TIMES Ярилцлага


Н.Энхболд: АН амьдралын үнэнд гүйцэгдэж байна

3 жил, 5 сар TIMES.MN
УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа

  -Өнгөрөгч ээлжит болон ээлжит бус чуулганыг товч дүгнэхгүй юү?

-Томоор яривал үндсэндээ 2012 оны сонгуулиас хойш УИХ-д зөвшилцөл, сөрөг хүчнээ хүндлэх, хууль дээдлэх ёс үгүй болсон. АН-ын дарга ч, Ерөнхий сайд ч ингэж л ажиллаж байна. Тэр дундаа төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, тэдгээрийг харилцан хяналт, тэнцвэртэй байлгахтай холбоотой тогтоол, шийдвэрт ямар ч хууль үйлчлэхгүй явж ирсэн гэхэд болно.

Өнгөрөгч намрын чуулганыг ч энэ хүрээнд л дүгнэнэ. Бидний тавьсан санал, шаардлага эрх баригчдын аминд тулсан эрх ашгаас арай хол бол түүнийг  явуулсан болж, эрх барьж буй бүлэглэлүүдийн эрх ашиг, Үндсэн хуулийг ягштал мөрдөхтэй холбоотой олон зүйлийг хууль зөрчин хэрэгжүүлсээр ирсэн.

Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татсан нь ч хууль зөрчсөн. Үйл ажиллагаандаа Үндсэн хуулиа дээдлэхгүй байгаа УИХ-ыг сайн ажиллаж байна гэж дүгнэж болохгүй.

-Бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлийн намрын чуулган гэдгээрээ нэлээд олон хууль бөөндөж баталлаа гэж байна.

-Манай намын бүлгээс тавьсан саналууд бүрэн тусгалаа олж чадаагүй ч өндөр ач холбогдолтой Сонгуулийн, Эрүүгийн, Зөрчлийн болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай зэрэг хэд хэдэн хууль баталсныг хэлэх хэрэгтэй. Өнгөрөгч чуулганыг дүгнэх бас нэг зүйл бол 2016 оны Төсвийн тухай хууль. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд төсвийг таван удаа тодотгосон. Энэ бол төрийн бодлого, ялангуяа санхүү, эдийн засаг, урт хугацааны хөгжилтэй холбоотой асуудлууд ямар ч бодлогогүй, зөвхөн цаг үеийн шинжтэй, гал унтраах маягтай, ирэх сонгуулийн эрх ашиг бодсон, олон нийтэд муу, муухайгаа мэдэгдчихгүй юмсан гэсэн байр сууринаас хандаж, баталж ирсний нотолгоо юм. МАН-ын зүгээс тавьж ирсэн урт хугацааны, эдийн засгийн хөгжлийн аюулгүй байдлын асуудлуудыг хууль, шийдвэртээ тусгасан бол ийм байдалд хүрэхгүй байсан. 2016 оны төсвийн орлого ч тасарч байгаа шүү дээ.

-Төрийн байгуулал, засаглалтай холбоотой зарим зүйлийн талаар таны байр суурийг сонсъё. Тухайлбал, Сонгуулийн хуулийг УИХ-д хамгийн олон суудалтай хоёр намын тохироогоор баталлаа гэх шүүмжлэл тасрахгүй байна. Энэ хууль хэр сайн болсон бэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан аж­лын хэсэг төслийг хоёр жил орчим боловсруулсан. Дараагийн ажлын хэсэг сүүлд уг төсөл дээр сар орчим ажилласан. Түүнд би багтсан. Ахицтай гэж хэлэх зүйл бий. Бид бүх шатны сонгуулийн үйл ажиллагааг нэгтгэж, ойлгомжтой болгох ёстой гэж олон жил ярьсан. Юутай ч нэгдсэн Сонгуулийн хуультай болсон нь ахиц гэж бодож байна. Нэр дэвшиж буй нам, хувь хүмүүс сонгуулийн өмнө болон сурталчилгааны хугацаанд хөрөнгө мөнгө зарцуулах болон, хууль зөрчихгүй байхтай холбоотой олон зохицуулалт тусгасан нь ч дэвшил юм. Автомат машинаар тоолсон сон­гуулийн дүнд итгэж ядах олон нийтийн уур амьсгалыг арилгах, сонгуулийн үр дүн, цаашлаад түүнд тулгуурлан байгуулах төр засагт итгэл бий болгох үүднээс машинаар тоолсон дүнг гараар баталгаажуулж, тэр нь эцсийнх байх шаардлагыг манай намаас тавьсан ч түүндээ бүрэн хүрээгүй. Саяхан Кыргызид ажиллаж, Сонгуулийн хорооны удирдлагуудтай нь уулзсан.

