LIVE


АН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн саналаар батлах нь зүйтэй

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох, засгийн эрх ард түмний эрх мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн түүхэн ололт, амжилтад хүрч чадсан билээ.

Ардчилсан Үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын гишүүдийн 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг Ардчилсан нам дэмжсэн хэвээр байна.

Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна.

Үүнд:

Нэгдүгээрт: Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох,

Хоёрдугаарт: Төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,

Гуравдугаарт: Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах, Хэрэв дээрх санал, санаачлагыг хүлээж авахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн олонхиор хүч түрж батлах оролдлого хийх аваас бид зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэлээ




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног [66.181.161.48]


АН-ийн агуу тэнэг буюу өөрсдийн өчүүхэн эрх ашгаа хамгаалсан бэртэгчин бодлого Ерөнхийлөгчийг хэзээ ч ИХ-аас сонгож болохгүй