Нийгэм


А.Лхагва: Багш хүн сэтгэл зүрхээ ажилдаа зориулж чадвал хүүхдүүдэд ямар их нөөц байдаг гээч

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Баянзүрх дүүргийн тэргүүний “Арвис” бүрэн дунд сургуулийн захирал А.Лхагватай ярилцлаа.


-Анх багш болж байсан түүхээсээ хуваалцана уу?

-Би 1971 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээртөгссөн. Анх төгсөөд Дорноговь аймагт хуваарилагдаж Даланжаргалан суманд хоёр жил ажиллаад, Айраг сум руу шилжин нэг жил ажилласан байдаг. Тэгээд дээд сургуульд сурахаар конкурс өгөхөөр болов. Нөхөр маань тэр үед Багшийн сургуулийг төгсөөд тэндээ баянхуурын багшаар ажилладаг байсан. Би багаасаа математикийн хичээлд сонирхолтой, аймгийн олимпиадын дэд аварга байлаа. Тиймээс математикийн багш болох хүсэлтэй. Хотод сурахаар шалгалт өгөх гэтэл тэр жил математикийн багшийн хуваарь ирээгүй юм. Тэгээд шууд ажлаа орхиод Улаанбаатарт ирчихсэн. Хотод ирээд 48 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхлэв. Нөхөр маань Киевийн соёлын дээд сургуульд сурахаар явлаа. Би ч 48 дугаарсургуульд ажиллаж байтал дахин хүүхэдтэй болж, Төв аймгийн Борнуур сум руу хадмаа түшиж нүүсэн юм. Борнуурт математикийн багшаар ажиллалаа. Ер нь ажлын гараагаа гайгүй л эхэлсэн юм шиг байгаа юм. Аймгийн тэргүүний багш нарын нэг, сумынхнаа тэргүүний багшаар шалгарч байсан.

-Ажил, амьдралын эрхээр олон газарт ажиллажээ дээ?

-Ингэж хэд, хэдэн сургууль дамжиж ажилласан, олон хүмүүстэй нөхөрлөсний хүчинд юуг ойлгосон бэ гэхээр багш хүн өөрөө сэтгэл зүрхээ ажилдаа гаргаж чадах юм бол энэ хүүхдүүдэд ямар гоё нөөц байдаг гээч. Зохион байгуулалтын жаахан ажил орно. Эцэг эхчүүд маш сайн хүч байдаг.

Би Борнуурт байхдаа ч дээд сургуульд сурах хүслээ орхиогүй юм. Нөхрөө төгссөний дараа Улаанбаатарт шилжиж ирэв. Нөхөр маань Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Хотод ирээд надад мэргэжлийн ажил олдоогүй, Гуравдугаар сургуульд номын санчаар эхлээд ажиллалаа. Нэг багш декритээ авахаар нь оронд нь багшилсан. Боломжийн ажилласан юм байлгүй, үндсэн багшаар авчихсан. Ер нь нөхөр бид хоёр гэр бүлээрээ дээд боловсролтой болно гэсэн хүсэлтэй байсан. Тэр үед дахиад л конкурсэд орохоор өргөдөл өгчихсөн. Гэтэл математикийн анги дахиад байдаггүй, орос хэлний ангийн хоёр хуваарь байна, шалгалт өгвөл өг гэлээ. Өгөөд тэнцээд, Орос хэлний дээд сургуульд сууваа. Тэр нь одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Хичээл ч эхэллээ, орчин цагийн хэл зааж байна. Би монгол хэлэнд тийм ч дуртай биш. Тэгэхээр нь ангиа солих зарлал сургуульдаа тавиад, Завханаас ирсэн хэлний багш залуу Сурганы ангид орчихсон байж таарав. Хоёул тохироод өргөдөл бичээд хүссэн ангидаа орж билээ.

-Хүссэн мэргэжлээрээ сурч эхэлсэн байх нь. Тэр хооронд Гуравдугаар сургуульдаа багшилсаар л байв уу?

-Тийм. Сургуульдаа багшлахынхаа хажуугаар эчнээгээр сурсан хэрэг. Төгсөхийн өмнө Хотын боловсролын газрын дарга Батмагнай дуудаж уулзаад “Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст зөвлөх багш хий” гэлээ. Би ч дааж авсан ангиа төгсгөчихмөөр байдаг, тэр тухайгаа хэлтэл хүлээж авсангүй. “Чамайг 40 хүүхдийн өмнө зогсоох байсан юм бол Багшийн дээдэд оруулж яах юм, Боловсролын газар хүнээ мэднэ” гээд явуулж билээ. Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж байхдаа би маш их зүйлийг ойлгосон. Хүн хэдий чинээ өргөн хүрээнд мэргэжлийнхээ юмыг харна, төдий чинээ өргөн сэтгэдэг. М.Горький “Амьдрал миний их сургууль”гэж бичсэнийг тухайн үед уншаад гайхдаг байсан. “Ямар сонин юм, их сургуульд сурч байж амьдралаа эхэлмээр юм” гэж. Гэтэл үнэн шүү, амьдрал өөрөө л их сургууль юм билээ.

