2019,1-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Франц, Англи, Хятад хэлтэй, анхны бие даасан лекцээ тавих гэж буй Б.Ариунхуртай ярилцлаа

7 сар, 3 долоо хоног TIMES.MN
Бага ангиасаа Хятад хэл, дунд ангидаа Англи хэл, ахлах ангиасаа Франц хэлд суралцаж өдгөө гурван улсын хэлээр чөлөөтэй ярьж, уншиж, бичдэг 18 настай Б.Ариунхур. Тэрээр анх 10 настайдаа гадаад хэлний сурах бичиг зохион хэвлүүлж байсан бол өнгөрсөн 2018 онд таван хэлний харьцуулсан орчуулгын ном гаргажээ. Түүнчлэн тэрээр 2 сарын 23-нд МҮЭСТӨ-нд өөрийн анхны бие даасан лекцээ толилуулах гэж байна. Хэл сурах авьяастай, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тэмүүлж, хичээж яваа Б.Ариунхуртай цөөн хором ярилцлаа.




-Сайн байна уу. Юун түрүүнд анхны бие даасан лекцээ тавих гэж байгаад нь баяр хүргэе. Дөнгөж 18-хан настай охин лекц тавина гэхээр бахархмаар юм.

-Анхны бие даасан лекцээ 2 сарын 23-нд 14 цагаас МҮЭСТӨ-нд зохион байгуулах гэж байгаа.


-Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач. Гурван хэлтэй гэсэн үү?

-Намайг Б.Ариунхур гэдэг, 18 настай. Хятад, Англи, Франц хэлтэй. Хятад хэлийг нэгдүгээр ангиасаа эхлэн “Хүслийн өргөө” сургуульд сурсан. Дунд ангидаа “Үй цай” руу шилжээд, ахлах сургуулиа нэгдүгээр сургуульд суралцаж төгссөн. Ахлах ангиасаа Франц хэл сурч эхэлсэн. Бичсэн номын тухайд 2010 онд Хятад хэл өөрөө сурах бичиг-1, 2013 онд түүнийхээ хоёр дахь дэвтрийг нь гаргаж байсан. Нийт гурван ном, нэг ханз бичгийн дэвтэр гаргасан. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2018 онд гаргасан ном нь Монгол-Орос-Англи-Франц-Хятад гэсэн 5 хэлний орчуулгатай зурагт толь бичиг гаргасан. Энэ номыг Франц хэлээ сураад, хэлний төвшний шалгалт өгөхөөр бэлдэж байхдаа гаргаж байсан.


-12 дугаар ангиа төгссөн юм байна. Оюутан болсон уу, хаана суралцдаг вэ?

-Өнгөрсөн жил төгссөн. Энэ жилийн есдүгээр сард Франц улс руу хуулийн сургуульд явахаар төлөвлөж байгаа.


-Яагаад Франц гэж, хуулийн сургууль сайн байдаг юм бол уу?

-Монгол, Франц улсын хууль нь хоорондоо их өөр юм билээ. Тэр нь их сонирхолтой санагдсан.


-“Хятад хэл өөрөө сурах бичиг” нь анхлан суралцаж буй хүмүүст зориулсан гэж ойлгож болох уу?

-Тийм. Тухайн номын агуулгад ханзных нь холбоо үг болон өгүүлбэр нь галиг, орчуулагатайгаа мөн бичих дараалал гээд бүх зүйл нь багтсан.


-Дөнгөж 18 настай, өөрөө бараг бие дааж гурван хэл сурсан гэхээр гэр бүлийнхэн нь хэлний авьяастай юу. Гадаад хэлийг хурдан сурахад юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Манай гэрт хэлний төвшинтэй хүн бараг байхгүй. Намайг багаас нь Хятад хэлээр сургасан. Мэдээж би дөнгөж нэгдүгээр ангиасаа хэл сурч эхэлсэн гэхээр шийдвэрийг өөрөө гаргаагүй, аав гаргасан. Аав маань “хэлтэй бол хөлтэй” гээд л Хятад сургуульд оруулсан гэсэн. /инээв/ Хятад хэлийг хоёр жил сураад 2008 онд буюу найман настай байхдаа Бээжинд аялж байсан. Тэр үед хүмүүс намайг “чи Өвөр-Монгол уу, ямар сайн ярьдаг юм бэ” гэж их асуудаг байсан. Түүнд нь их урамшдаг байсан, магадгүй үүнээс болж Хятад хэл сурахад илүү их дурласан байх.


