Сонголт


С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүд юу хэлэв...

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Төрийн ордны А танхимд өчигдөр С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ.  Тус бичлэгийг үзсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна. 


Шадар сайд Энхтүвшин: Маш муухай юм байна. Өөр хэлэх юм алга. Ер нь айхтар юм болж. Даралт ихтэй хүмүүс үзээд хэрэггүй юм байна.


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ийм харгис хэрцгий эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, хийсэн, хөхүүлэн дэмжсэн, зогсоож хянаж байх ёстой хүмүүст хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл хүртээх ёстой. Энэ хэрэгт гүтгэгдэж, хэрцгий балмадаар эрүү шүүлтэн дор тулгагдаж хэрэг хүлээсэн хүмүүсийг яаралтай суллаж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж Монголын төр уучлалт гуйх ёстой.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үнэхээр хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоогоогүй байхад иймэрхүү эрүүдэн шүүх арга хэмжээг авч болох уу? Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж би бодож байна. УИХ энэ асуудлыг маш шударгаар үнэн зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна.


Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг: Нэгэнт Засгийн газар мөрдөн байцаах ажилд саад болохгүй ийм хэсгийг задалсан, ил болгох шийдвэр гаргасан. тэр хүрээнд тагнуулын байгууллага 20 орчим минутын бичлэг үзүүлсэн. Түүнийг үзэхэд Монголд ийм нөхцөл байдал байдаг юм болов уу гэмээр санагдлаа. Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа.


УИХ-ын О.Баасанхүү: Гэм буруутай гэм буруугүй, ҮАБЗ тогтоохгүй, ганцхан шүүх л тогтооно. Шүүхээр тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй. Ард түмэн та нарт дуртай хуулиа гаргаж, дураараа дургих эрх өгсөн юм байна. Одоо эцэст нь дэглэм өөрчлөх гэж байна. Энэ бол цусаараа хувьсгал хийж тэмцэх ёстой юм байна л даа.


УИХ-ын гишүүн М.Билэгт: Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хууль орж ирж байгаа гэж би ойлгосон. Гэтэл юу болоод байгааг Нямдорж сайдаас асуумаар байна. Бид нийгэмд хардлагад өртөх гээд байна. Эрүүдэн шүүгдэхээс аврагдах нь гэж ойлгож байтал төрийн өндөр албан тушаалтнууд хэрэг үйлдэхэд шүүх, прокурор яллаж чадахаа байх нь гэж ойлгоод байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.