Сонголт


Д.Ган-Очир: Зээлийн хүүд хязгаар тогтоож эдийн засгийг лаборатори болгох нь маш том эрсдэлтэй

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Олон нийтийн анхаарлын төвд байгаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай  ярилцлагаа эхэлье. Энэ асуудал хэзээ­нээс ямар үндэслэлээр яригдаж эхэлсэн байдаг вэ?

- Монголд зээлийн хүү өндөр байна, тэр дундаа хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн бизнест дэмжлэг үзүүлэхүйц түвшинд байж чадахгүй байна гэдэг асуудал сүүлийн 15 жилийн туршид нэлээд идэвхтэй яригдаж ирсэн байдаг. Тухай бүрт нь Монголбанк холбогдох тооцоо судалгааг хийж ирсэн. Тухайлбал, зээлийн хүү яагаад өндөр байна, юу нөлөөлж байна, бодлогын хувьд юу хийж чадах вэ, Засгийн газрын болон бусад түвшинд юу хийвэл үр дүнтэй байна, хувийн хэвшил банкны салбарт юу хийвэл оновчтой вэ гэдгийг судалж ирсэн. 

Зээлийн хүү өндөр байх нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү өндөр байгаагаас голлон шалтгаалдаг. Зээлийн хүү 19 хувь байлаа гэхэд түүний 14 хувь нь эх үүсвэрийн зардал байгаа буюу 5 орчим хувь нь хадгаламж зээлийн хүүгийн зөрүү байна. Тэгвэл 5 хувь дотор банкуудын үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн сангийн зардал гэх хоёр зардал дийлэнх хувийг бүрдүүлж байдаг. Гурав дахь нь валютын ханш, зээлийн хүүгийн эрсдэлийг нөхөх хэмжээний зардлууд болон банкуудын ашигтай ажиллагаа байна гэсэн ерөнхий судалгааны дүн гардаг. Сүүлд буюу өнгөрсөн жил “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үед бид судалгаа хийхэд мөн л иймэрхүү дүр зураг хэвээрээ хадгалагдаж байсан. Нэг талаасаа зээлийн хүү өндөр байгаа нь яалт ч үгүй бодит факт. Бусад улсуудын түүхээс харахад ядуурал өндөртэй буюу дундаж давхарга багатай улс орнуудын иргэд нь улс төрчдийн популист шинж чанартай үйл ажиллагаа, мэдэгдэлд нэлээд автамтгай болсон байдаг. Тэгээд зээлийн хүү өндөр гэдэг фактыг бариад явбал ямар ч улс төрч олон нийтэд сайхан харагдана. Гэтэл яг гарч болох үр дагавруудыг тооцож, эдийн засгийн судалгааг хийхэд зах зээлийнх нь зарчмаар нь бууруулахгүй бол болохгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн ба ийм ч байр суурьтай явж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд буюу 2018 оны дөрөвдүгээр сард “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн баригдахаас өмнө нь ч тэр дараа нь ч тэр   Монголбанк болон бусад холбогдох байгууллагууд, судлаачид тооцоо судалгаан дээр үндэслэн гарч болох үр дагаврыг нь тодорхой хэлж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Ерөнхийдөө зээлийн хүү өндөр байгааг ярьж байсан болохоор Монголбанк “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-ийг 2017 оны намраас эхлээд боловсруулж, олон нийтэд танилцуулсан. Санал шүүмжийг тусгаад 2018 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Үйл ажиллагааны төлөвлөгөөг есдүгээр сард батлуулсан. Ямар алхмуудыг ямар хугацаагаар хийх вэ гэдгийг өнөөдөр хүртэл хэрэгжүүлээд л явж байгаа.

- Хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан улстөрчид олон улсын жишгийг онцолж байгаа шүү дээ?