-Хятад хэл бол Дорнын, Англи болохоор Европ гээд бас хоорондоо нэлээд ялгаатай. Өгүүлбэрийн бүтэц гээд л. Яг энэ гурван хэлийг сурахад ямар нэгэн уялдаа холбоо ч юм уу, юу нь илүү дөхөм байсан бэ?

-Мэдээж бүтэц, дуудлага нь тэс өөр. Англи, Франц хэлний өгүүлбэрийн бүтэц нь адилхан байдаг. Яг юу нь сурахад дөхөм болоод энэ гурван хэлийг богино хугацаанд сурснаа сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ нэг хэлийг сурчихсан байхад өөр хэлийг сурах чадвар байдаг байх.


-Магадгүй хэл сурах арга барилыг нь эзэмшчихсэн байхад ямар ч хэлийг амархан сурчихдаг байх тэ. Хятад, Англи хэл бол бараг дэлхийн хэл болчихлоо. Тэгвэл Франц хэлийг яагаад сонгон суралцах болов. Магадгүй гоё аялга, дуудлага, сонсголонтой гэдэг ч юм уу?

-/Инээв/ Хүмүүс ер нь Франц хэлийг сонсголонтой гоё хэл гэдэг. Миний хувьд ахлах ангидаа 1-р сургууль руу шилжсэн гэж түрүүн хэлсэн. Аравдугаар ангид байхад “сургууль дээр Франц хэлний дугуйлан хичээллэж эхлэх гэж байгаа. Сонирхож байгаа хүүхдүүд нь надтай уулзаарай” гээд багш маань зарлаж байсан. Би угаасаа хэл сурах сонирхолтой болохоор нэг ч гэсэн хэлийг мэдээд авъя гээд багштайгаа орж уулзсан даа. Франц хэлний дуудлага Англи хэлнээс тэс өөр дуудлагатай байсан нь миний сонирхлыг илүү их татсан.


-Сүүлийн үед хэл сурах аргачлалын талаар их ярих боллоо. Хүн бүрд л өөрийн гэсэн шалгарсан арга байдаг байх. Чиний хувьд ямар аргаар сурав, үе тэнгийнхэндээ хандаад ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Хамгийн түрүүнд хэл сурснаар чамд ямар ашигтай, давуу талтай вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Ер нь суръя гэсэн сонирхол л байхад өдөр бүр ном уншиж, өөрийгөө хүчлэхгүйгээр өөрийнхөө сонирхлоор сурвал илүү дөхөм мэт санагддаг. Хүн өөртөө ямарваа нэг хэмжээ, хязгаар тавихгүй зөнгөөрөө л байгаад байвал юуг ч олж авахгүй. Тиймээс тунг нь тааруулах хэрэгтэй. Өөртөө өдөр бүр заавал хөшүүрэг хийж байх хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр заавал 10 үг цээжилнэ, энэ өгүүлбэрийг ойлгож сурна ч гэдэг юм уу. Ямарваа нэг зорилготой байх хэрэгтэй. Мөн өөртөө аль ойр хэлбэрээр суралцах нь чухал. Тухайлбал, дуу сонсох, мэдээ унших, радио сонсох гэх мэт. Хүн завгүй гэсэн шалтгаанаар юуг ч өөртөө хийхгүй байж болно.


-Хятад хэл маш олон ханзтай, бас хэцүү хэл гэдэг ш дээ. Шантрах үе байсан уу?