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж байгаад 45 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллах болсон. 45 сургууль Багшийн сургуулийн түшиц сургууль байсан. Би анх удаа тус сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангийг нээж байлаа. Тэр үед Хишигсүрэн гээд мундаг чадвартай, санаачилгатай залуу захирал байлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан маань Сүхбаатар дүүргийн бага ангийн математикийн цомыг авч байлаа. Тэр жил ч хувийн сургуулиа байгуулаад гарч байсан.

-“Арвис” сургуулийн түүх ингэж эхэлсэн байх нь ээ?

-45 дугаар сургуульд тооны анги нээсний дараа төрийн сургуульд болж байгаа юм ч байсан, болохгүй нь ч байсан. Миний нээсэн тооны анги бол ерөөсөө л хувийн сургуулийн загвар юм байна гэдгийг олж харсан. 70-80 хүүхдээс шалгалт авч 20 хүүхэд авдаг. Тэгээд бодохоор болох бүтэхзүйлийг би хийхгүй суугаад байна гэж бодоод хувийн сургууль байгуулъя гэж шийдсэн. Намайг сургууль байгуулахыг Хотын боловсролын газрынхан ч дэмжиж байсан. Ингэж манайх улсын хэмжээнд 26 дахь, Баянзүрх дүүргийн анхны хувийн сургууль болж байв. Намайг сургууль байгуулаад 45 дугаар сургуулиас гарахад захирал Энхтуяа их л дурамжхан байсан даа.

-“Арвис” сургууль одоо бол арвин их туршлагатай, амжилтын түүхтэй сургууль болжээ. Анх байгуулж байхад хүндрэл бэрхшээл бишгүй байсан уу?

-Хувийн сургууль байгуулах гол онцлог нь хүүхэд цөөн байх хэрэгтэй. Аж ахуйн ажил нь надад хэцүү байсан. Би дандаа сургалт хариуцаж ирсэн хүн. Анхны багш маань Чимэдлхам гэдэг найз минь байлаа. Тухайн үед 35 дугаар сургуульд хичээлийн эрхлэгч байсан бүсгүй. Мундаг дайчин, бүтээлч, зөв сэтгэлтэй. Миний ажил ингэж сайхан явж байгаа нь Чимэдлхам багшийн хүч юм.

-Сургуулийн энэ жилийн уриа “Цагийн юмыг цагт нь” гэж байгаа нь сонирхолтой, олзуурхууштай санагдлаа. Та бүхэн сургалтын хөтөлбөртөө хэрхэн анхаардаг вэ?

-Эхлээд бид математикаараа дагнасан. Дараа нь орос хэл заагаад, дэлхий нийтийн хэл гээд англи хэл рүү орсон. Ер нь энэ бол их явцуу ажил байсан. Ерөөсөө хүнийг хүн болгох хэрэгтэй юм байна. Гол нь хүүхдүүд цаг баримталдаг, хэлсэндээ хүрдэг байх нь чухал. Багш нар ч тэр. Одоогоос гурван жилийн өмнө Манлайллын хөтөлбөр гэж Монголд анх орж ирсэн. Анх хэрэгжүүлсэн нь манай сургууль юм. “Бяцхан манлайлагч” хөтөлбөр дэлхийн улс оронд байдаг юм билээ. Багагүй хугацаанд хичээллэсэн. Харамсалтай нь зарим эцэг эх дэмжээгүй, тиймээс бид зогсоосон. Гэхдээ тус хөтөлбөр манай сургуульд өгөөжөө өгсөн. Тус хөтөлбөрөөс сургуульд маань үлдсэн нь бий. Цагийн юмыг цагт нь хийж сурах, төгсгөлөө хүн төлөвлөсөн байхад дундаасаа хүн ухрах аргагүй байдаг. Үүнийг хүүхдүүдийнхээ сэтгэхүйд суулгахын төлөө ажилладаг.

Манайх нэг ангид нэг ээлжээр 20 хүүхэд хичээллүүлдэг. Тохитой, хувцсаа солино, өвлийн цагт ханиад томуу маш бага. Ийм л зүйлийг эцэг эхчүүд хүсдэг. Хамгийн гол нь зөв боловсрол, хүмүүжил, харьцаатай, хэний ч үгийг даадаг хүн болж төлөвших ёстой. Үүнд л бид маш их анхаардаг.

