Нийгэм


"Сургагч багш"-ийн гэрчилгээ гардууллаа

1 сар TIMES.MN

Барилга, хот байгуулалтын яам ”Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн 2-р үе шатны төслийн хүрээнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, хуулийг дагалдан батлагдах дүрэм, журам боловсруулахад оролцсон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг сургагч багшаар бэлтгэн, 34 сургагч багшид “СУРГАГЧ БАГШ” ийн гэрчилгээг гардууллаа. 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шатны төслийн багийн зөвлөх Нагаяма Кацүхидэ нар сургагч багш нарын гэрчилгээг гардуулав. 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Хот төлөвлөлтийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлыг гардан хийхэд мэргэшсэн сургагч багш нарын үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж, сургагч багш нарт амжилт хүсэж, баяр хүргэлээ. 

     Барилга, хот байгуулалтын яам нь хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг тогтвортой хөгжүүлэх чиглэлд  үр дүнтэй ажиллаж ирсэн юм. 

 “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа”-ны  төслийг 2007-2009 онд хэрэгжүүлж, судалгааны үр дүнг үндэслэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулан 2013 онд Монгол Улсын Их хурлаар баталсан юм. Түүнчлэн 2010-2013 онд хэрэгжүүлсэн ”Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 1 дүгээр үе шат”-ны төслийн хүрээнд хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж 2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг Улсын Их хурлаар батлуулаад байна. 

Мөн 2014 оноос хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн үр дүнд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, 2016 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлуулав. 

Үүний зэрэгцээ ”Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат”-ны төслийг 2015-2018 онд хэрэгжүүлсэн бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдах дүрэм, журам, заавар боловсруулах, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлээд байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.