-Би бага байсан болохоор тиймэрхүү зүйлээ сайн санадаггүй ш дээ. Гэхдээ тэр үеийн багш нар маань жижигхэн зүйл дээр ч урамшуулдаг байсан нь магадгүй тийм бодлыг минь устгаж өгсөн байх. Хамгийн энгийн жишээ нь даалгавраа хийгээд багшдаа үзүүлэхэд жижигхэн, хөөрхөн зураг нааж өгдөг гэдэг ч юм уу. Жаахан хүүхэд тийм юманд амархан урамшдаг шүү дээ.


-Хэл сурахад мэдэхгүй, чадахгүй зүйл их гарна. Тэр бүхэнд багшаасаа л асууж, лавладаг уу?

-Тийм. Гэхдээ ээж аавын яриаг сонсоход “чамайг дагаад л хэл сурдаг байсан юм” гэдэг. /инээв/


-Хоёрдугаар сарын 23-нд тавигдах лекцийнх нь агуулга юу вэ, мөн ямар насныханд зориулсан бэ?

-“Мөрөөдлөөр жигүүрлэсэн Монголын ирээдүй” гэсэн лекцээ тавих гэж байна. Нэрээсээ эхлээд л хүмүүст нэг л зүйлийг ойлгуулахыг зорьсон. Энэ нь миний үеийнхэн бол Монголын ирээдүй гэдгийг ойлгоосой л гэж. Мөн хүүхэд бүр мөрөөдөлтэй байгаа, тэр мөрөөдлөөрөө дамжуулж Монголынхоо төлөө ямар нэгэн зүйлийг хийгээсэй гэдгийг давхар үлгэрлэж, уриалахыг зорьсон. Доторх агуулгын хувьд дөрвөн хэсэгтэй.


-Эхний хэсэг нь “Энэ бол би” Үүн дээр ихэвчлэн өөрийн ертөнцийн зүгээс ярих болно. Жишээлбэл, миний туршлага болоод хүсэл эрмэлзэл юу вэ? гэх мэт

-Хоёр дахь нь “Хэл сурахын нууц” буюу хэл сурахдаа хүн юуг анхаарах ёстой болоод сурснаар хүнд ямар давуу тал бий болж болох зэрэг. Мөн хятад хэлний талаар хятад хэл дээр уншина.

-Гурав дахь нь “Сэтгэхүйн орон зай” буюу Франц хэл, улсын талаар ярина. Одоогоор би Францад очиж үзээгүй байгаа учир миний нүдээр тэр улс яаж харагдаж, төсөөлөгдөж байгаа тухай.

-Дөрөв дэх нь “Бид Монголын ирээдүй” буюу төгсгөл хэсэг.


Хамгийн чухал нь зургаан настайгаасаа эхлэн Хятад хэл сураад, өөрийн сонголтоор мөн Франц хэл сурлаа. Хэл сурахаас гадна хүн амьдралд яаж хандах ёстой юм бэ. Хэдий би дөнгөж 18 настай ч энэ хугацаанд амьдралаас юуг ойлгож ухаарав. Ямарваа нэг асуудалд яаж хандах талаарх өөрийн бодлоо бусадтай хуваалцахыг хүссэн. Насны хувьд миний үеийн хүүхдүүд байгаасай гэж бодож байгаа ч бас нөгөө талаар насны хязгаарлалтгүй байвал илүү дээр. Учир нь ээж аавууд ирээд таны хүүхэд юу бодож, хүсэж мөрөөдөж явдгийг бас ухаараасай гэж хүсэж байна.


-Тасалбар нь хэд вэ. Ямарваа нэг албан байгууллага ивээн тэтгэж байгаа юу?

-Тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарт өөрийн гаргасан номоо үнэ төлбөргүй дагалдуулж өгч байгаа. Тэгэхээр бараг номын үнээр үнэгүй лекц тавьж байгаа л гэсэн үг. Ивээн тэтгэсэн байгууллага байхгүй, 100 хувь бие даасан лекц. Анх лекц тавих санааг аав маань гаргасан.


-Чиний бодлоор эх орноо хайрлах, хөгжүүлэх юунаас эхлэх вэ?