Энэ улс ардчилсан төр засгийг шинээр бий болгох, зах зээлийн эдийн засагт шилжих талаар Монголоос туршлага судалж буй. Гэтэл туршлага судлуулсан улс маань биднээс түрүүлчихэж. Тэд дүнг эхлээд машинаар, дараа нь гараар дахин бүгдийг нь тоолж, түүнийгээ эцсийнх гэж зарлахаар хуульчилсан байна. Ингэснээр байнга маргаан дагуулж, үүнээс улбаатай үймээн, самуунаас болж олон зуун хүн амь үрэгдсэн сонгууль нь хэвийн болж байна.Сонгууль л болсон хойно маргаан гардаг ч үр дүн, төр засагт эргэлзэх зүйл гарахаа байсан юм билээ. Тэд биднийг гайхаж байна лээ. Ардын намын хувьд зарим ахиц, дэвшлийг баталгаажуулах үүднээс уг хуулийг хүлээн зөвшөөрсөн болохоос зөвшилцөж, бүрэн ойлголцсон гэж хэлэхгүй. Цаашид боловсронгуй болгох зүйл бий.

-Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухайд юу хэлэх вэ?

-Товч түүх яръя. Ардын нам олонх байхдаа Монгол Улсын урт хугацааны тогтвортой, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж гаргаж байсан. Мөн түрүүчийн УИХ-ын үед төсвийг тогтвортой, хариуцлагатай байлгах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Энэ бүхэн сая баталсан Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын суурь байсан юм. Харамсалтай нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөхгүй, бүр сүүлдээ олонхоороо хүч түрж, Цэцэд хүртэл хандаж байгаад өөрчилсөн. Эндээс дахиад л АН-д улс орноо тууштай, тогтвортой бодлогоор хөгжүүлэх зорилго бий, эсэхэд эргэлзээ төрж байгаа юм. Яах вэ, хууль, үзэл баримтлал баталж болно.

Гэхдээ эрх ашиг нь хөндөгдөөд ирвэл хууль дээдэлдэггүй хүмүүс түүнийг өөрчилж, өөрсдөдөө нийцүүлэх нь дэндүү амархан болчихоод байна шүү дээ. Тиймээс ч ийм байдал удаан үргэлжилбэл УИХ хууль гаргах хэрэгтэй ч юм уу гэж эргэлзэж байна. Ер нь манайд дутагдаж буй зүйл нь Монгол Улс үндэстнээрээ хаашаа явах вэ, ямар зорилтод хүрэх вэ, яаж тийш явах вэ гэсэн нэгдсэн зорилго, урдаа барих туг байхгүй явдал юм. Улс төрийн нам бүр, ялангуяа фракцтай намууд төрийн бодлогыг тал тал тийш нь татаж, хувааж байна. Төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай, улстөрждөггүй байсан бол Хятадад урт хугацаагаар нүүрс нийлүүлэхээр байгуулсан гэрээг хүчингүй болгохгүй байсан. “С.Батболдын Засгийн газар тонн нь 100 гаруй ам.долларын үнэтэй нүүрсийг урт хугацаанд 1 тонныг нь 70 хан  ам.доллараар зарж, ард түмний баялгийг үгүй хийх гэж байна” гэсэн улстөржилт, ухуулга хийж байгаад л гэрээг хүчингүй болгосон. Гэтэл одоо 20 ч хүрэхгүй ам.доллараар нүүрсээ зарж байна. Өнөөдөр эрх баригчид энэ талаар юу ч ярихгүй байгаа нь ичиж буй хэрэг биз.

