Энхийн шагналын эзнээр Дэлхийн оюуны өмчийн алтан медальт, мэс заслын эмч Ц.Лочин тодорлоо

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

"Энхийн шагнал- 2018" шагналыг клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс засалч эмч Цогтын Лочин хүртэв. Түүний амжилт нь нойр булчирхай үхжилт үрэвслийн мэс засал, бусад мэс заслын эмчилгээнд шинээр арга техник нэвтрүүлсэн. Монгол хүний онцлогт тохирсон 20 гаруй төрлийн мэс заслын багаж шинээр зохион бүтээсэн байна. Олон хүнд амьдрал бэлэглэхэд хувь нэмрээ оруулж яваа түүний гавьяаг үнэлж, цаашид хийх ажилд нь урам зориг өгч ийнхүү Энхийн шагналыг олгосон байна. Түүний бүтээлч байдлыг Дэлхийн Оюуны өмчийн байгууллага үнэлж 2018 онд Алтан медалиа олгосон.  Энхийн шагналд нийгмийн бүхий л салбарын байгууллага, хамт олон, хувь хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Жил бүр 100 гаруй хүний тодорхойлолт, ажлыг дүгнэн цэгнэж, тусгай комисс гурван үе шаттайгаар  нягтлан шүүн шалгаруулдаг байна. Энэ шагналыг хүртэхэд уран барималч Л.Гантөмөрийн бүтээсэн дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөгөөр шагнадаг.  Ц.Лочин 1996-1998 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөж П.Н.Шастины  нэрэмжит эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, тус эмнэлгийн ерөнхий мэс засалчаар 11 дэх жилдээ ажиллаж байна. 

Өмнө нь Монгол Улсын "Шилдэг мэс засалч", "Шилдэг зохион бүтээгч" цолоор шагнуулж байсан тэрээр жилд дунджаар 350 гаруй мэс засал хийж, олон айл өрхөд элэг бүтэн амьдрал бэлэглэж байна.  2011 оноос эхлэн найм дахь жилдээ олгож байгаа "Энхийн шагнал"-ыг  МУСГЗ, дипломатч Д.Цахилгаан, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол Улсын гавьяат багш "Азийн хүүхдийн сан"-гийн захирал С.Эрдэнэчулуун, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч Ч.Ганзам, Д.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат эмч, ЭХЭМТ-ийн Хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан нар хүртэж байжээ. Шагналыг "Дэлхийн энхийн их наадам" ТББ, "Монголын уламжлалын академи, "Дэлхийн энх тайвны зөвлөл зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагуудын дэмжлэгээр жил бүр нэг л хүнд олгох болсон байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.