэ захаа бариад үнэтэй зарж байна их баяжиж байна гэж бичсэн байна лээ?

-Шинэ  худалдааны төвөө барихдаа хэдэн төгрөг зарцуулав гэж асуухын оронд хэдээр зарж байна, баяжижи байна уу гэх юм. Би захаа шатаалгачихаад эрсдлээ үүрээд 30 тэрбум төгрөг гаргаад дахин босголоо. Талбайн хэмжээнээсээ хамаараад 500 сая, 1 тэрбумаар авч байгаа хүн бий. Би барилгаа барихын өмнө зарласан. Оролцох хүн байвал урьдчилгаа төл гэж. Олон ч хүн урьдчилгаа төлсөн байсан юм.


Ер нь ч одоо би ганцаараа энэ захтай ноцолдохоо болъё гэж бодож байгаа. Нас сүүдэр явлаа. Залуу байхдаа зүрхтэй, зоригтой ч байж. Түрээсээр нь зохицуулаад олон мянган хүний бараа таваар идэж уух юмны үнийн өсөлтийг би 21 жил барилаа.


21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс иргэд ирж бараагаа татдаг. Нэг ёсны хангамжийн том сүлжээ болсон. Харахад замбараагүй л юм харагдах байх. Гэхдээ манайхаас ирж хэрэгцээгээ хангадаггүй сум гэж байхгүй. Манай наймаачид 10-12 хувийн ашиг нэмж л зардаг. Одоо шинэ худалдааны төвдөө хуучин түрээслэгчдээ оруулсан. Шинээр орж ирэх наймаачдад ажлын байрыг нь худалдаж байна. Ингэснээр бизнес эрхлэгч нарын ажлын байр баталгаатай энэ худалдааны төв жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын өмч болж байгаа юм. Ямар боловч би хэлсэндээ хүрч өмнөхөөсөө хэд дахин илүү орчин үеийн, агааржуулалт, харуулт хамгаалалт, аюулгүй байдал нь хангагдсан ажлын байрыг нь барьж өгсөн.


-Та задгай захаа битүүлэх үү?

-Битүүлбэл юмны үнэ л өснө. Би өөрөө мэдэлгүй дээ. Цаад худалдан авагч нь ямар хүмүүс байгаа вэ гэдгийг мэддэг учраас задгай байлгаж байгаа. Битүүлчихээр түрээслэгч дийлэхгүй болчихно. Цахилгаан, дулаанд асар их хөрөнгө урсдаг юм.  Даарах үе бий. Би Дэнжийн мянгын зах дээр 8 жил наймаа хийсэн хүн болохоор наймаачдынхаа жаргал зовлонг бүгдийг мэднэ. Гол нь арванхоёр, нэгдүгээр сар л байдаг юм. Энэ сарыг авчихаар болоод л явчихна.


-Задгай талбайн түрээс нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Талбайнхаа хэмжээнээс хамаарч 30.000-60.000 төгрөгийн хооронд байгаа. 10 мянгых ч бий. Манай зах дээр байгаа наймаа тохиролцоогоор л явдаг. Хатуу үнэ тогтоодоггүй. Доошоо нэлээн сайн буудаг шүү дээ.


-Та олон жил бизнес эрхэллээ. Улстөрд ч хүчтэй орж ирсэн хүний хувьд  өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл яавал монголчууд эдийн засгийн хүндрэлээс гарах вэ. Та ямар боломжийг олж харж байна?

-Бид газрын доорх баялгаа 25 жил эрчимтэй ухлаа тэглээ гээд нөгөө хүсэж мөрөөдөөд байсан хөгжилдөө хүрсэнгүй. Харин ч хэдэн сайхан хангай, уул усаа үгүй хийлээ. Иргэдийн амьдрал дордлоо. Гаднаас зээл авч хөрөнгө оруулалт хийж үзлээ. Монголчуудын хувьд ямар ч үед хэрэглээ, зах зээл нь буурахгүй нэг салбар байгаа нь мал аж ахуй. Мал аж ахуйгаа түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргах. Шавхагдахгүй баялгаа ашиглаж байж монголын эдийн засаг тогтвортой сэргэх болно гэж хараад байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээлд дээр уул уурхайн түүхий эдийн ханш эрчимтэй унаж байна. Улс орнууд эдийн засгийн хүндрэлд орж байна. Түүхий эдийн ханш гэдэг мөнхийн биш юм. Харин  монголчуудын үе дамжин маллаж ирсэн мал аж ахуй л эдийн засгийн гол аврагч байх болно.


Б.Санчир





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.