Нийгэм


О.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн

3 сар, 3 долоо хоног TIMES.MN

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын “Ахмадын зөвлөл”-ийн дарга, бэлтгэл дэд хурандаа О.Бямбадоржийг урьж ярилцлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Гал түймэртэй тэмцэх байгууллагад 36 жил ажилласан байна.

   -Сайн байна уу та сайхан хаваржиж байна уу? Анх ажилд орж байсан үеийн тань дурсамжаас яриагаа эхэлье?

   Сайхан. Сайхан хаваржиж байна уу?Миний бие 1967 онд тухайн үеийн Дархан аймгийн Гал түймэртэй тэмцэх газарт гал сөнөөгчөөр ажилд орж байлаа. Түүнээс хойш хяналтын тасгийн дарга хүртэл 36 жил тасралтгүй ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Бидний үеийн гал сөнөөгч нар дуулвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй гэдэг шиг л ажил албаа гүйцэтгэдэг, ах дүүгээс дутуугүй ижилссэн тийм л хүмүүс байлаа шүү дээ. Хөгтэй, хөгжөөнтэй үе ч зөндөө тохиолдоно.

    -Тэгвэл тухайн үедээ тохиолдож байсан хөгжилтэй түүхээсээ бас манай уншигчдад сонирхуулаач?

Өөртөө тохиолдож байсан хөгтэй гэхээсээ илүү бүтэлгүй тийм түүхээс хуучилья гэж бодож байна.

-Бололгүй яахав?

  1977,1978 оны үе шиг санаж байна. Мэнжийн хангайд гарсан түймрийг унтрааж явахдаа гурав хоног төөрсөн. Тухайн үед радио станцаа үүрээд галаа тойроод л явж байтал 45 км-т  холбоо барьдаг станц маань барихаа болчихсон. Хаашаа явснаа ч мэддэггүй, орой ч боллоо. Тэгээд зүг чиггүй болсон хүн нэг нүх таарахаар нь дулаацах аятай сууж байгаад унтчихаж. Өглөө сэрээд хартал хүний араг ясан дээр унтчихсан байсан.  

-Тэгээд айж, цочоогүй юу?

   Юунаас нь айх вэ дээ. Нулимчхаад л яваад өгсөн. Гэтэл намайг нисдэг тэргээр хайгаад явж байгааг анзаараад үүрч явсан буугаараа дохио өгтөл, онгоцноос гар буугаар явах чиглэл рүү буудаж чиглүүлж өгсөн дөө. Тэгээд л заасан замаар явж байтал радио станц маань ажиллаж эхэлсэн. Бас ВТР гэж машин байдаг байлаа. Уулын хажуугаар явж байсан чинь ахалж явсан дарга нэг шинэ цэргийг “За миний хүү газрынхаа өндөр талын дугуйныхаа хийг гарга” гээд машинаас буулгадаг юм. Гэтэл  нөгөө залуу налуу талынх нь хийг гаргаад машин өнхөрчихдөг юм.  Өнхөрч, өнхөрч хоёр том модонд тээглээд л зогсож байлаа. Тухайн үед  залуу ч байж. Түүнээс хойш үүрэг гүйцэтгэхдээ анхаарал сонор сэрэмжээ сайжруулахаас эхлээд залуу алба хаагчдадаа хэлж сургадаг болсон доо.  

-Таны дурсамж яриа бүтэлгүй гэхээс илүү сургамжтай л юм байна?

   Ер нь юу ч болсон тайвнаар хүлээж авч байх хэрэгтэй. Тайван байсан цагт аливаа асуудлын шийдэл гарч ирнэ. Эсрэгээр уурлаж бухимдаад, айж цочоод л элдэв үйлдэл гаргаад байвал юу ч шийдэгдэхгүй шүү дээ. Бидний хэлдгээр бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байх. Энэ ялангуяа аврагчдад  хамгийн чухал. Одоо ч нэг үеэ бодвол сайхан болж дээ. Аврагч, гал сөнөөгчдөө сургаж дадлагажуулна, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай болж. Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хууль, эрхзүйн орчин бүрдсэн байна. Бидний үед чинь ажилд орох чин хүслээ дагадаг байлаа. Ажилд орсны дараа ямар үүрэг гүйцэтгэхээсээ шалтгаалаад номер авна. Тэгээд л номерийнхоо үүргийг цээжлээд, ажлын туршлагаасаа, хамт олноосоо суралцаад л явдаг байлаа шүү дээ. 

  -Залуу сайхан насаа энэ л байгууллагын хүмүүжлээр “гоёсон” танд  алдсан, оносон зүйл юу байна?

  Алдсан гэхээсээ илүү оносон нь их байх. Хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн. Ажлыг муу, сайн гэж гололгүй хийж, амтыг нь одоог хүртэл мэдэрч байна. Сахилга баттай, өндөр хариуцлагатай, үүргээ ухамсарлах иргэн болгож төлөвшүүлсэн. Ийм учраас л энэ байгууллагатайгаа одоог хүртэл холбогдсоор л яваа байх.

  -Түүний илрэл нь Онцгой байдлын газрын “Ахмадын зөвлөл”-ийн даргын албан тушаал байх?

   Тийм шүү. Би их азтай хүн. Насныхаа амьдралыг энэ албатай холбосноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна.  Миний бие  2003 онд чөлөөндөө гараад л “Ахмадын зөвлөл”-ийн даргын албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш 16 дахь жилдээ ахмадуудтайгаа болон Онцгой байдлын газрын удирдлага, хамт олонтой хамтран ажиллаж байна.  Манай зөвлөл 88 ахмадтай. Эдгээр ахмадынхаа нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр спорт, урлагийн олон талт ажлыг зохион байгуулан ажилладаг. Мөн залуу үеэ сургаж дадлагажуулах, Онцгой байдлын газрынхаа хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцох, дэмжих нь бас бидний ажил шүү дээ. 

   – Гал түймэртэй тэмцэх байгууллагад 36 жил, Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж, амьдралын түүхээ бүтээсээр яваа таниас үнэтэй зөвлөгөө бас сонсмоор байна?

    Аливаа хийж байгаа ажилдаа чин сэтгэлээ зориулж, баг хамт олноороо хамтдаа зүтгэж чадвал  болохгүй чадахгүй зүйл гэж үгүй. Ах нь захиж дүү нь сургаж хамтын хүчээр ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдралын төлөө зүтгэж, аврагчийн алдарыг цуурайтуулж ажиллаарай гэж хэлэх байна даа. Онцгой байдлын байгууллагыг иргэд ойлгодог, дэмждэг, итгэдэг болсон нь та бүхний хамтын хүч, зорилго, ажилдаа хайртайгийн илрэл гэж хэлмээр байна.  

– Ярилцсан танд баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?

 Залуу сайхан насаа энэ байгууллагатай холбож ард иргэдийнхээ аюулгүй, аз жаргалтай амьдралын төлөө бие сэтгэлээ зориулж яваа Онцгой байдлын байгууллагын удирдлага болон нийт бие бүрэлдэхүүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [66.181.167.55]


Ш.Соном Алтан нутгийн хүү чамдаа эрүүл энх аз жаргал хүсч урт наслахыг ерөөе. Бид ажилласаг хүний үр сад билээ.