Ер нь манайх англи хэлний түвшин сайн. Шатрыг хоёрдугаар ангиас хөтөлбөрт оруулдаг. Мэргэжлийн багш онолоор заадаг. Хүүхэд хөгжүүлэх тал дээр төгөлдөр хуурын хичээлтэй. Гавьяат багш Баасанцэрэн заадаг. Воллейбол сагсны секцтэй. Өнгөрсөн жилээс уншлагын танхимтай болсон. Өдөр өнжүүлэхтэй.

-Сургуулийнхаа амжилтуудаас дурдвал?

-Манай сургууль 2004 онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль” болсон. 2005 онд Шилдэг хувийн сургуулийн жагсаалтад дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн 2006 онд улсын хэмжээгээр Шилдэг менежмэнттэй хорин сургуулийн нэг болсон. Энэ хооронд манай хүүхдүүд олимпиад, уралдаан, тэмцээндсайн оролцож байсан.

Бид 2008 онд анхныхаа төгсөлтийг хийсэн. Төгссөн хүүхдүүдмаань бүгд их, дээд сургуульд элссэн. Тэд МУИС, ШУТИС, АШУИС, СЭЗДС руу голдуу ордог. ЭЕШ-ын оноогоор эхний 20 дотор үргэлж явна. Англи хэлний улсын олимпиадад дүүрэгтээ гуравт орж байсан. Манай хүүхдүүд дотроос дүүргийн англи хэлний олимпиадын аварга ч тодорч байсан удаатай.

-Та багш байхдаа ч, одоо сургуулиа удирдаж байхдаа ч чухалчилдаг гол шугам юу вэ?

-Би тэр хүүхэд сайн гэхээс илүү массаар нь авч үзэхийг чухалчилдаг.Эхлээд би олимпиадад ач холбогдол өгч хүүхдүүдээ оролцуулдаг байсан. Одоо больсон. Олимпиад зөв явагдахаа чбайсан. Хэтэрхий энэ рүү улайрахаар нэг хэсэг хүүхдийг хаях шаардлагатай болсон. Бас дээр нь сайн бэлддэг багшийн асуудал чухал болсон. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь чадвартай багш. Би хэлдэг юм. Хамгийн гол нь чадвартай, сэтгэлтэй багш хэрэгтэй юм. Нэг их онц сурсан гэхгүй. Багшлах ажилдаа дуртай, сэтгэлтэй байвал бол оо. Дагуулж байгаад багш болгоно гэж. Мэдээж тодорхой шаардлага тавина.

-Боловсролын салбарын бодлогыг та хэрхэн үнэлдэг вэ. Олон нийтийн дунд боловсролын салбар нэр хүнд муутай байна уу даа?

-Би бол боловсролын салбарыг ухарсан гэж хэлж чадахгүй. Болж байгаа зүйл зөндөө байгаа. Энэ салбарт 48 жил ажиллачихлаа. Намайг багш байхад тэр үеийн нийгмийн тогтолцоо өөр байсан. Тогтолцоо өөрчлөгдөөд нийгэм чөлөөтэй болоод ирэх үед хүмүүс эрх чөлөөгөө буруу эдэлсэн. Ерөөсөө нэг хэсэг боловсрол хэрэггүй гэж үзэх болсон. Наймаа хийгээд мөнгөтэй л болбол амьдарна гэсэн маягтай. Энэ бүхэн боловсролыг ухраачихсан гэж боддог. Мэдээж бодлого зорилго нь байсан. Гэтэл хүмүүсийн сэтгэхүй маш буруу хэлбэр рүү ороод нийгмийн давалгаанаас болоод хүүхдүүд нэг хэсэг сургуулиас гарсан.

Боловсролын салбарын хийж байгаа ажлыг олон хүн үгүйсгээд байхад дургүй. Үе үеийн сайд дарга нар бүгд ажил хийдэг. Саяхан багш нарын VII хурал боллоо. Ярилцсан асуудал, гаргасан шийдвэрийг нь харахад чанартай, зүг чигээ олсон байна гэж харагдсан. Ё.Баатарбилэг сайдын гаргаж байгаа тушаал зааврыг харахад ч цэгцтэй явчих нь уу гэсэн бодол төрж байгаа.

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зургаан настнуудыг шалгалтгүйгээр элслүүлэх шийдвэр гаргасан. Зарим хувийн сургуулийнхан эсэргүүцэж байсан. Танай сургуулийн хувьд ямар вэ?

