Аналитик


Хоёр нүүртэй улстөрчид

3 жил, 11 сар TIMES.MN

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Маргааны сэдэв болж, талцуулж байгаа  Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэх асуудал дахиад л сунжирч, ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл хүлээлтийн байдалд шилжив. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцүүлсэн ч эцэслэн шийдэлгүй  тарцгаасан. Намрын чуулган эхлэнгүүт УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудыг  гацааж, ажлаа  боловсон” бойкотоор” эхлүүллээ.


Алдаж эндсэн иргэнээ төр өршөөхөө мэдэгдсэн бол улстөржүүлээд, байр сууринаасаа ухраад, хойшлуулаад байх ёсгүй. Энэ хуулийг хэрэгжиж эхлэхийг 1700 хоригдол, түүний гэр бүл, ар гэрийнхэн хүлээж байна. Түүнээс гадна Цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянган орчим хүн  чих тавин чагнаж буй.

Өнгөцхан харахад гэм хийсэн хүнийг өршөөж байгаа мэт боловч цаад өргөн агуулгаараа улс орны эдийн засагт ч хамаатай асуудал юм. Үнэндээ сүүлийн жилүүдэд  эдийн засаг явахаа болилоо. Юм л бол барьж, хорьж, хянаж,шалгадаг нь  дэндлээ гэцгээж байгаа.  Албан ёсны судалгаагаар 11 мянган компанийн захирал цагдаа, АТГ-ын атганд байна. Энэ хүмүүсээ чөлөөлж, гав гинжнээс нь суллан, аж ахуйн нэгжүүдээ дарамтаас гаргаж, эдийн засгаа босгоё гэж ярьцгаад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргаж, дагалдуулан  Өршөөлийн тухай хуулийг батласан гэдэг. Гол хууль нь асуудалгүй хэрэгжээд, хавсралт хууль нь өнөөдрийг хүртэл парламентын босгыг давж чадахгүй дуншиж байна.

МАН-ынхан эдгээр хуулиудыг батлахыг хамгийн их ярьцгааж, шаардаж байсан атлаа хэлсэн ярьсан нь үйлдэл дээр зөрөлдөөд явчих юм. Тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хоёр нүүр гаргах нь дэндэв. Улстөрчийн ой санамж ийм богинохон болчихоор тууштай байдал, тогтвортой ажиллагаа гээч алдагдах нь аргагүй. Өнөөдөр хэлснээсээ маргааш буцаад байхаар ажил гавихгүй, гацдаг аж.

Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өршөөлийн тухай хуулийг хурдан гаргая. Өрх толгойлсон эхчүүд, алдаж оносон эцгүүд, халтирч гишгэсэн залуус, анх удаа санамсар болгоомжгүйгээс хэрэгт орсон олон хүн хүлээж байна. Ингэж хүлээлгэж болохгүй” гээд горимын санал гаргаж байлаа.

                       

 Гэтэл 2015 оны 9-р сарын 8-нд хэлсэн энэ үгээ өнөөдөр санаатайгаар мартжээ. Учир нь үүнийхээ эсрэг агуулгатай тайлбар хийгээд ажлын тав хоног завсарлага авлаа гэж мэдэгдсэн юм. Дөнгөж уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх анхны хэлэлцүүлэг дээр ингэж гацаачихаар цаашид тодорхойгүй хугацаагаар сунжрах нь гарцаагүй боллоо. Ингэж гацаасаар, хойшлуулсаар нөгөө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн энэ оны 12 -р сарын 31 хүртэл хүчинтэй гэсэн  хэрэгжих хугацаа  дуусах бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өмнө нь “Ингэж өдөр хоног алдах тусам хүмүүсийг илүү хугацаагаар хорих асуудал гарч ирээд байгаа. Өршөөлөөөр суллах ажиллагаа нэг сар үргэлжилдэг. Үүнийг хурдавчлах хэрэгтэй.  Өвлийн хувцас тавьж өгөх ч шаардлага гарна. Тэмээн дээр ямааны гарз гэгч болно” гэж загнаж байсан бол бүлгийнхэн нь энэ удаад хойш татахад  дуугарсангүй.  

Энэ байдалд гайхширсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “УИХ-ын эрхэм гишүүд ээ, төрийн түшээд ээ. Хүний эрхийн асуудал байна. Хэдхэн хоногийн өмнө матрын нулимс унагаад л өчнөөн хүн хүлээж байна гээд байсан. Одоо болохоор ямар нэг шалтаг олоод хойшлуулах гэх. Хууль зүйн байнгын хороо 20.00 цаг хүртэл хуралдаж, асуудлаа ярьсан. Өвөл хүйтэн болж байна, хүмүүсээ чөлөөлье. С.Бямбацогтоо чи шахалт дарамтад ороод байгаа юм уу. Хэдүүлээ ажлаа хийе л дээ”  гэж учирлаж байхав дээ.

Намрын чуулганы эхний өдрүүдийн өнгийг  харахад улс орны   чухал асуудлуудыг  хэлэлцэхээр  оруулахад гацаалт, бойкотод л илүү нэрмүүлэх шинжтэй. Энэ нь сонгууль ойртсны дохио биз ээ. 

С.Баяр “Сөрөг хүчин хяналтаа тавих биш хяхалтаа чангаруулдаг. Чиний амжилт үзснээс   нийтийн уналт үзсэн дээр” гэж ханддаг гэж тодорхойлсон үнэний ортой юм даа.

Х.Тэргэл 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.