2019,1-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


У.Цэвэгмид: Томуугийн вирус хүндрэлгүй үедээ эцэг эхийн асаргаанд бүрэн эмчлэгдэх боломжтой

4 долоо хоног TIMES.MN

Томуугийн дэгдэлт буюу А хүрээний H1N1, N3N2 вирусийн талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор У.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1 вирусийн тархалт өндөр байгаа гэлээ. Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл хүүхдээ хүндэрч байна гэж үзэх вэ?

-Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүд 39-40 хэм хүрч халуурсан, ерөнхий хордлогын шинжтэй, бөөлжсөн, суулгасан, нүдний салст гэмтсэн, хоолой залгиур өвдсөн, төвөнхийн үрэвсэлтэй ирж байна. Амьсгалын дээд замын үрэвсэл даамжирхаар гуурсан хоолойн агшилт, амьсгал дутлын шинж илэрч байна. А хүрээний H1N1 вирусийн хувьд бусад вирусээс хоруу чанар өндөртэй тул халдвар тээсэн хүүхэд 1-2 хоногийн дотор уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна. Тиймээс хүүхэд халуурмагц өрхийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд дулаан байлгах, халуун хоол хүнс түлхүү хэрэглэх, илүү их хөлөргөх, шингэн сайн уулгаж вирусийн хорыг биеэс гадагшлуулж чадвал эмнэлэгт хэвтэхгүй эдгэрэх боломжтой. Ер нь томуугийн вирус хүндрэлгүй үедээ гэрийн нөхцөлд эцэг эхийн асаргаанд бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Зарим хүүхдийн халууны хэм 40-өөс давж таталт өгөөд ирж байна. Тиймээс эцэг эхчүүд гэхийн нөхцөлд халуун бууруулах аргад суралцах нь чухал байна.


-Өндөр халуурсан хүүхдийг гэрийн нөхцөлд халууныг нь яаж буулгах вэ?

-Парацетамолыг хүүхдийн биеийн жинд тооцож хэрэглэх ёстой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг буухгүй болохоор ибупропен, парацетамолыг ар араас нь өгчихсөн тохиолдол ажиглагдаж байна. Энэ нь хүүхдийн элгийг гэмтээх эрсдэл дагуулдаг. Халуунтай хүүхдэд аль нэгийг нь биеийн жингийн кг тутамд 10-15 мграммаар тооцож хэрэглэнэ. Аль нэгийг нь хэрэглээд 8 цагийн дотор халуун нь буухгүй бол механик аргаар буулгах хэрэгтэй. Механик арга нь хүүхдийг сэрүүцүүлэх, элэг, цавь гэх зэрэг биеийн нимгэн арьстай хэсэгт нь хүйтэн жин тавих, усанд оруулж болно. Мөн гэрийнхээ дулааныг хэмжих хэрэгтэй. Жин тавихаас гадна хувцсыг нь нимгэлнэ. Тэгээд буухгүй байгаа бол эмчид хандах ёстой.


-Эцэг эхчүүдийн зүгээс юунд анхаарах шаардлагатай байна вэ?

-Ээжүүд энэ ханиаданд юу сайн бэ гэдгийг сошиалаар биендээ зөвлөөд, түүнийг хэрэглээд байна. Эмчийн зааврыг биш бусдын туршлагаар хүүхдээ эмчлэх нь эргээд аюул дагуулдаг. Хүүхэд бүрийн бие физиологийн онцлог, дархлаа өөр өөр шүү дээ. Томууд антибиотик хэрэглэх ямар ч шаардлагагүй. Эмнэлэгт хандахдаа нэлээд хүчтэй антибиотикуудыг хэрэглэчихсэн ирж байна. Эцэг эхчүүд эхлээд томуу гэж юу вэ гэдэг ойлголтыг аваад, яарч антибиотик өгч болохгүй гэдгээ маш сайн олгох хэрэгтэй байна. Томуугийн ханиаданд эхлээд антибиотик өгчихвөл миний хүүхдийн дархлааг сулруулах юм байна шүү гэдгээ эхлээд ойлгох нь чухал. Томуугийн ханиад туссан бол хамгийн түрүүнд хүүхдээ дулаан байлгах, хөлөргөх, шингэн зүйл уулгаж шээсээр нь вирусийн хорыг гадагшлуулж чадвал вирусийн халдвар өөрөө эмчлэгдэх боломжтой.


-Нэг удаа эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн ч дахиж байгаа тохиолдол их байна. Энэ нь юутай холбоотой байна вэ?

-Хүүхэд нэг удаа вирусийн халдвараар өвдөхөд хүүхдийн дархлаа суларсан байдаг. Энэ үед нь агаарын бохирдол, хүүхдээ дааруулбал нянгийн халдварт өртөх эрсдэлийг бий болгоод байгаа юм. Тиймээс нянгийн шалтгаанаар өвдөх, амьсгалын доод замын хүндрэлүүд илэрч байна. Тухайлбал, уушгины эдийн бүтэц нь эвдрэх, зарим нь идээлэх хүндрэл гарч байна. Вирусийн халдвараар өвдөөд ерөнхийдөө дархлаа нь суларсан байхад дээрээс нь нянгийн халдвараар хүндрээд байна.


