
Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төв нь 2003 оноос хойш Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт англи хэлний сургалт явуулж эхэлсэн бөгөөд энэ жилээс ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын харьяа нэгж болжээ. Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл давхардсан тоогоор 4200 гаруй офицер, ахлагчийг төгсгөсөн байна. Үүнээс 100 гаруй алба хаагч төрийн цэргийн байгууллагаас суралцсан байна.
Тус сургалтын төвийн дарга, дэд хурандаа Б.Алтанзул:
Манай төв өнөөдөр зөвхөн Зэвсэгт хүчнээр тогтохгүй Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Авлигатай тэмцэх газар, Дотоодын цэрэг, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад англи хэлний анхан, бэлтгэл дунд, дунд түвшний шаталсан сургалтыг явуулж байна.
2006 оноос Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төв гэж нэрлэгдсэн манай төв өөрийн байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулахаас гадна Зэвсэгт хүчний 084, 150, 311, 330, 350 дугаар ангид ЗХЖШ-ын даргын тушаалаар мөн англи хэлний сургалт, дамжаануудыг зохион байгуулдаг.
Манай төвийн төгсөгчид дараагийн шатны гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалтуудын сорил, сонгон шалгаруулалтад тэнцэж, үргэлжлүүлэн суралцдаг бөгөөд олон улсын Энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэдэг билээ. Бид ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын нэг хэсэг болж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн нягт хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Хамт олондоо ажлын амжилтыг хүсье.
Сэтгэгдэл