Улс төр


З.Нарантуяа: Малын хулгайн зөрчлийг холбогдох хуулиудад заалт болгон оруулах шаардлагатай

2 сар TIMES.MN

Малчдын санааг зовоож буй хэд хэдэн асуудал байгаагаас малын хулгайн гэмт хэрэг хамгийн ихээр газар авч,  өндөр зохион байгуулалттай болж байна. Үүнд төр засаг анхаарлаа хандуулах цаг ирсэн. Ингэхийн тулд Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон Зөрчлийн тухай хуульд малын хулгайн гэмт хэргийн зөрчлийг тусгай заалт болгон оруулах зайлшгүй шаардлагатай болсон хэмээн үзэж  байгаа талаараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр  хэвлэлийн хурал хийж мэдээллээ.

2019 оны байдлаар статистикийн мэдээгээр 1096 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэлтэй байгаа аж. Энэ нь нийт улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байгаа нь юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор орон нутаг дахь Цагдаагийн хэлтэс, хороод төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа тэрбээр мөн  хэллээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17-12 буюу тус гэмт хэргийн зүйл заалтыг эргэн харах тун шаардлагатай байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Уг заалтанд 8 бод 24 богоос дээш бол хүндрүүлэх нөхцөлтэйгээр авч үздэг. Гэтэл энд заагдсан тоон үзүүлэлт малчид ард иргэдийн хувьд ихээхэн хохирол учруулж байхад гэмт хэрэгтэн хөнгөн ял шийтгэл авч, зөвхөн малчид олон жилийн ажил хөдөлмөр, өмч хөрөнгөөр  хохирч үлдэж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар малын хулгайн гэмт хэрэг өсөж байгаа нь ял шийтгэл хөнгөн, тэднийг хулгайлсан малын түүхий эдээ борлуулах зөөж тээвэрлэх боломж бүрдсэн байгаатай нягт холбоотой. Тухайн хуулийн зүйл заалтад хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнг зорчих эрхийг хязгаарлах, албадан олон нийтийн ажилд хамруулах хөнгөн ял шийтгэл л байна. Үүнийг илүү чангаруулж, дахин энэ мэт малын хулгайн гэмт хэрэгт орохгүй болтол, сэтгэлзүйн хувьд халширч болгоомжлох хүртэл хатуу арга хэмжээ авдаг байхаар хуулийн өөрчлөлт хийх нь чухал байна гэв.

Ингэхийн тулд дан ганц иргэний сангийн санал санаачлагаар биш, олон нийтийг хамарсан санал асуулга хэлэлцүүлэг явуулж, үндэсний хэмжээнд нийтээрээ малын хулгайтай тэмцэх санаачлага гарган, холбоотой хуулийн төслийг энэ чуулганд өргөн барихаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зундуйн Дорж сангаас малын хулгайн гэмт хэрэгтэй,  зөвхөн малчид ард иргэд гэлгүй холбоот аж ахуйн нэгж, үүрэн телефоны компаниудыг хамтран ажиллахыг уриалав.   




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.