-Сонгууль дөхсөнийх байлгүй шатахууны үнэ, зээлийн хүү бууруулсан зэрэг улс орны хэмжээнд хийсэн өнгөтэй, өөдтэй болгоныг эрх баригчид, цөөнх гэлгүй “Бид, манай нам хийсэн” гэж автор булаацалдаж байна. Өнгөрсөн хугацаанд МАН сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэв?

-Энэ бүхэн МАН-аас тавьсан тодорхой шаардлага, бодлого зөв байсныг харуулж байна. АН амьдралын үнэнд гүйцэгдэж байна. Сонгууль дөхсөн учраас яах ч аргагүй бидний тавьж байсан зөв бодлогуудыг хэрэгжүүлэхгүй бол болохгүйг ойлгож л дээ.  Эрх баригчид аргагүйн эрхэнд хийсэн зүйлээ өөрсдөө хийсэн болгож харагдуулахаас бус,“МАН-ын шаардсан зүйлийг хийлээ” гэж хэлж зүрхлэхгүй.

-Аль аль нам нь л эдийн засгийн үр дагавартай сонин, содон шийдэл ярих болж. Харин зарим судлаач, хөндлөнгийн шинжээч аль хэдийнэ энэ бүхнийг зүгээр л сонгуулийн шоу болохыг тайлбарлаж байна.

-Сав л хийвэл эрх баригчдыг муулаад байна гэж ойлгогдох вий. Ипотекийн зээлийн хүүний талаар хэлье. МАН уг ажлыг анх зургаан хувийн хүүтэйгээр эхлүүлсэн. Дараа нь АН хүүг найм болгож, одоо тав хүртэл бууруулахаар ярьж байна. Энэ мэтчилэн олон зүйл ярьж болно. Гэхдээ өнөөдөр ипотекийн зээлийг таван хувийн хүүтэйгээр өгч чадах, эсэхт үнэхээр санаа зовж байна. Үүнтэй холбоотойгоор хэдхэн тоо хэлье. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 21 гаруй тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 180 хувьтай тэнцэх гадаад зээлтэй байна.

Энэ онд Засгийн газар төсвийн орлогын бараг 40 хувь буюу 2.6 их наяд төгрөгийг гадаад, дотоодын зээлийн хүү, үндсэн төлбөрт төлнө. Энэ тоо ирэх жилүүдэд бүр нэмэгдэнэ. Монголбанкны гадаад өр сүүлийн дөрвөн жилд найм дахин нэмэгдсэн. Ийм нөхцөлд арилжааны банкууд ямархуу байдалтай буй нь ойлгомжтой. Зээлийн хүү тойрсон хэрүүл яах вэ гэхэд надад байгаа мэдээлэл, мэдрэмжээр банкуудын зээл олгох боломж туйлын хязгаарлагдмал болсон юм билээ. Саяхан арилжааны банкуудын удирдлага хуралдаж, ярилцсан мэдээлэл байна. Таван хувийн зээл өг гэж шахвал банкууд маш хүнд байдалд орох талаар тэд ярьсан байна лээ. Улмаар банк, санхүүгийн салбарыг системийнх нь хувьд нураахгүй авч үлдье гэвэл улсын төсвөөс тэр алдагдлыг ямар нэг байдлаар нөхөх хөрөнгийн эх үүсвэр гаргах шаардлага бий гэж ярилцсан байна. Төсөвт тийм боломж байхгүй.

Б.Номин




Холбоотой мэдээлэл


Лабораторийн Өнөрөө
Лабораторийн Өнөрөө
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.