Улс төр


Н.Батбаяр:Яамдын тоог багасгаж есөн яамтай болгохоор ярилцсан

4 жил, 3 сар TIMES.MN

 Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахалж буй. Тус ажлын хэсэг өнөөдөр АН-ын бүлэгт мэдээлэл хийлээ.


Ажлын хэсгийн ажлын явц ямар байгаа болон Үндсэн хуульд хийх өөрчлөлтийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяраас ийм тайлбар өглөө. Тэрээр " УИХ-ын даргын захирамжаар батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласныхаа үр дүнд бүлгүүдэд эхний ээлжийн саналаа танилцуулж байна. Манай ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй .  Парламентад суудалтай бүх намын төлөөл орсон. Анхны үндсэн хууль батлалцсан долоон гишүүн орсон. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдаж, 30 гаруй судалгаа хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш хариуцлагатай ажил учраас ултай суурьтай судалгаа хийсэн байх ёстой гэж үзэж байгаа. 

Дэлхийн 25 улс дээр судалгаа явуулж үзлээ. Үндсэн хууль гэдэг тухайн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хэл соёлыг баталгаажуулахаас гадна төрийн байгууллагын уялдаа холбоог хангахад чиглэгдсэн байдгийг анхаарч үзлээ.

Харамсалтай нь манай улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш олон Засгийн газар огцруулсанбайна. Бусад орнууд төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай байж хөгждөг юм байна. Тухайлбал АНУ 200 гаруй жилийн түүхэнд 44 Ерөнхийлөгч сонгосон. Ингэхдээ ганц хүнд л огцруулах талаар яригдсан. Тиймээс бид төр засгийн тогтвортой байдлыг хангах  тал дээр анхаарч байна. 

Мөн намаар талцаж байгаа байдал газар авч байна. Хүнийг чадвараар нь бус намын харьяа, хандив өгсөн байдлаар нь үнэлж байна. Үүнийг засах хэрэгтэй. Монголчууд цөөхөн гэтэл намаар хуваагдаад байгаа нь буруу. Тэр тусмаа орон нутгийн сонгууль хийж, 3,000 хүнтэй газар танай манай гээд байх нь зохимжгүй байна. Орон нутгийн сонгуульд нам оролцдогийг болиулж, сумын Засаг даргаа шууд сонгодог болъё гэсэн асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, намаар талцдаг ажлыг хязгаарлах юм.

Монгол Улс нүүдлийн болон суурьшмал соёл иргэншилтэй. Гэтэл Үндсэн хуульдаа хотын асуудлыг орхигдуулсан. Энэ нь Улаанбаатар хотод төвлөрөл бий болох үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа. Тиймээс хотуудын статусыг сэргээх нь зөв гэсэн үндсэн гурван чиглэлийн асуудлаар ярьж байна. 

Шинэ Ерөнхий сайд гарах бүрд Засгийн газрын шинэ бүтэц бий болдгоос бүх байгууллагууд нь өөрчлөгддөг. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Яамдын тоог багасгаж есөн яамтай болгохоор ярилцсан.  Шинэ Ерөнхий сайд гарч ирэх боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгддөг байдлыг хязгаарлаж төрийн албыг  тогтвортой болгох юм. Намаар талцаж, элдэв асуудал үүсдэгийг эрх зүйн хувьд хязгаарлах юм" гэжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.