2019,1-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Энэ жилийн цагаан идээний үнэ ямар байна вэ?

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Сар шинийн баярыг угтсан "Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа" Тусгаар тогтнолын талбайд болж байна. Уг үзэсгэлэнд тус аймгийн зургаан сумын малчид сүү, цагаан идээгээ дэлгэжээ. Худалдаанд 53 иргэн оролцож буй бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс сүү, цагаан идээнээс дээж авч гурван үзүүлэлтээр НМХГ-ын нэгдсэн төв лабораторийн явуулын лабораторид шинжилгээнд хамруулахад стандарт шаардлага хангаж байгаа аж.




Иргэдийн хувьд жил бүр уламжлал болгон ийм үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаад баяртай байгаа бөгөөд цаашдаа ч тасралтгүй зохион байгуулахыг хүсэж байсан юм.




Сүхбаатар дүүргийн өндөр настан "Сүүлийн үед монголчууд цагаан идээгээрээ сар шинийн баярын тавгийн идээгээ засах болжээ. Малчид маань ч их сайхан, өнгө үзэмжтэй тавгийн идээг ааруулаар хийдэг болсон байна. Захаар явахгүй, найдвартай газраас, яг малчдын гар дээрээс нь худалдан авалт хийгээд амар байна. Зах дээр худалдаалж байгаа цагаан идээ чинь гурил их амтагддаг, сүү нь устай юм билээ. Үнийн хувьд боломжийн мэт санагдлаа" гэлээ.




Энэ жилийн хувьд цагаан идээний үнэ 1000 төгрөгөөр нэмэгдсэн аж. Энэ талаар Архангай аймгийн Ихтамир сумын малчин "Иргэд гурил холиогүй биз гэж их асууж байна. Бидний хувьд зун, намрын турш хураасан цагаан идээгээ борлуулж байна. Үзэсгэлэн худалдаанд зориулж янз бүрийн хэв, өнгөтэйгөөр тавгийн идээн ааруулаа хийдэг. Ааруулын өнгийг их асууж байна. Цагаан, шаргал байгаа нь зуны ааруул уу, намрын ааруул уу гэдгээрээ ялгаатай байгаа юм. Сайн хатсан нь цав цагаан өнгөтэй. Үнийн хувьд 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Учир нь бинзен тосны үнэ нэмэгдсэн. Бид өөрсдөө машин унаагаараа холоос ирж байгаа. Дээрээс нь энд түрээс төлж зогсдог" хэмээв.




Малчид нэг асрыг хэд хэдээрээ нийлж түрээслэдэг бөгөөд нэг хүн дунджаар 100 мянган төгрөг төлж цагаан идээгээ борлуулдаг гэнэ. Мөн авто машины зогсоол тааруухан байдаг талаар малчид дурдлаа. Зогсоол олж зогсохын тулд Өглөө эрт ирж зогсоол олж зогсдог байна. 




Тусгаар тогтнолын талбайд худалдаалж буй цагаан идээний үнийг танилцуулж байна.

Ааруулаар зассан тавгийн идээ - 200-250 мянган төгрөг

Ааруул кг нь - 13-18 мянган төгрөг

Бяслаг – 15 мянган төгрөг

Сарлагийн өрөм – 12-15 мянган төгрөг

Сүүн ааруул – 25 мянган төгрөг

Ээзгийтэй тос -6000 төгрөг

Ээзгий-10 мянган төгрөг

Шарыг нь аваагүй өрөм -12 мянган төгрөг

Үзэмтэй хольсон тос-10 мянган төгрөг

Сүү-3500 төгрөг

Аарц-3500 төгрөг

Шар тос -15 мянган төгрөгөөр худалдаалж байна.


Цагаан идээний худалдаа энэ сарын 31-н хүртэл үргэлжилнэ.















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


чимэг-очир    3 долоо хоног, 6 өдөр []


бид арай л өндөр үнээр цагаан идээ аваад байнаа.малчидыг татвар төлдөг болог.