Улс төр


Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригтой огтхон ч санал нийлэхгүй байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор нь байгаа зүйлээ ойлгоогүй байна. Оюутолгойд давуу байдал олгох гэж байсан гэсэн үндэслэл байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа компанид энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байгаа. Тийм байхад ийм хориг тавьж байгаад гайхаж байна. Ойлгож байж тоглоод байгаа юм уу, мэдэхгүй. Мөн үе шилжилтийн мөнгөн хөрөнгөжүүлэлтийн дүрмийг дордуулсан гэж байгаа юм. Гэтэл яг эсрэгээрээ байгаа. Учир нь манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх олгосон орлогоос 30 хувийн татвар ногдуулж байснаас 10 болгосон гэсэн байгаа юм. 2006 оны хуулиар иргэн хүн газар шилжүүлсэн, эрх шилжүүлсэн байвал 30 хувийн татвар авдаг байсан. Үүнийг 2018 оны төсвийн хүрээний мэдүүлэг өргөн мэдүүлэх үеэр иргэн газар шилжүүлбэл 10 хувь болгосон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг Татварын хуулиар 10 хувь болгосон. Энэ хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө маш их хэлэлцүүлэг хийсэн.

Мөн уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар хуульд тусгасан гэж байгаа. Бөөнд нь тайлагнах санал Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, ашигт малтмалын тусгай лиценз бүрээр тайлан авахгүй бол нэг тайлан дээр ашигтай нөгөө тайлан дээр гаргасан алдагдлаа хольж бичээд татвар төлөхгүй болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам лиценз бүрээр нь тайланг авч байгаа. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон байна гэж байна. Дотоодын зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм зохицуулалт хийсэн. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал манай зээлийн хүү өндөр байна. Тиймээс гаднаас илүү олон эх үүсвэр орж ирээсэй гэж үзэж татварыг нь бууруулсан. Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон гэж байгаа юм. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Хоригийг хүлээж авах боломжгүй" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.