Аналитик


Байгалийн цацраг, Ионжуулагч цацраг, түүний хамгаалалт

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Хавар бүр сакура цэцэглэхийг харах, бүтэн жилийн энергиэ хуримтлуулахаар Хамрын хийдийг зорих цуваа үргэлжилнэ. Дорноговь аймгийн Сайншанд хотоос холгүй орших Энергийн төв гэж нэрлэгдэх энэ газарт очихдоо ч байгалийн цацрагт өртөж байдаг   гэвэл итгэх үү... Байгалийн цацраг ихтэй энэ газарт ч, Улаанбаатарт ч тэр үнэндээ бид өдөр бүр цацрагийн нөлөөнд өртдөг. Тэр бүү хэл, таны одоо сууж буй байшингийн чулуунаас ч цацраг ялгарч, та түүний нөлөөнд өртөж байгаа.


Олон улсын цацрагаас хамгаалах хорооны дүрэмд зааснаар хүн нэг жилд дунджаар 1 миллизиверт тун авахыг хэвийн гэж үздэг. Бид Ази тивд байх газар нутаг дээрээ амьдарч байхдаа жилд дунджаар 1-2 миллизиверт цацрагийн тунгаар шаруулдаг бол Бразилийн Гуарапари эсвэл Ираны Рамсар хотод амьдардаг хүн жилд 80 миллизиверт  цацрагийн тун авдаг байна. Хамгийн гол нь, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор цацрагийн тунгийн хэмжээ нэмэгдэх, цацрагийн шарлагын тунг хянахгүй байх үед шаардлагагүй цацрагийн шарлага авах магадлал өсдөг байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт эмчилгээ оношилгоонд цацрагийг их хэмжээгээр ашигладаг. Цээжний зураг авахуулахад 0.1, компьютер томограф хийлгэхэд 1.5 миллизиверт цацрагийн тун ялгардаг аж. Зарим үед үүнээс ч их хэмжээтэй цацрагаар шарах тохиолдол ч бий. Бүсгүйчүүд хөхний зураг авахуулахад 3 миллизиверт цацрагийн тун авч байхад компьютер скайнер ажиллуулж буй техникчийн хувьд жилд 10 миллизиверт тун авдаг байна.


Ионжуулагч цацраг нүдэнд харагддаггүй тул хүмүүс буруу ойлголттой байдаг байна. Уран олборлолтын аргуудыг хүний амь насанд халтай хэмээн таамагладаг нь ташаа ойлголт. Бид мэддэггүй зүйлийнхээ талаар хэтрүүлж төсөөлдөг нь байгалийн жам гэлтэй. Гэхдээ дараах баримтуудаас бага ч гэсэн зөв ойлголт авч болохоор... 


Тухайлбал, газрын доор уусгах аргаар уран олборлож буй уурхай нь ажилчид, ойр орчимд амьдарч буй иргэд болон тус салбарын бус хүмүүсийн авах байгалийн цацрагийн хэмжээг нэмэгдүүлдэггүй онцлогтой. Ураны уурхай ажиллуулах зөвшөөрөл авах хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудаас харахад газрын доор уусган олборлох байгууламжийн ойролцоо оршин сууж буй хүн амын авч болох цацрагийн нэмэлт тунгийн хэмжээ ОУ-ын дүрэмд заасан 1 миллизиверт/жил хэмжээнээс хавьгүй доогуур байх магадлалтай гэж дүгнэжээ. Тунгийн үнэлгээний тооцооллыг байж болох хамгийн муу нөхцөлд төсөөлсөн ч маш бага гарах бөгөөд байгалийн цацрагийн тунгаас хэтэрдэггүй байна.


Ураны уурхайн бүтээгдэхүүн болох байгалийн ураны концентрацын /шар нунтаг/ цацраг идэвх нь бага байдаг. Урантай ажиллах үед тулгарах эрүүл мэндийн гол эрсдэл нь тухайн бүтээгдэхүүний химийн шинж чанартай холбоотой. Гэсэн хэдий ч урантай шууд ажилладаг хүмүүсийн хувьд цацрагийн нөлөөнд өртөх эрсдэл бусад хүнийхтэй  харьцуулахад мэдээж өндөр. Тиймээс ажлын байранд тулгарах эрүүл мэндийн бусад аюул ослын нэгэн адил эрсдэлийг хянаж, удирдах нь зайлшгүй шаардлагатай.


Манай улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн 1975 онд гаргасан олон улсын зөвлөмжийг баримтлан ажилладаг бөгөөд үүнд тавих хяналтыг Цөмийн Энергийн Комисс (ЦЭК) болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ) хамтран зохицуулдаг. Энэхүү зөвлөмжид дурдсанаар цацраг идэвхт материалтай харьцан ажиллаж буй ажилчдын хувьд (эрүүл мэндийн салбар, эсвэл уран олборлолтын салбар) авч болох цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 20 мЗв/жил байдаг байна.


Монгол Улсын уул уурхайн салбарт хяналт тавьдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг эрх бүхий байгууллагууд нь ажилчдын аюулгүй байдлыг хангасан хатуу чанд арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг компаниудаас шаарддаг. Олборлолтын үйл ажиллагаа явуулахын өмнө хийж гүйцэтгэсэн хэмжилт, судалгаануудаас үзэхэд, газрын доор уусган олборлох аргаар уран олборлох үед нэмэлтээр авч болох цацрагийн тун нь жилд дунджаар 2 миллизиверт, хамгийн ихдээ 4.5 миллизиверт байгаа нь олон улсын дүрэм журамд заасан нэг хүний 20 мЗв/жил гэх тунгийн хэмжээнээс ч хавьгүй бага болохыг харуулж байна.

 

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:


-       Хүүхдийн угж, тоглоом, живхийг цөмийн технологийн тусламжтайгаар ариутгадаг.

-       Нийслэл хот орчимд хүн жилд дунджаар 1.5 миллизиверт шарлагын тун байгалиас авдаг бол Хамарын хийд, Сайншанд хотын орчимд энэ нь 0.8 миллизиверт байдаг.

-       Археологийн түүхэн дурсгалт, ховор олдворуудын насыг тогтоохдоо зарим урт наст цацраг идэвхт изотопуудыг ашиглаж байна.

-       Хавдраар өвчлөгчдийн 60 хувийг цацрагаар эмчилдэг. Цацрагийн технологийн тусламжтайгаар өндөр хүчин чадалтай томографын багаж оношилгоонд хэрэглэснээр эд эрхтний зургийг өндөр нарийвчлалтай гаргаж, өвчнийг оношлох өргөн боломж нээгдсэн юм.

 

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхийг ашигладаг зургаан салбар байдаг тухай Цөмийн Энергийн Комиссоос мэдээлсэн байдаг. Эрүүл мэндийн салбарт хамгийн түгээмэл ашиглаж байна.


ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД

-       ЭРҮҮЛ МЭНД

-       ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ

-       ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ

-       ШИНЖЛЭХ УХААН, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ

-       БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛАЛ

-       АЖ ҮЙЛДВЭР зэрэг салбарт цөмийн технологийг хэрэглэж байна.

 

Г.Дондог

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.