-Мэдээж улсаа хөгжүүлэх хайрлахаас л эхлэх байх. Тухайлбал, хог хаяхгүй байх, мод сайн тарих, байгалиа сүйтгэхгүй байх гэх мэт энгийн зүйлээс л эхэлнэ. Тиймээс бидний өмнөх үеийнхэн, залуус, ахмадууд маань ямар нэг зүйл санаачлан биднийг уриалаасай, зөв зүйл рүү хөтлөөсэй.


-Өнөөдрийн нийгэмд залуучуудыг сайнаар ярих ч хүмүүс байна бас шүүмжлэх ч хүмүүс байна. Чиний хувьд 21-р зууны залуусыг юу гэж хардаг вэ?

-Хэдийгээр үе тэнгийн амжилттай яваа мөн улсынхаа нэрийг өргөж яваа залуус байгаа ч гудамжаар явж буй 5 хүний гурав нь өөрсдийгөө Монгол улсын ирээдүйг залгуулах ёстой хүмүүс гэдгээ мэдээгүй юм шиг санагддаг.


-18 нас чиний бодлоор ямар нас вэ?

-Залуу нас л байх./инээв/ Гэхдээ жаахан ч гэсэн ухаарал авчихсан байх нас гэж боддог. Юуг зөв, буруу гэдгийг ухаарч ойлгодог нас.


-Чиний өнөөдрийн хүмүүжил, хэл сурахад эцэг эхийн чинь оролцоо маш их байгаа. Чамд ээж аав чинь юу гэж зөвлөдөг вэ?

-Миний бодлоор хүүхдээ хэт их бөөцийлж, эрхлүүлэх нь дэмий мэт санагддаг. Хийх ёстой зүйлийг нь хийлгэснийх нь дараа чөлөөт цагийг нь гаргаж өгдөг ч юм уу. Хүүхэд маань ирээдүйд, нийгэмд өрсөлдөхдөө ямар байх ёстой вэ гэдгээ нүдэндээ төсөөлж хүмүүжүүлэх хэрэгтэй байх. Би багадаа тайван, тогтуун хүүхэд байсан гэсэн. Ер нь хүүхэдтэйгээ найз шиг нь л байх чухал мэт санагддаг. Хүүхдийнхээ царайг хараад л эцэг эхчүүд ямар нэг юм нь болохоо байсныг нь мэддэг байх. Тэр үед нь хүүхэдтэйгээ зөв аргаар харилцах, ярилцах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийнхээ юунд сонирхолтой, авьяастайг нь мэддэг байх, түүнийг нь хөгжүүлж байх нь зүйтэй санагддаг.


-10 жилийн дараах Б.Ариунхурыг яаж харж байна.

-Мэдээж мэргэжлээрээ ажиллаж байгаагаар харж байгаа. Монголдоо ирээд Франц-Монгол улсын хооронд бат бөх харилцаа холбоо үүсгэж, гүүр нь болохыг л зорьдог доо.


-Ярилцсанд баярлалаа. Илүү их амжилт хүсье.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Tand az jargal amjilt hysie


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Харин тиин манайхаан жоохон муулаад өгиии ямар хөгшин царй царайтай юм бээ би 28тайл гэж бодлооо ккк за за мундагл охин байна бүү атаархааа монголчууудааа иимдээл хогииин амьдарч байгааа байхгүй юүүү


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Мундаг охин


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Юу нь сонин бгаа юм эсвэл 3 салаа махан хэлтэй юм уу


Зочин    7 сар, 3 долоо хоног []


30000 унэтэй шуналтай хог бэ чиний ном гэж юу бсан юм


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Юу нь сонин бгаа юм эсвэл 3 салаа махан хэлтэй юм уу


Зочин    7 сар, 3 долоо хоног []


sain ohin baina, ynendee gudamjaar yavaa zaluusiig haraad yanaa geh setgegdel tordog, ezsiin ezest ezeg eh yamar baihaas l hyyhediin hymyyjil hamaarna , mongoliin ihenh ger byl heryyl, arhi darstai holbootoi, hymyyjil dendyy doroi soelgui boljee


Зочин    7 сар, 3 долоо хоног []


би 2 хэлтэй монголоор чөлөөтэй ярьна бас нэг махан хэлтэй