Нийгэм


Сурагчдын дотуур байр, цэцэрлэгийн модон жорлонг халах аяныг өрнүүлнэ

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх сумдад ажиллаж, дунд сургууль, сурагчдын дотуур байр, гал тогоо, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудаар орж, сурагчдын сурах бичгийн хүртээмж, хоолны амт чанар, багш нарын ёс зүй, хичээл, даалгаврын ачаалал ямар байгааг багш, сурагчдаас тодруулан асуулаа.


Малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулахын зэрэгцээ модон жорлонг боловсон ариун цэврийн байгууламжаар солих ажилд анхаарна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй дотуур байранд 34.7 мянган хүүхэд амьдардаг. Дотуур байруудын 71.3 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтай болохоор усаа зөөвөрлөн хэрэглэж байна. Мөн 61 хувь нь гаднаа нүхэн жорлонтой, тэдний бараг тал хувь нь 70 метрээс хол зайд байрлаж байгаа юм, энэ байдлыг яаралтай сайжруулна гэдгээ БСШУС-ын сайд илэрхийлэв.

Төвшрүүлэх сумын “Сансар” хүүхдийн цэцэрлэгийн багш Д.Туяа манай ариун цэврийн байгууламж цэцэрлэгтэйгээ хоолойгоор холбогдсон нь хүүхдүүд өвлийн улиралд даарахгүй, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг онцлов. Архангай аймгийн ЗДТГ, “Мобиком” корпораци, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хамтын санхүүжилтээр хийгдсэн тус цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг орон нутгийн жишиг загвар гэж хэлж болохоор ажээ.



Цэнхэр сумын дунд сургуулийн багш Б.Хараамижид Монголын багш нарын их хурлын уриалга, салбарын сайдын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Бид хичээлээ хүүхдүүдээ ойлгуулахын тулд олон төрлийн үзүүлэн, материалыг гараараа хийж, хувиасаа зардал гаргаж ирсэн. Энэ асуудал улсын төсвөөс шийдэгдэх болсонд баяртай байна. Багш илүү бүтээлч байх сэдлийг дэмжсэн шийдвэр гарлаа. Багш, сурагчдын ачааллыг бууруулах ажлыг ч хийж эхэлсэн. Манай сургуулиас Улсын төрөлжсөн олимпиадаас бусад олимпиадад багш, сурагчид оролцоогүй гэж байлаа.

Сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнд элэгний халдвараар өвчлөх магадлал ойрын жилүүдэд эрс буурна гэж салбарын эрдэмтэд, эмч нар үзэж байгааг иргэд баяртайгаар хүлээн авлаа. Уг төслийн нэгдүгээр шат тус аймгийн бүх суманд амжилттай хэрэгжиж, 40-65 насны нийт иргэдийг C вирусгүй болгох аян өрнүүлсөн бөгөөд одоо хоёрдугаар шат нь хэрэгжиж байгаа юм. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.