Сонголт


МХЕГ: “KFC-Зайсан” салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан

8 сар TIMES.MN

Таван богд фүүдс ХХК-ийн Хан Уул дүүрэгт байрлах “KFC-Зайсан” салбарын хоолны газарт хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/328 тушаалаар батлагдсан “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам”-ын дагуу ХӨСҮТ-тэй хамтран үүсгэгч, өвчний эх уурхай, дамжсан замыг тодорхойлох, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг авч ажиллалаа. 
Тус KFC түргэн хоолны сүлжээ нь 6 дүүрэгт байрлалтай нийт 12 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хоол хүнсээр дамжих өвчлөл гарсантай холбогдуулан “Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоож, бусад 11 салбарын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан. 


“Зайсан KFC” салбарт гарсан хоолны хордлого, халдварын дэгдэлтэд хийсэн тандалт, хяналт шалгалтын дүн:


Шалгалттай холбоотой Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн түүхий эд, бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дүнгийн баталгаажсан хариу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүлээгдсэнтэй холбоотойгоор нэгдсэн дүгнэлт гарах хугацаа хойшлогдсон болно.
Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/328 тушаалаар батлагдсан “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам”-ын дагуу ХӨСҮТ-тэй хамтран өвчтөнүүдэд илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг, халдвар судлал, эмнэл зүйн лабораторийн шинжилгээний дүнгүүд, хяналт, шалгалтаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдал, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг эрүүл ахуйн талаар мөрдөж шалгасан материалыг нэгтгэж“Зайсан KFC” салбарт гарсан хоол хүнсээр дамжих өвчиний дэгдэлт нь “Нэг эх уурхайтай, шигелла нянгаар үүсгэгдсэн, хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт” гэж дүгнэлээ. 


Зөрчил үйлдсэн Таван богд фүүдс ХХК-д Зөрчлийн хэрэг нээж, прокурорын тогтоолоор үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14. дүгээр зүйлийн 4, 6.15 дугаар зүйлийн 3.1, 5.1, 6.15.2 дах заалтуудын дагуу 14 сая төгрөгийн торгууль, 8.500.550 төгрөгийн хууль бус орлого, 49 сая 407 мянган төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар хүргүүлсэн. Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг, 31.1 кг амталсан, амтлаагүй тахианы мах, бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгуулан, бүх KFC салбаруудын ажлын байранд Цэвэр–Орчин ХХК-иар төлөвлөгөөт бус халдваргүйтгэлийг хийлгүүллээ. 


Хяналт шалгалтын явцад “Зайсан KFC”, “Зайсан пицца” салбарын усан хангамжийг нийлүүлэгч Си Си Эс Эм Жи Эл ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр гүний худаг ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ус түгээж байсанг тогтоож Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 5 сая төгрөгийн торгох болон 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, худгийн ашиглалтыг зогсоох арга хэмжээг авч ажиллаж байна. 


Бусад 11 KFC сүлжээ хоолны салбаруудад хийсэн төлөвлөгөөт бус хяналт, шалгалтаар: 


Шалгалтын явцад давхардсан тоогоор 64 зөрчил, дутагдал илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 5 салбар дээр мөнгөн торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар 4 албан даалгавар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн улсын ахлах байцаагчийн 7 хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн,хэрэгжилтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна.


Шалгалтад хамрагдсан 11 салбарт дараах зөрчил, дутагдал нийтлэг илэрсэн. Үүнд:


• Галлерей KFC салбар дээр “GN Bewerages”компанийн нийлүүлж буй “Mountan” нэрийн Ундааны концентрацийн хадгалах хугацаа 2019.02.18-нд дууссан байхад үйлдвэрлэлээс буцаалт хийгээгүй, 


• Тэнгис салбарт түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх төхөөрөмжийн температурын горимын мөрдөлтөнд тавих хяналт хангалтгүй, лифтний үйл ажиллагаа зогссоноос ажил эхлэхийн өмнө ба ажил дууссаны дараа өглөө оройд үйлчилгээний заалаар хүнсээ зөөвөрлөдөг байна. 


• Мөн түүхий тахианы махны анхан шатны боловсруулалт, гэсгээлт, амталгааны хэсэг нь салатны хэсэгтэй нэг дор байрладаг, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, анхан шатны мэдрэхүйн үзүүлэлтээр шалгах, ангилан ялгалт хийх, цэвэрлэн хуваарилах зориулалтын цэггүй, 


• Сансар, Намьянжү салбарын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж буй 3 ажилтаны гарт шарх, шалбархай байхад хөдөлмөр зохицуулалт хийгээгүй байна. Галлерей KFC салбарт шалгалт хийсэн өдрийн өглөө ажил эхлэхэд эрүүл ахуйн зохистой дадлын мөрдөлтийг хянах бүртгэл дээр ажилтан П, Н нарыг хянаж, бүртгэхгүйгээр нэвтрүүлсэн. 


• Нийт салбаруудад хоол үйлдвэрлэлд ашиглаж буй ундны усыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд бүрэн үзүүлэлтээр /хүнд металл/ хамруулж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, 
• нийт салбаруудад зарим ажилтан 1 ээлжийн хувцастай, ажиллагсдын ажлын хувцас угаах нөхцөлийг бүрдүүлээгүйгээс гэртээ авч явж угаадаг байна.


• Хархорин салбарт 1, Смарт салбарт 2, нийт 3 ажилтан нь эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтоосон хугацаандаа хамрагдаагүй. Сүлжээ хоолны газруудын салбарын менежерүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хангалтгүй тавьж ажилладаг нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дурэм, журмыг зөрчсөн байна. 


• Шалгалтын явцад тулгалт хийсэн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрийн 201 буюу 50.5 хувьд нь флюрографийн дугаар байхгүй, сүрьеэг илрүүлэх шинжилгээг асуумжаар авч ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэрт бичилт хийсэн байна. 
• Мөн 180 буюу 45 хувьд нь арьсны эмчийн тэмдэглэлгүй /БЗДХ өвчний шинжилгээ бичсэн/ байгаа нь “Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.1, 5.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Нийт 9 ажилтаны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх дэвтэрийг хүчингүй болгож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд давтан хамруулах арга хэмжээг авлаа.


Хуурамч дэвтэртэй холбоотой зөрчлийг шалгуулахаар харьяалалын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Газрын даргын 2019.02.27-ны өдрийн 02-01/746 тоот дугаартай албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн нян судлалын лабораториудыг яаралтай хэвийн ажиллуулах, гэрээ хийсэн аж ахуйн нэгж байгууллагад гэрээнд заасан хугацаанд чирэгдэлгүй шуурхай үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллах, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 145 тоот тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын хэрэгжилтэд дотоодын хяналт тавьж ажиллаагүй, давтан зөрчил гаргасан Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн холбогдох албан тушаалтан нарт хариуцлага тооцох саналуудыг тус тус хүргүүлээд байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.