Газар дээрээс нь


СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА

1 сар, 1 долоо хоног TIMES.MN


Сэрүүлэг тавив. Сайхан газарт очих гэж байж хоцорчих вий гэж ухаандаа  сэргийлж байгаа нь тэр. Гэвч  цагийн зүү  4-ийг ч  заагаагүй байхад аль хэдийнэ дуг нойрноосоо сэржээ. Урд орой нь нэлээд хэдэн цаг энхэл, донхол олонтой, түгжрээ ихтэй замаар, тохь муутайхан автобусаар сэгсчүүлж ирсэн гэхэд ер ядарсан шинжгүй. Барааг нь харах байтугай, бодолдоо ч төсөөлж байгаагүй тэр ариун дагшин газарт хурдхан очих юмсан гэсэн хүсэл гижигдэж,  цагийн зүү дэндүү удаан цохиод ч байгаа юм шиг. Хэн ч яаруулаагүй байхад орноосоо  год хийн босч, хүйтэн усаар нүүрээ шавшчихаад, үүр ч хаяараагүй байхад цонхныхоо хөшгийг татлаа. Уг нь би чинь  тайвандуу  талдаа ч,   тэр өдөр нэг л тэвдүү. Хувцасаа өмсөхдөө хүртэл шаламгай. Буудлын үүдний танхимд   сэтгүүлчдийн  багийнхан  4.30 минутад хоцрохгүй цуглахаар цаг товлоцгоосон юм. Гэвч   түрүүлээд буугаад ирсэн нь тэр. Гадагш гарч салхи амьсгалав. Аль зүгрүү хөдлөхийг мэдэхгүй байж, бас өндөр байшин, барилгууд сүндэрлээд алсын бараа харагдахгүй  байхад сэтгэлдээ төсөөлөнхөн ширтэнэ.

 Бурхан багш нирваан дүр үзүүлэхийнхээ  өмнө шавьдаа хандаж “Ариун номын замаар итгэлтэй замнагч хүмүүсийн номын эрч хүч, урам зоригийг бадраах, үзвэл зохих 4 газар бий” хэмээн  айлдсан  тухай номноос уншиж байсан мөрүүд санаанд тодхон  бууна. Тийм л дотоод сэтгэлээ чагнахуйн мэдрэмжийг өдөөгч, энэрэнгүй сэтгэлийн эрчисийг хөглөгч увидастай  газруудын нэгэнд ирэх хувь тохиосондоо   олзуурхана. Бурхан Будда мэндэлсэн, төгс гэгээрсэн, номын хүрдийг эргүүлсэн, нирваан дүрийг үзүүлсэн гэх дөрвөн онцгой газар Энэтхэгт байдаг аж.

Үдшийн гялаан буугаад удаагүй, үүр тэмдэгэрэх цагаар  бид Буддагийн гэгээрсэн Бодгаяа  руу хөдөллөө. Буудалласан газраас бурхны хутгийг олсон газар ойрхон,  тав хүрэхгүй минутын дотор хүрчихэв. Энэтхэгт хаана ч очсон  харуул хамгаалалт нь хатуу, чанга мэт санагдаж байв. Магадгүй биднийг   очих үеэр Энэтхэг, Пакистаны харилцаа хүйтэрч, хариу цохилт өгсөн учир аюулгүй байдалд анхаарлаа илүүтэйгээр хандуулж байсан ч байж болох юм. Бурхан, мөргөлийн газар гээд бусдаас өөр, буу шийдэм мөрөндөө угласан хамгаалагч байхгүй гэж төсөөлж байсан болохоор үүдээр нь нэвтрэхдээ гайхасхийн орлоо. Бодгаяаг зорьж ирсэн болгон гутлаа тайлж, углааш углаж эсвэл оймс өмсч, үгүй бол хөл нүцгэн алхана.


Өглөөний 5 цаг гэхэд хэдийнээ мөргөлчид, жуулчид, сонирхогчид цуварсаар л.  Газар газрын зочид дүүрэн.  Номын дуу эгшиглэн сонор мялааж, арц хүжийн тансаг үнэр хамар цоргино. Хаа нэгтээгээс нохдын хуцах дуу хадна. Хуврагууд ч тэр, жирийн хүмүүс   ч олуулаа зэрэгцэн сууцгааж  бясалгал үйлдэнэ. Зарим нэг нь сунаж мөргөсөөр. Ганцаараа орчноос тасарсан мэт, хажуугаар нь явж  байгаа хүнийг ч үл анзааран, огт хөдлөхгүй  суун бясалгаж байгаа хүмүүс олон.

Зөрж өнгөрөх хүмүүсийн харцнаас олон өнгө тунарч буй мэт санагдсан.   Өөрийгөө сонсох,  бурханд залбирах , сүмийн хийц шийдлийг сонжих, соёл, түүхтэй танилцах, энерги авах гэж хүмүүн бүрийн хүсэл зорилго өөр, өөр учраас тэр биз ээ. Гэхдээ тэнд нам жим  ноёрхож байлаа. Гэгээрэхүйн оронд ирчихээд хэн ч  уурлаж уцаарлаад, хашгичаж орилоод, чанга, чанга яриад байя гэж бодохов. Олон хүмүүний дотоод сэтгэлийн "долгион" тодорхой  цэг дээр огтлолцохоор тайвшрал  орчныг эзэмдэхээс ч аргагүй байх гэсэн бодол хөвөрнө.