-Хүүхдээ цэвэр агаарт гаргах буюу хөдөө авч явтал ханиад нь эдгэрчихлээ гэх эцэг эхчүүд ч байна. Харин эсрэгээрээ зарим нь улам хүндрүүлчихлээ ч гэж байна. Ханиадны ямар үед нь хөдөө агаар салхинд гаргавал хүндрэхгүй байх бол?

-Агаарын бохирдол ихтэй, нүүрсхүчлийн хий их байгаа нь амьсгалын замыг цочроодог. Хэрэв цочирсон ханиалга бол цэвэр агаарт гарахаар намдана. Харин дөнгөж ханиад хүрчихсэн буюу дархлааны эсүүд ханиадтай тэмцэж эхлэх үед нь хүйтэн агаар амьсгалахаар ханиад сэдэрдэг. Учир нь хүйтэн агаар өөрөө цочроогч хүчин зүйл болж, амьсгалын доод замд хүндрэл өгдөг.


-Томуугийн хүндрэлийн нэг шалтгаан нь эцэг эхчүүдийн буруу үйлдэл буюу хайхрамжгүй байдал гэж эмч нар ярьж байна л даа. Тухайлбал, цаг тухай бүрд нь эмийг нь уулгахгүй байх, эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байх гэх мэт... Хүүхдийнхээ ханиадыг хүндрүүлэхгүй байхын тулд эцэг эхчүүдийн зүгээс юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Эмч тухайн хүүхдийн биед илэрч байгаа эмнэл зүйн шинжид нь тохирсон эмчилгээг зөвлөдөг. Эмчийн өгсөн зөвлөгөөг дагахгүй байна гэдэг нь хүүхдээ эрсдэлд оруулж байна гэсэн үг. Ер нь хүйтний улиралд хүүхэд гадаа гарахад амьсгалын замыг шууд цочролд оруулдаг. Хэрэв та хүүхдээ эмчид үзүүлсэн л бол эмчийн өгсөн зөвлөгөөг ёсчлон дага аа. Мөн асаргаа, сувилгаанд маш их анхаарах хэрэгтэй. Орон сууцанд амьдардаг хүүхдүүд хөл нүцгэн их явж байна. Энэ нь хүүхдийг дааруулах бас нэг шалтгаан болж байна. Энэ мэт ахуйн асаргаа тал дээр нь анхаармаар байна.


-Хүүхдийнхээ дархлааг сайжруулдаг гээд л янз бүрийн витамин, амин дэм байдаг л даа. Гэрийн нөхцөлд хүүхдийн дархлааг сайжруулах арга гэж байдаг уу?

-Дархлаа гэдэг ойлголтыг эцэг эхчүүд тусдаа нэг юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл дархлаа гэдэг нь та гадаад орчинтой дасан зохицож, амьд явахын тулд танд байгаа хамгийн үнэт зүйлс байдаг.

Үүнд,

-та өөрөө суурь эмгэггүй буюу хоногийнхоо хэрэгцээг хангалттай идэх хэрэгтэй

-та сайн унтах хэрэгтэй

-хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гээд байгалиас заяасан үйлдлүүдээ хангалттай хийх хэрэгтэй.

Дархлааг дэмжих эм гэж өнөөдөр дэлхийд байхгүй. Дархлааны хэдэн сая эсүүд л байдаг. Эдгээр эс бидний биед гаднын нян, бактери орж ирэнгүүт хөгжөөд, түүний эсрэг тэмцдэг. Хүний биед байдаг цагаан эсүүд нь дархлааны үндсэн эсүүд юм. Хэрэв та хоногт идэх ёстой хоол хүнсээ идэж чадахгүй байвал витаминаар нөх, нойр дутуу байвал нойроо нөх. Би ер нь элдэв витамин, амин дэм зөвлөдөггүй.


“Та гурван цаг тутамд хүүхдээ яг хоолло. Орой 21.00-22.00 цагийн хооронд хүүхдээ унтуулсан бай. Учир нь шөнийн 22.00-24.00 цагийн хооронд хүүхдийн өсөлт, бойжилтын эсүүдийн шинэчлэл явагдаж байдаг. Тиймээс та хүүхдийнхээ маргаашдаа хэрэглэх дархлаагаа олж авах цагт нь унтуулах хэрэгтэй” гэж л зөвлөдөг.


Хүүхдийнхээ эрүүл байх физиологийг нь нөхөөд л байвал таны хүүхэд эрүүл байх боломжтой. Дээрээс нь рахит буюу сульдаатай хүүхдүүд халдварт өртөх эрсдэл өндөртэй байна. Рахит гэдэг нь яс сийрэгжиж, булчин нь улбайх юм. Тулгуур гол эрхтэн нь улбагар байхаар халдвар эсэргүүцэх чадвар нь буурна. Тиймээс та хүүхдийнхээ рахитыг өрхийн эмчтэйгээ нийлж эмчлэхгүй бол таны хүүхэд өвдөөд л байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.