Нийгэм


МЭХ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээ өмгөөлөн ажиллана

1 сар TIMES.MN

МЭХ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээ өмгөөлөн ажиллах болсон талаар өнөөдөр МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, УЗ-н гишүүн Ш.Ариунаа, В.Удвал, Д.Энхжаргал нар хэвлэлийн хурал хийлээ. Энэ хэвлэлийн хурлаар Монголын Эмэгтэйчүүдийн холбоо  хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээ өмгөөлөн ажиллах талаар мэдээлэл өглөө. Мөн Нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болсон гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад байгаа гэр бүлийн тухай хуулийг улстөржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж таван зүйл бүхий шаардлагыг хүргүүлж буй талаараа мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, 

ШААРДЛАГА

Нэг. Нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болсон гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад байгаа Гэр  бүлийн тухай хуулийг улстөржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж байна.

Нийгмийн анхан шатны нэгж болсон гэр бүл, түүний бүтэц өнөөдөр алдагдаад байна. Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл, “өрх толгойлсон хүүхэд”, тавиул хүүхэд гэсэн нэр томъёо хэрэглэх боллоо. 77917 өрөөсгөл гэр бүл Монгол улсад байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байсан юм. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байгаа ч тулгамдаж буй асуудлын хувьд тус тусын онцлогтой байна.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж, 2018 оны байдлаар 2945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан албан ёсны тоо байна.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  дээр 6  удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй байдаг.

Хоёр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг нэмэгдүүлж, нэмэлт өөрчлөлт оруулж яаралтай санаачилж, хэлэлцэж батлах, хэрэгжүүлэхийг хууль санаачлагч, батлагч, хэрэгжүүлэгчдээс шаардаж байна.

Өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, насанд хүрээгүй 36 мянга гаруй хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байна.Хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтаасан иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй. Хэрэв гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно. 

Тэтгэлэг төлөлтийн асуудал нь хүүхэд 18 нас хүрэхэд л дуусгавар болж хаагддаг. Бусдаар бол тэтгэлэг төлөлтийг дуусгавар болгох эрх зүйн орчин байхгүй. Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд хүүхдийн тэтгэлэг тухайн үед нэхэмжлээгүй нь хариуцагчийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх гаргуулахаар шийдвэрлэвэл тэтгэлгийг тогтоосон хугацаанаас хойш тооцон олгоно. Түүнчлэн хойд эцгээр овоглосон насанд хүрээгүй дагавар хүүхдэд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгүй орхигдуулж байгаа нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг илүү боловсронгуй, оновчтой болгож чангатгах шаардлагатай байна.

Гурав. Хууль шүүхийн холбогдох байгууллагуудаас бага насны охидын бэлгийн хүчирхийлэл, ёс бусаар хандах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх эмнэлгийн дүгнэлт нотлох баримт гаргах, шүүн хэлэлцэх,  яллах бүхий л шатанд хуулийн дагуу шударга ёсыг тогтоож, гэмт этгээдийг ял завшуулахгүй ажиллахыг шаардаж байна.

Сүүлийн 3 жилд бага насны 292 охин, он гарсаар 4-17 насны 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөний ихэнх нь ойр дотны хүмүүс, төрсөн болон хойд эцэг, ах, хамаатан, хажуу хөршийн хүмүүс байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Ийм төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн хуулийн шатанд хэрэгсэхгүй болох, ял завших явдал гарч байгаатай эвлэрэх боломжгүй юм.


Зүйл анги

12.1

12.2 (бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах)

12.5 (16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох)

Он

7 хүртэлх

8-13 нас

7 хүртэлх

8-13 нас

7 хүртэлх

8-13 нас

2016

18

45

4

7

 

6

2017

20

59

3

7

 

6

2018

20

91

1

5

 

2



Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газраас Хүний Эрхийн Форумыг гишүүдэд ирүүлсэн мэдээллээс

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг нэн даруй батлах, ингэхдээ монгол улсын засаг төр нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг биелүүлж, Хүний эрхийн хороонд зөвлөмжөөр хүлээн авсан амлалтдаа хүрч Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, аливаа байгууллага дотоод журамдаа тусгаж, урьдчилан сэргийлэх, оновчтой хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаж өргөн баригдсан төслийн 7 ба 8 дугаар зүйлийг сайжруулан батлахыг шаардаж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт нь ажил сургуулийн бүхий л орчинд эрх мэдэл, албан тушаал, давуу байдлаа ашиглан ажилтанд бэлгийн дарамтыг үг хэлээр, үйл хөдлөлөөр илэрхийлж, албан тушаал амлах, эсвэл цалин мөнгө, хичээлийн дүнгээр барьцаалах зэрэг дарамт шахалт, хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэрэг мөн. Энэ төрлийн гэмт хэрэг газар авч байгааг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн гэмт хэргийн мэдээлэл нотлон харуулж байна.

АББД-тай тэмцэх ТББ-ын эвсэл болон МОНЭС-ын  2016, 2017 онд хийгдсэн судалгаануудаар,

-795 хүн хамрагдсан онлайн судалгаагаар хохирогчдын 2% нь эрэгтэйчүүд, 98% нь эмэгтэйчүүд бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг түгээмэл байгааг удалгаанд оролцогчдын 64% нь хүлээн зөвшөөрсөн

-АББД-ын цар хүрээний хувьд ерөнхий боловсрол, их дээд сургуульд, төрийн байгууллагад түгээмэл байгаагаас гадна бизнесийн байгууллага, эмнэлэгийн байгууллагад 2004 онтой харьцуулахад АББД-ын тохиолдол 20-25% өссөн байна.

Гэтэл УИХ-д өргөн баригдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан байгаа Ажлын байранд аливаа дарамт, бэлгийн дарамтыг хориглох” заалтыг хасуулсах саналаа илэрхийлсэн Ажил олгогч эздийн холбоог бид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж бизнесийн байгууллагуудад хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэхийн эсрэг байгааг буруушааж байна.

Тав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, төсөл, хөтөлбөр батлагдсан хэдий ч гэр бүлийн орчинд бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг бие мах бодь, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна. Хүчирхийллийг үл тэвчиж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд нэн даруй зохион байгуулахыг Монгол улсын Засгийн газраас шаардаж байна. 
2018 онд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон нийт 1135 хүний 93 хувь нь бие махбодийн хохирол амссан бол 2 хувь нь сэтгэл санаа, 4 хувь нь бэлгийн, 1 хувь нь эдийн засгийн дарамт, хохирол амссан байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.