TIMES Ярилцлага


Б.Халиунаа: "Ариг" банкинд дотоод үл ойлголцлоо яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгаварыг өгсөн

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Б.Халиунаагаас доорх тодруулгыг авлаа.

Монголбанкнаас “Хариуцлагатай харилцагч-хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аян нь бусад аянаас ямар онцлоготой вэ?

Монголбанкны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм. Харилцагчийн эрх ашгийг хамгаалахын тулд Монголбанк хэрэглэгчийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, банкуудын үйл ажиллагааг илүү ил тод болгох арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Иймд энэ аяны хүрээнд банкны харилцагчид өөрийн хадгаламжийг хэрхэн эрсдэлээс хамгаалах, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаарх мэдээллийг түлхүү хүргэх тал дээр ажиллах болно.   

Дашрамд сонирхоход, нийгмийн сүлжээнд “Ариг” банкны үйл ажиллагаатай холбоотой тодорхойгүй мэдээлэл цацагдаж байгаа нь харилцагчдынх нь хувьд тус банкиндаа үл итгэх байдал үүсгэж магадгүй шүү дээ. Тус банкны талаар тайлбар өгөх боломжтой юу?

“Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй,  Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа хийж чадахгүй, банкны зохистой засаглалын зарчим алдагдаад байгаа нь олон нийт анхаарлыг татаад байх шиг байна.

Иймд тус банкинд учирч буй дээрх эрсдэлийг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцэн Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Ариг" банкинд Банкны тухай  хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар  маргаантай асуудлаа яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан даамжрах, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно. 

Тэгвэл үүнээс гадна “Капитал” банк татан буугдсанаас хойш банкны үйл ажиллагаатай холбоотой эргэлзээ үүсгэхээр үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд цацагдаж байсан шүү дээ. Тиймээс харилцагч бодит мэдээллийг яаж олж авах тухай  зөвлөнө үү.

Монголбанкнаас банкуудад санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлага тавьдаг. Мэдээллийг олон нийтэд ямар загвараар, ямар давтамжтай мэдээлэх талаар тусдаа журам байдаг. Тухайлбал, банкууд хувьцаа эзэмшигчдийнхээ мэдээллийг цахим хуудсандаа байршуулах ёстой. Хэрэв банкны хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хүртэл задалж харуулах үүрэгтэй. Түүнчлэн банкууд өөрийн санхүүгийн хураангүй тайланг улирал бүр, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийг сар бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.  Иймд харилцагч үйлчлүүлэх банкаа сонгохдоо цахим хуудсаар нь дамжуулан шаардлагатай мэдээллийг авсны үндсэн дээр сонголтоо хийх нь зүйтэй. Монголбанкнаас тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


eros bankni ajiltan bn da