Спорт


Д.Эрдэнэбилэгийн 14 дэх, Г.Хэрлэнмөрөнгийн анхны түрүү

4 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд гол өрсөлдөөн ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол-Харүмафүжи), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нарын хооронд өрнөсөн гэхэд болно. Хэрэв тэд адилхан оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн бол коэффициент буюу чанарын үзүүлэлтээр Б.Мөнхжин түрүүлэх байлаа. Гэвч тэрбээр сүүлийн өрөгтөө хамгийн залуу оролцогч, 12 настай П.Эрхэмбилэгийг хожиж чадсангүй, оноо хуваасан. Үүнийг их мастер чадамгай ашиглан сүүлийн өрөгтөө ялалт байгуулснаар 14 дэх удаагаа улсын аварга боллоо. Хүрэл медалийг ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) хүртсэн.


Эмэгтэйчүүдийг ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) гараанаас эхлэн өнгөлсөөр тэр чигээрээ “барианд орлоо”. Улсын аваргын анхны түрүүгээ авч буй тэрбээр өмнө нь мөнгө, хүрэл медаль тус бүр хоёронтаа хүртэж байв. УАШТ-д анх удаагаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб)-гийн хувьд 9-р тойрогт бүдрээгүй бол түрүүлэх ч боломж байсан. Харин ноднингийн аварга ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) төгсгөлийн гурван тавилдаа 5 оноо авсны хүчээр хүрэл медалийн эзэн болсон байна. Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг

Эрэгтэй - http://fmjd.org/results/tournaments/2019/f_2065/final_standings&11.html 

Эмэгтэй - http://fmjd.org/results/tournaments/2019/f_2066/final_standings&11.html    холбоосоор үзнэ үү. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.