Энтертаймент


Буйд нутаг бусдыг ухааруулж, уйлуулж байна

1 сар TIMES.MN


Хятадын  нэрт зохиолч Цао Юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-нд буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ. Цао Юй Хятад улсдаа жүжгийн болон богино өгүүллээрээ маш алдартай. Түүнийг Дорнын Шекспир хэмээн нэрлэх нь ч буй.  Цао Юй зохиолчийн  “Наран ургахуй”, “Аянгын бороо” жүжгийг манай уран бүтээлчид тайзнаа амилуулж байсан бол “Шинэ Үе” продакшн энэ удаад “Буйд нутаг” –аар “бэлэг” барилаа. 



Эмгэнэлт жүжгийг найруулж, олны хүртээл болгоно гэдэг амаргүй бөгөөд санхүү ихэд шаардсан нүсэр ажил юм. Монголчуудынхаа оюун тархинд үйлийн үрийн мөн чанарыг ухааруулах үйлсэд сэтгэл, хөрөнгө хүч, авьяас билгээ зориулж байгаа болохоор тус продакшныхныг оюуны бэлэг барилаа  гэж онцлоод байгаа юм. Бурхан багшийн сургаалийн мөн чанар угаасаа үнэнийг, үйлийг номолж, зовлонгоос салах арга замыг хэлж өгснөөрөө гайхамшигтай. Үйлийн  үр гэдэг энгийнээр хэлбэл өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна л гэсэн үг. Та юу тарина, түүнийгээ л хураана.  Муу үйлийг хийвэл таагүй зүйлтэй учирна, сайн үйл хийвэл буяныг хүртэнэ. Муу үйлийн хэлхээс тасрахгүй. Өөрөө энэ насандаа үүрч барахгүй бол үр хүүхэд тань төлнө. Хэнээс ч үл хамаарах төлөөс гэх ч юмуу даа. Баян байна уу, ядуу байна уу хамаагүй, хэн ч юугаар ч зогсоож дийлэхгүй, буцааж болохгүй. Энэ философи нь “Буйд нутаг” жүжгийн амин сүнс.



Бурхан багшийн сургаалийн утга агуулгыг уран бүтээлдээ урнаар шигтгэдэг найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэхүү жүжгийг найруулж, Бурхан багшийн их дүйчэн өдөр нээж  байгаа нь бэлгэдэл талаас  анхаарчээ  гэж санагдсан. Өнөөдөр манай нийгэмд хүнлэг сэтгэл, хүн чанар, ёс суртахуун хамгийн их үгүйлэгдэж буй. Энэ жүжгийг үзээд гарсан хэн боловч би хэрхэн,  юу үйлдэж амьдарч ирэв хэмээн эрхгүй эргэцүүлэн бодоход хүргэнэ. Магадгүй нэг ч гэсэн хүн муу үйлээс  харгис савраа татахад хүргэж байгаа бол найруулагч Н.Наранбаатар,  продьюсер, МУГЖ Н.Ариунболдын бусдын төлөө хийж байгаа энгүй их тус юм. Саяхан Далай багш шашин гэдэг сайхан сэтгэл юм, юу хийж бүтээж чадна түүгээрээ бусдыг дайл   хэмээн айлдсан байна лээ. Бичдэг бол бүтээлээрээ, зурдаг бол зургаараа, дуулдаг бол дуугаараа, бүжиглэдэг бол бүжгээрээ бусдад  ухаарал, баясал, инээдийг  түгээх нь өөрөө буян билээ. 



Хүмүүний амьдралын өшөө хорсол эцэстээ эмгэнэлээр төгсдөг болохыг харуулахыг зорьсон энэхүү жүжигт гол дүр бүтээсэн АЖ С.Сарантуяа, МУГЖ Ц.Төмөрбаатар хоёрын авьяас чадварыг бичих нь угаасаа илүүц. АЖ Сарантуяа  сохор эмгэний  үйл хөдлөл, зөвхөн өөрийнхөө үр хүүхэд, үр удмыг хамгаалах гэж зүтгэж байгаа тэр  нүдний харц, үйлийн үрээс зугтаагаад гарчихна гэсэн  үнэнхүү  итгэлийг үнэхээр сайн   харуулна билээ. МУГЖ Ц.Төмөрбаатар  зальжин инээдийн цаана ямаршуухан далд санаа нууж байгааг нүдний хөдөлгөөнөөрөө илэрхийлэх нь урамтай.  Жүжигчин СТА Д. Оюунтуул   авьяаслаг, ланжгар  жүжигчин бүсгүйчүүдийн хойноос эрчтэй нэхэж яваагаа энэ жүжгээр харууллаа. Шавилхан биедээ хэтийдсэн гэмээр авьяасаар цалгиснаа батална гэдэг уран бүтээлч хүн болсны хэрэг буй за. Тэрээр дүрдээ уусч, хоёр эрийг зүрхэндээ багтааж, хаашаа ч “урсчихаж” мэдэхээр  байгаа нь  эрхгүй сонирхол татна. Хэрхэх бол гэсэн хүлээлтийг тэр бий болгож, тааварлашгүй таамаг  төрүүлж байгаагаараа  энэ жүжгийн шигтгээ болж гялтагнаж  байлаа.  




   СТА Х.Бат-Ундрал, Б.Баяржавхлан, тэр бяцхан жүжигчин хүүгийн өгүүлэмж, жүжиглэлтийн талаар өөлөх зүйлгүй. Бүх дүрүүд хоорондоо авцалдаж, утга санааны уялдаа хэлхээ сайтай байгаа нь найруулагчийн ур чадварын илэрхийлэмжээс гадна жүжигчдийн сонголт хэр зөв хийгдсэнтэй холбоотой байдаг юм шиг санагддаг.Тиймээс ч “Буйд нутаг” бусдын сэтгэлийг хөвсөлзүүлж, өндөлзүүлж, уйлуулж, ухааруулж, гуниглуулж, сэхээрүүлж чадлаа. Шинэ үе продакшныхан болон  бүх уран бүтээлчиддээ баяр хүргэе.  “Буйд нутаг” энэ сарын 18-наас өдөр бүр СТӨ-нд 20 цагаас тоглож байна. Амжиж үзээрэй, Амьдралдаа буяныг их хураагаарай, бусдыг бүү өвтгөөрэй, өшөө хорсолоо тайлаарай. 


Д.Дуламсүрэн







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.