- Хууль санаачлагчид олон улсын жишгийг харсан байх. Олон улсад зээлийн хүүг бууруулах арга хэмжээ байдаг. Гэхдээ хавтгайруулж, зах зээл дээр байгаа зээлийн бүх бүтээгдэхүүнүүдийн хүүг хязгаарлах зохицуулалт хийсэн улс тун цөөхөн байдаг. Жишээлбэл Кени, Уганда гэх мэт улсуудыг дурдаж болно. Харин одоо тэдгээр улс орнуудад зээл олголт буурч, иргэд нь банк санхүүгийн байгууллагуудаас зээл авч чадахаа больж, жинхэнээсээ зохицуулалтгүй мөнгө хүүлэлт рүү явж байна. Япон, Франц зэрэг хөгжил өндөртэй орнуудад ийм зохицуулалт хэрэглэсэн гэж ярьдаг боловч үнэн хэрэгтэй хавтгайд нь биш тухайлсан нэг зээлийн бүтээгдэхүүний хувьд хэрэглэсэн байдаг. Гэхдээ л эдгээр нь сөрөг үр дагавартай байжээ гэсэн судалгааны үр дүнгүүд гарсаар байгаа. Зөвхөн иргэдийн зээл дээр, эсвэл зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүүд хязгаарлалт тавингуут тэр зээлийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл нь цөөрөөд, илүү зээл гаргах боломжтой бүтээгдэхүүнүүд рүү хөрвөдөг. Эцэст нь өмнө нь байсан бүтээгдэхүүн нь байхгүй болно. Энэ үед мөн санхүүгийн үйл ажиллагааны шимтгэл, хураамж өссөн байх жишээтэй. Ер нь эдгээр судалгаануудаас харахад ийм аргаар зээлийн хүүг бууруулах гэсэн оролдлого нь эерэг үр дүнд хүргээгүй гэдгийг хөгжилтэй орнуудаас ч, бусад улсад ч харж болно.

- Төв банкнаас зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудлаар мэргэжлийн байгууллагууд, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал зөвлөмж авсан гэсэн. Тэд ямар байр суурьтай байх юм бэ. Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох нь далд, луйврын эдийн засгийг бий болгоно гэж үзээд байгаа?

- Монголбанк зээлийн хүүг бууруулах, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлстэй холбоотой судалгаануудыг 2015 оноос хойш хийж ирсэн. 2017 оноос бүр эрчимжүүлсэн. Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан гэдгийг түрүүн дурдсан. Нэгэнт судлаад гаргаад ирсэн үр дүн, гаргасан баримт бичгийг олон нийтэд танилцуулах хүрээнд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг бүх талын төлөөллүүдийг оролцуулсан. Энэ үед мэдээж Монголбанкнаас хийсэн судалгаа, олон улстай харьцуулсан байдал зэргийг аваад үзэхээр нэлээд олон үр дүн гарч байгаа юм. Ялангуяа олон улсын жишээн дээр ярихад зээлийн хүүг хязгаарлах анхны санаачилга нь маш сайхан санаа нь дээр үндэслэсэн байдаг. Иргэдийн зээл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүү өндөр байна. Өндөр байгаа болохоор тэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тийм болохоор зээлийн хүүд хязгаар тогтоогоод өгчихвөл энд хамрагдах  хүмүүсийн тоо ч их болно, зээлийн хүүгийн дарамт багасна. Энэ утгаараа Уганда ч, Кени ч тэр сайн сайхан зүйлд очно гэсэн зорилттой байдаг. Гэтэл энэ нь урт, дунд хугацааг биш харин хэтэрхий богино хугацааг харсан байдаг. Эцэст нь анхны тавьсан зорилгынхоо эсрэг үр дагаварт хүрчихсэн харамсалтай кейсүүд олон байгаа юм. Өөрөөр хэлбэл, зээл хамгийн их хэрэгтэй хэсэг, зээлд хамрагдаж чадаж байсан хэсэг нь дараа нь зээлд хамрагдаж чадахаа больсон. Бодлогын хүү 11, нэмэх нь долоо гэдэг санал хуульд тусгагдсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18-аар тогтооно гэдэг Монголын нөхцөлд эрсдэлтэй зээлдэгч нарын хувьд зах зээлээс шахагдах гол нөхцөл болох юм. 30, 50 гэх мэт харьцангуй өндөрөөр тогтоож өгсөн бол бас гайгүй. Гэтэл өнөөдөр хүүг доогуур түвшинд авчирч байгаа нь сөрөг үр дүнд аваачина.

- Банкуудад ямар эрсдэл бий болох вэ?

