LIVE


АН: Талийгаач их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Эл асуудлаар АН-ын  удирдлагууд мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүнээр ажилаж байсан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан сэтгэл сэртхийлгэм, цочирдом үйл явдал болсон. Тухайн өдөр талийгаач Төрийн ордонд "Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцоод 15-18 цагийн үед Төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай онцгой обьект. Энэ онцгой обьектын баруун жигүүрт Засгийн газрын хуралдаан болдог байсан танхимын ойролцоо 2 давхрын гонхноос талийгаач өндрөөс унасан байдалтай, мөн гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн биеийн хувьд эрүүл. Ар гэрийнхний мэдээллээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад улсад бүрэн шинжилгээ хийлгээд биеийн эрүүл мэнд эрүүл гэсэн шинжилгээний хариу гарсан байдаг. Сүүлийн үед сошиал орчинд Монгол бус зан гаргаж талийгаачийг харлуулах, талийгаачийн хийж байсан үйл явдалтай холбоотой сөрөг мэдээлэл гаргах, муулах, худал гүтгэлэг мэдээлэл их гарч байгаа. АН ард түмний нэгэн адил үйл явдлын мөн чанарыг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Цагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна. 

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: "Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна. Үйл явдал шатны ойр болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.

18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Олон нийтийн сүлжээгээр 18:30-19:09 минут хүртэлх хугацаанд хаана хэнтэй уулзсан талаар зохиомол яриа гаргаж байсан. Тухайн үед би ардчиллын өргөө байранд байсан ба намын байранд дотоод хурал болж байсан. С.Эрдэнэ дарга ордонд биш энэ байранд /ардчиллын өргөөд/ байсан. Цагдаагийн байгууллага сүүлд уулзсан хүнийг нь тогтоосон. УИХ-ын гишүүн, ардын намын гишүүн болох нэг хүний нэр тодорсон. Тэр хүн хэлэхдээ “бид хоёр өрөөнд уулзаад, уулзалт 20 минут үргэлжилсэн” гэх мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн байна лээ.

АН энэ үйл явдлыг улс төржүүлэх сонирхолгүй байна. Тиймд эрх бүхий зарим байгууллагаас дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж авах нь зөв байх. Олон нийтэд тарсан зохиомол мэдээллээр сүүлд уулзсан хүн нь АН-ын дарга С.Эрдэнэ гэх буруу мэдээллийг таслан зогсоох зорилгоор энэ хурлыг хийлээ.

Ардчилсан намын хувьд сүүлийн үед нийгэмд өрнөөд буй авлига албан тушаалын хэрэг, Засгийн газраас явуулж байгаа хууль бус олон үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэхүү шүүмжлэлтэй хандаж буй үйл явц энэ хэмжээний улс төрийн зөрчилдөөнд оруулах арай болоогүй байх гэж бид бүхэн итгэж байна.

Улс төрийн байдлаар урьдчилсан дүгнэлт хэлэх хараахан болоогүй байна. Харин учир битүүлэг үйл явдал болсон гэдэгт бид хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Өвчний улмаас, тохиолдлоор гэхээс илүү гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байна. Та бүхэн анзаарч байгаа бол хэвийн хүн гонхноос өөрөө үсрээд унах боломж байхгүй. Шат болон гонхны хооронд нэлээд зайтай" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.