 

Бодгаяа  тус улсын хамгийн ядуу гэсэн тодотголтой  Бихар мужийн Гаягаас өмнө зүгт байдаг юм байна.  Бурханы хутгийг олсон энэ газрын эргэн тойронд нь  бунхан болон  дурсгалын цогцолборуудтай. Махабодь сүм эрхгүй хараа булаана. Өндөр, сүрлэг, хийц нь өвөрмөц.  Гэгээрсэн эрхэм дээд үйлийн билэгдэл гэх юм билээ.  2002 онд Махабодь сүмийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэжээ. Энэхүү сүмийн баруун талд Бодь мод болон бурхан багшийн  гэгээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу бий.   Бодьгаяад ирж, Бодь модны доор суудал засаад “Би зовлонгийн шалтгааныг олох хүртлээ эндээс явахгүй” гэсэн тангараг тавиад гүн бясалгал хийсэн  гэдэг. Энэ түүхийн гэрч болсон Бодь мод Бодьгаяад жил бүр цэцэглэн, ургасаар л. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан сүсэгтэн олон  навч унах үеийг тааруулан ирж   хүлээн суудаг гэнэ. Бодь модны   навчийг  тосч авч чадвал  аз гийнэ гэж бэлэгшээдэг гэх.





Өнөөдөр техник технологи  нүд ирмэхийн зуур хувьсан өөрчлөгдөж,   орчин ахуй тансаг болж, амьжиргаа дээшилж байгаатай хэн ч маргахгүй. Гэвч   хүн гээч цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гуниг, хүсэл шуналаас үүдээд  энэлж шаналсаар байгаа нь бас л  маргахын аргагүй үнэн. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг.

2500 гаруй жилийн өмнө Бурхан багш зовлонгийн шалтгааныг  олж, өөрийн бие дээр туршин нотолж, түүнээс гарах арга замыг  хүмүүст  зааж өгчээ.   Бид  бурхан багшийн сургаалийг дагана  гэхээр л шашинд сүслэгч, итгэгч, мөргөлч болчихно гэсэн төөрөгдөлд автдаг юм шигээ. Их багш хэмээн алдар нэр нь түгсэн  Гоёнка хэмээн эрхэм хүмүүн “Бурхан багш хэзээ ч шашны аль нэг урсгалыг буй болгоогүй. Тэрээр мөнхийн амар амгаланд хүрэх, бүх хүнд нэгэн адил үйлчлэх нийтлэг ариун номыг заасан юм” хэмээн хэлжээ.

Нээрээ л бурхан багшийн сургаалийг дэлгэрүүлэгчид буюу дараа дараагийн үеийнхэн олон хэв шинжийг агуулсан урсгал чиглэл буй болгож, зарим нь өөр хоорондоо тэмцэлдэн, тодорхой эрх ашигт автахдаа  олон хүмүүний итгэл үнэмшил дээр нь дөрөөлөн  хэт шашинжих хандлага руу хөтөлдөг  юм биш байгаа гэсэн эргэлзээ төрснөө нуух юун.

Үнэндээ хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь   хэн нэгэн биш   бидний дотор орших мэдрэмж. Энэ зовлонгоосоо салая гэвэл   дотор “хүнтэйгээ” буюу  мэдрэмжтэй ажиллах  шаардлагатай гэсэн үг.  Бурхан багшийн  сургаалийн хамгийн гол цөм нь энэ юм байна.

Хүний мэдрэмж хувьсамтгай.  Энэхүү мөн чанарыг ойлгож, хариу үйлдэл хийхгүй , хөндлөнгийн ажиглагч  байж сурвал уурлаж, шунаж, элдэв мууг үйлдэхгүй байх дадал суусаар сэтгэл ариусдаг байна. Ингэж сэтгэлээ  шат шатаар  цэвэрлэх арга нь Випашяна бясалгал ажээ. Випашяна гэдэг нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай. Энэ бурханы бясалгал нь аль  нэгэн шашны бүлэглэлд хамааралгүй, сэтгэл оюуныг ариусгах арга юм байна.

Бурхан багш үүнийг “Би та нарт хэрхэн алхам алхмаар сэтгэлд нөхцөлдсөн үйлийн үрийг арилгахыг үзүүллээ” гэж хэлсэн байдаг аж.

  Бурхны заасан сургаалын онол нь Ганжуур, практик нь Випашяна бясалгал гэж Д.Ширэндэв багшийн томьёолсон нь ойлгоход илүү дөхөм санагдаж байв.

Энэ бөмбөрцөг дээр амьдарч байгаа олон  хүмүүн  өнөөдөр  тэртээ хэдэн мянганы өмнө Бурхан багшийн заан сургаж байсан бясалгалруу хошуурч эхэлснийг Бодгаяад очоод илүүтэй анзаарлаа.


Д.Доржпагма

 




Холбоотой мэдээлэл


СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Ene bysgyi haaya neg bichiheere myndag bichine shyy.amjilt hysie.amidraliig baigaagaar harah chadvariig bitgii aldaarai.ooriinhooro shyy.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Бурханы сайхан оронд очоод ирсэн юм шиг мэдрэмж авлаа.Ажилд нь амжилт хүсьё.Үг нь мэргэн,үзэг нь хурц байг .