-Хувийн сургууль шалгалт авч зургаан настай хүүхдийг элсүүлж болохгүй. Жинхэнэ алагчлал бол тэр. Түүнээс гадна манайд гадны хөтөлбөр их хэрэгждэг. Би гадны олон хөтөлбөрт тийм ч их дуртай биш. Манайх багш нараа чанаржуулаад солилцоо хийж, багшлах боловсон хүчнийг бэлдэж байгаа их, дээд сургуульдаа том хөрөнгө оруулалт хийж байгаад сайн багш нартай болчиход бид нарыг авах гадаадын хөтөлбөр бий болох ёстой.

-Багшийн ур чадварын асуудал толгойны өвчин болж байна гэлээ. Нээрээ ч тийм. Гол нь яаж үүнийг засч залруулах ёстой юм бэ?

-Манай боловсорлын салбарт алдаатай юм байгаа л байх. 90-ээд оноос хойш боловсролын салбарын уналтын нэг том нөлөө нь багшийн нэр хүнд унасантай холбоотой. Би өөрийнхөө салбарыг өмөөрч байж магадгүй. Багш бэлтгэдэг сургуулиудад тэргүүний сурлагатай, сахилга баттай хүүхдүүд элсэхээ больсон. Энэ бүхэн нь буцаад чадалтай чансаатай багш гарч ирэхэд нөлөөлсөн байх. Бидний бэлтгэсэн бүтээгдэхүүний чанар ямар яваа юм бол доо гэж бодох үе бий. Мэдээж энэ салбарт ухралт бий. Нэг хэсэг монгол бичиг гээд давхисан. Дараа нь кирилл боллоо. Одоо кирилл, монгол хосолно гэж байна. Намайг залуу багш байхаасбага боловсролын хөтөлбөр 4-5 удаа өөрчлөгдсөн байдаг. Найман настай хүүхдийг сургуульд авдаг байлаа, бага боловсрол гэж дөрвөн жил сургана. Түүнийгээ гурван жил болголоо. Дараа нь дөрвөөс дээш нь дунд анги гэж нэрлэсэн, түүнийгээ болиод 3-5 дугаар ангид алгасуулж сургалаа. Хүүхдийг долоон настайд нь сургалаа. Монгол бичиг заасан. Буцаад кирилл боллоо. Тэгж байснаа зургаан наснаас нь элсүүлдэг боллоо. Энэ бүхний эцэст тухайн үедээ боловсролын салбарын төв байгууллагад ажиллаж байсан хүмүүс бүтээлч хандсан гэдэгт эргэлздэггүй.Хамгийн гол нь нийгэм даяар хэтэрхий хурдан буруу давлагаа руу орчихсон.

-Ямар давлагаа гэж?

-Зургаан настныг сургах хугацаа манайд арай болоогүй байсан. Яахав хувийн сургуулийнхан бидэнд болж байсан. Цөөхөн хүүхэдтэй учир хүүхэд бүрт хүрч ажиллана. Хоёрт бид хотын хүүхдүүдийг авна.Хөдөө орон нутагт авч болохооргүй байсан. Бид энэ талаар тухай үеийн сайдадхэлээд дийлээгүй алдсан. Зургаан настныг нийтээр нь элсүүлэхийг нэг хоёр жил харах байсан юм. Тэгсэн бол багш, ширээ сандал, өрөө тасалгаа хүрэлцэхгүйгээс эхлээд ээдрээтэй асуудал гарахгүй байсан. Гэнэт шийдэхээр ачааллаа даахгүй болж, сурлагын чанарт нөлөөлсөн.

-Таны мэргэжлийг охид тань өвлөсөн гэж дуулсан?

-Том охин Бадам маань Багшийн дээд сургуулийг Мэдээлэл зүй, математикийн ангийг төгссөн. Охин маань надад тулгуур болоод ажиллаж байна. Хоёр дахь охин МУИС-ийн палеонтологийн танхимд багш. Гурав дахь охин маань бас багш. Дөрөв дэх охин маань солонгос хэлний багш. Бага нь Нью-Йоркод загварын чиглэлээр сургууль төгсөөд Нидерландад амьдарч байна. Хүүхдүүд маань Ерөнхий боловсролын сургуульдаа онц сайн суралцаж төгссөн, ангийнхаа тэргүүний хүүхдүүд байсан.

-Уугуул нутагтайгаа багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байгаа гэв үү?

-Би Дорноговь аймгийн Айраг сумын уугуул. Айраг сумынхаа сургуультай холбогдох хүсэлтэй байдаг юм. Багш солилцоо хиймээр санагддаг. Мөн Төв аймгийн Борнуурт бас. Миний ажил, амьдралын гараа эхэлсэн сайхан газрууд.Удахгүй эдгээр сургуулиудтай багш сурагч солилцдог болно.

Б.ЭНХЗАЯА




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.