- Том эрсдэл нь гэвэл, тэр зээлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хэсэг нь яах вэ? Тэр хүмүүс дахиад л ямар нэгэн хэлбэрээр зээлээ авах гэж оролдоно. Тэгэхээр далд эдийн засаг, зохицуулалтгүй байгаа тэр хэсэг рүү явах том эрсдэл байгаа юм. Энэ бүхэн нь хээл хахуулийг хүртэл үүсгэдэг. Банкнаас зээл авч чадахгүй иргэд зээл рүү оруулаач гэж гуйж, арын хаалга хэрэглэхэд хүрнэ. Тийм нөхцөл байдалд хүүг тогтоосны дараа илүү хүнд болдог. Нөгөө талаар банкны ашигтай ажиллагаа багасна. Банк ашигтай, тогтвортой ажиллаж байж үйл ажиллагаагаа тогтвортой хадгална. Ашигт ажиллагаа буурах үед банкууд орон нутаг дахь салбаруудын тоогоо цөөрүүлж, санхүү зуучилалд хүндрэл учруулж эхэлнэ.

Улс орнууд ийм хязгаарлалт хийгээд эргэж буцсан тохиолдол багагүйг. Эдийн засагт нэг зүйл зохицуулалт хийгээд тэрийгээ эргүүлж болих том эрсдэлийг үүсгэдэг. Нөгөөтээгүүр, маш олон жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авч чадахгүйгээс дампуурч магадгүй. Ийм үр дагаварт хүрэхийг мэдсээр байж, мэргэжлийн байгууллага зөвлөсөөр байхад эдийн засгийг лаборатори болгох нь маш том эрсдэл. Түүнээс гадна мөнгөний бодлогод маш сөрөг нөлөөтэй. Учир нь мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулдаг гэсэн маш том сургамж олон улсын түвшинд байгаа юм. Бүр аюултай нь Төв банкны бие даасан, хараат бус байдалд ч нөлөөлөх эрсдэл харагдаж байна.

- Шийдлийг юу гэж харж байгаа вэ?

- Бид шийдлийг маш тодорхой хэлж байгаа. Эхний ээлжинд зээлийн хүүг хууль гаргах замаар хатуу тогтоох нь зохимжгүй гэж. Бидний шийдэл бол зах зээлийнх нь зарчмаар зээлийн хүүг бууруулах боломж байна гэж үзэж байгаа. Зээлийн хүүг бууруулах стратегид бодлогын түвшинд юу хийх вэ, банкууд юу хийх вэ, бусад оролцогчид юу хийх вэ гэдгийг маш тодорхой тусгачихсан.

Үүнийг улс төрийн нөлөөллөөс үл хамаараад тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь инфляцийн найман хувийн зорилтоо алдахгүй, зургаан хувийн зорилт руу буулгах хэрэгтэй. Инфляци буурахаар бодлогын 11 хувийн хүү 8-9 нэгж рүү бууж ирнэ. Ийм болоход хадгаламжийн хүү нэг оронтой тоо руу бууж ирнэ. Зээлийн хүү өнөөдөр 16-17 хувь байгаа бол 14-15 болно.

Эцэст нь хэлэхэд, шийдэлийг Монголбанкнаас санал болгож байна. Мэс засал хийх гэж байгаа эмчид яаж хийхийг заадаггүй. Эдийн засаг, банкны салбарын хүмүүс харчихаад үр дагаврыг нь хэлж байгаа бол тодорхой түвшинд сонсдог байж нийгэм, зах зээл хөгжинө.  Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойноос холдсон шийдвэр гараад эхлэх юм бол буруу зүгрүүгээ явдаг. Үүнийг нийгэм маш сайн ойлгох учиртай.

- Мөнгө хүүлэлттэй холбоотой асуудал сүүлийн үед ихээр яригдах боллоо. Төв банк үүнд хэрхэн анхаарч байна вэ?

- Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Монголбанкнаас боловсруулаад байна. Үүнд тодорхой нэг зүйлийг нэмсэн. Мөнгө хүүлэлт гэж юу вэ гэдгийг тодорхой болгосон.  Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалтыг дэд зүйл болгож оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн бариулахаар шуурхай ажиллаж байна.




Холбоотой мэдээлэл


IPO гэж юу вэ?
IPO гэж юу вэ?
6 өдөр, 18 цаг

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.