TIMES Ярилцлага


Ц.Мөнхтуяа: Эцсийн тэмцэл...өлсгөлөн зарлах л үлдсэн

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Багшийн цалинг нэмүүлэх үндэсний   хөдөлгөөнийг санаачлагч, Багшийн цалинг   нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч,   Монголын багш нарын үйлдвэрчний   эвлэлийн  холбоог үүсгэн байгуулагч   Цэндсүрэнгийн Мөнхтуяа багштай   ярилцлаа. Миний бие эх оронч багштайгаа   халуун дотно яриа өрнүүлэхийг тэсэн ядан   хүлээсэн билээ. Энэ удаад ажлын   шаардлагаар Улаанбаатар орж магнай   тэнийв. Монголын мянга мянган багшийн   төлөө зүрх сэтгэлээ зориулан яваа шударга,   дайчин, тэмцэгч, багштайгаа цөөн хором   ярилцсан юм. Эрхэм уншигч та мэргэн   оюундаа таалан болгооно уу?


  -Багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл яаж   эхэлсэн бэ?


  -Би жирийн л нэг багш. Бидний цалин дэндүү   бага.  Тэр хэрээрээ банкнаас өндөр хүүтэй зээл авч өрийн дарамтанд орж аж амьдралаа зохицуулж явдаг. 2017 оны наймдугаар сарын 6-ны орой өөрийнхөө амьдралын тулгамдаж байгаа асуудлыг пост хэлбэрээр оруулсан нь тэмцлийн эхлэл болсон.


-Цаашид тэмцэл хэрхэн өрнөж ямар үйл явдал болсныг эргэн дурсвал?


-Миний зүрх сэтгэлээс урсан гарсан цахим бичвэрийг хоёр өдрийн дотор 20 гаруй мянган багш дэмжиж олон мянган хандалт авсан. Энэ нь Монголын боловсрол, багш нарын нийгмийн асуудал ямар хэмжээнд байгааг нотолж өгснөөрөө онцлог байлаа. Ингээд 2017 оны наймдугаар сарын 10-нд Хүүхдийн номын ордонд бидний хэсэг нөхөд анхны хурлаа хийж “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” үүсгэн байгуулагдах суурь нь тавигдсан. 2017 оны наймдугаар сарын 17-нд анхны хэвлэлийн бага хурлаа хийж багшийн цалин нэмүүлэх анхны шаардлагаа Засгийн газарт хүргүүлж байлаа. 2017 оны наймдугаар сарын 30 нд үндэсний хэмжээний томоохон жагсаал цуглааныг зохион байгуулсан нь энэхүү тэмцлийн гараа байсан. Тус оны есдүгээр сарын 21,26-ны өдөр үндэсний хэмжээний сануулах ажил хаялтыг зохион байгуулж “дүлий” төрийн чихийг нээх оролдлого хийж бага ч гэсэн үр дүнд хүрсэн.  2017 оны аравдугаар сарын 27-нд БСШУСЯ, ХНХЯ, Сангийн яам хамтарсан хэлэлцээрт сууж тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьж төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийг олгох шийдвэрийг гаргуулахаас гадна олон асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ цагаас өнөөдрийг хүртэл анх эхэлсэн тэмцлээсээ урваж  шарваагүй, ухарч шантраагүй тууштай тэмцсээр л явна даа.


-Та багшийн ажлын хажуугаар энэ их ажлыг яаж амжуулж явна?


-Багш нь тэмцэлд явж байхдаа гараа хугалж гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Ингээд 2018 оны гуравдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа жилийн чөлөө авсан. Буцаж ажилдаа орох гэсэн боловч нэгэнт эхлүүлсэн тэмцлийнхээ үр дүнг үзэхийн тулд өөрийн ажлыг умартан мэргэжил нэгт нөхдийнхөө болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явааг багш нар маань ойлгож байгаад сэтгэл өег сууна.


-Тантай уулзах амаргүй юм. Өнөөдөр гэхэд л 10-аад багш уулзлаа шүү дээ?


-Тийм ээ.Сургууль, багш бүрт асуудлууд байна. Эдгээрийг шийдэхийн тулд заавал нэг хөшүүрэг байх хэрэгтэй. Тэр хөшүүрэг нь багшийн эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний байгууллага байх ёстой. Тэр утгаараа багш нар маань аврал эрэн бидэнд хандаж зарим нь асуудлуудаа шийдүүлдэг. Ер нь хүн өөрөө өөрийнхөө төлөө тэмцэхгүй юм бол таны төлөө хэн нэгэн дарга, өөр нэгэн ирж асуудлыг шийднэ гэвэл үлгэр биз дээ. Тиймээс л хүн бүрийг өөрийн эрх үүргээ ухамсарлан гарц шийдлээ олдог байгаасай гэж хүсэх юм.




-Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог хууль бус гэх дэл сул яриа явдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?


-Тийм яриаг Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргаж байгаа. Бидэнд баримтууд нь ч ирж байна. Тэр хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгч байгаа. Бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л байгуулсан. Одоогийн байдлаар албан ёсны 3000 орчим гишүүнтэй. Дэмжигчдийн тоо 10 мянга гаруй гэхээр манай үйлдвэрчний эвлэл богино хугацаанд үндэсний хэмжээний шинэ байгууллага болоод байгаа. Манай үйлдвэрчний эвлэл бол 100 жилийн түүхтэй Монголын үйлдвэрчний эвлэл шиг засаг төрийн бөөрөнд хаврын хачиг шиг наалдаж, жирийн гишүүдийнхээ эрх ашгийг худалддаг ялзарсан байгууллага биш. Жирийн багш нарынхаа тэмцлийн дүнд үнэн цагаанаараа шударга ёсны төлөө тэмцэж яваа багш удирдлагатай багшийн төлөө л байгууллага. Засагтай хуйвалдахад ашигладаг гишүүдийнхээ тоо, тэднээс орж ирдэг татвараа алдахгүйн тулд л тийм яриа гаргаж байгаа. Одоо тэдэнд итгэдэг тэнэгүүд цөөнх болсон. Харин бид олуулаа болж байгаа.


-Сүүлийн үед зарим нэгэн сургуулийн удирдлагатай холбоотой гомдол цахим орчинд харагдах юм. Юунаас болж ийм санал тасрахгүй байна гэж бодож байна вэ?


-Энэ гомдлын гол учир шалтгаан нь улс төрийн томилгоо. Намын харьяаллаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж байна. Энэ нь боловсролын салбарын боловсон хүчний бодлогыг алдагдуулж зөвхөн өөрт таалагдсан хүмүүсээр баг бүрдүүлэх болсон. Ийнхүү чадваргүй хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж сургалтын чанар алдагдуулж хүүхэд хохироож байна.




-Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдүүлэх тал дээр ямар ажлуудыг санаачлан хийж байна?


-Манай монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь дараах гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

1-рт Багшийн цалин хөлсийг дэлхийн жишигт ойртуулах зорилт тавин 1600000 төгрөгт хүргэхийн төлөө тууштай ажиллаж байна.

2-рт “Багшийн орон сууц хөтөлбөр”-ийг ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар “Багшийн орон сууц хөтөлбөр”-ийг боловсруулж түүний тамгын газрынхантай хамтран хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна.

3-рт “Багшийн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэлд хүсэлт гарган багш нарын ажлын байрны эрсдлийн үнэлгээг хийлгэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг оношлон эрт илрүүлэх ажлыг эхлүүлэх талаар хөөцөлдөж байна.


-Ойрын үед хийх тэмцлийнхээ талаар хуваалцаж болох уу?


-Багшийн тэтгэврийн насыг наашлуулж эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарах боломжийг бий болгохын төлөө тууштай тэмцэнэ. Цалингаа ч нэмүүлэхийн төлөө тэмцэнэ. Орон сууцны зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, хүүг бууруулахын төлөө ч тэмцэнэ. Ер нь миний тэмцэл зогсохгүй.


-Тэмцэл үр дүнд хүрэхгүй бол та яах вэ?


-Шаардлагатай гэвэл Монголын боловсролын төлөө, хойч ирээдүйнхээ төлөө, багш, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэхийн төлөө ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ л үлдсэн.


Б.Анхцэцэг



 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [203.91.117.8]


Дайчин бүсгүйг монголын багш,ажилчидгүй бүгд л дэмжихэд болохоор байгаа юм даа.


Г.Ганболд    3 долоо хоног, 1 өдөр [203.91.117.8]


Дэмжнээ


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


Амжилтийг хүсье.Бидний дуу хоолой минь.Дэмжиж байна шүү


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Амжилт хүсье


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Тэмцэгч бүсгүйд амжилт хүсэе.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Багш мэргэжил эзэмшиж мэргэжлээрээ 32 жил ёс зүйг эрхэмлэн түмний хүүхдийн тѳлѳѳ үнэнчээр зүтгээд ѳнѳѳдѳр надад нээрээ юу үлдэв? Над шиг үнэнчээр ѳѳрийгѳѳ золиослон бүү зүтгээрэй гэж залуу үедээ захих юм уу.


Зочин    1 сар, 1 долоо хоног [202.179.27.194]


БАС ЯААЦААРСАН БЭ.


Зочин    1 сар, 1 долоо хоног [66.181.179.172]


Өөр арга ч үлдээгүй дээ. Монголын багш нар өрөвдөлтэй амьдарч байгаа. Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө багш нараа дэмжих нь гарцаагүй.