2019,1-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Ану-Үжин: "Yours Truly BY UJIN" үнэртэй усыг дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэсэн

1 сар TIMES.MN

"Yours Truly BY UJIN" үнэртэй усны зохион бүтээгч Б.Ану-Үжинтэй ярилцлаа.




-Сайн байна уу. Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу. Намайг Б.Ану-Үжин гэдэг. "BY UJIN" брендийн үндэслэгч, "Yours Truly BY UJIN" үнэртэй усны зохион бүтээгч.


-Сүрчиг гэдэг нэг л тийм тансаг, чамин, хээнцэр ч гэмээр юм уу санагддаг л даа. Миний хувьд маш мэдрэмжтэй хүн л тэр тансаг үнэрийг гаргаж чаддаг байх гэж боддог. Тэгэхээр та мэдрэмжтэй, донжтой нэгэн байх?

- Ер нь бол үнэртэн бүтээнэ гэдэг өөрөө маш том ажил. Шууд л нэг өдөр хэн нэгэн хүн бүтээчихдэг зүйл биш. Үнэртэй ус бүтээхэд байнгын хөгжүүлэлт, сайжруулалт шаардаж байдаг. Үнэртэй усны нотнууд нь төрөл бүрийн эфирийн тос байдаг. Нотнуудаа тохируулна, өөрийн бодож байсан үнэрээ гаргахын тулд төрөл бүрээр оролдож үзнэ. Тэгэхээр донж, мэдрэмж мэдээж дээд зэргээр шаардагдана.


-Тухайн үнэртний амин сүнс нь юу вэ. Магадгүй хамгийн чухал жор ч гэх үү нууц нь юунд оршдог вэ?

-Үнэртний амин сүнс нь мэдээж нотнууд нь. Мөн бүтээж байгаа хүний сэтгэл, онгод нь үнэртний бас нэгэн нууц жор болдог юм шиг санагддаг.


-Мэдээж нэлээдгүй судалгааны үндсэн дээр эцсийн бүтээгдэхүүн бий болдог. Таны хувьд хэр их судалгаа хийсэн бэ. Магадгүй гаднын алдартай сүрчигнээс санаа авсан зүйл байдаг уу?

-Би бараг 2 жил үнэртэй усаа хийсэн. Мөн онлайнаар эмэгтэйчүүдээсээ судалгаа авдаг байсан. Судалгааны дүнд охид, бүсгүйчүүд маань голдуу зөөлөн үнэртэнд дуртай нь нотлогдсон. Гэхдээ тодорхой хувийг нь бас хурц сүрчигэнд дуртай бүсгүйчүүд эзэлж байсан. Тиймээс эхлээд хурц үнэртэх боловч шингээд ирэхээрээ зөөлөн болдог ус хийхийг хүссэн дээ. Хүссэндээ бараг 2 жилийн дараа л хүрсэн дээ.( инээв)

Гаднын алдартай сүрчигнээс санаа авсан зүйл байхгүй. Мэдээж чанар, стандарт, сав баглаа боодлын хувьд ерөнхийдөө ийм, ийм зүйлс заавал дурдагдсан байх ёстой юм байна, стандарт нь ийм байх ёстой юм байна гэх мэтээр жишээ авсан зүйл бий.




-Өмнө нь саван, бөмбөлөг хийдэг байсан гэлээ. Энэ талаараа сонирхуулаач. Магадгүй саван, бөмбөлөг хийдэг байсан нь үнэртэй ус хийх сэдлийг төрүүлсэн байх.

-Тийм шүү, би саван хийж, хийсэн савангаа юм урладаг хутгаар сарнай шиг зорж, сийлээд зардаг байсан. Одоо бол хүмүүс саванг ямар нэгэн хивэнд хийж, хэлбэрт оруулаад зардаг болсон байна лээ. Миний хувьд өөрөө зорж тухайн хэлбэрийг гаргадаг байсан. Ванны бөмбөлгийг хүнсний содаар  хийгээд хатаахад болдог байсан. Мөн хажуугаар нь торт, кап кэйк, зураг зурах гээд гараар хийж болох бүгдийг л хийдэг байсан. Манай өвөө, ээж хоёр их гарын дүйтэй, гоё зурдаг, оёдог, сийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс л дээ. Миний бяцхан авьяас тэднээс минь улбаатай гэж боддог. Миний үндсэн мэргэжил бол олон улсын худалдааны менежер л дээ. Тиймдээ ч мэргэжлийнхээ дагуу экспорт, импортын хичээл үзнэ. Мөн зах зээлээ их судалдаг байсан болохоор оюутан байхдаа л импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ хамгаалах юмсан гэж их мөрөөддөг байсан.  Харин Америкт мастераар суралцаж байхалд үнэртэй ус хийх боломж гарч, сурч мэдэн мөрөөдлөө амьдрал болгож чадсан. Одоо Монголдоо үйлдвэрлэх гарцыг судалж байгаа. Мэдээж амжилттай болбол миний зорилго биеллээ оллоо гэсэн үг.


-Одоогоор хэдэн нэр төрлийн сүрчиг гаргаад байгаа вэ. Эмэгтэй, эрэгтэй гэдэг ч юм уу?

-Одоогоор ганцхан эмэгтэй үнэртэй усыг л зах зээл дээр гаргаад байна. Гэхдээ эрэгтэй хүмүүст туйлын их таалагдаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эмэгтэй, эрэгтэй аль аль нь хэрэглэж болно.


-Үйлдвэр нь гадаадад байдаг гэлээ. Монголдоо үйлдвэрээ нээхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Хуулийн талаас уу, эсхүл бүтээгдэхүүний орц найрлага нь ховор байна уу?

-Би дээр дурдсанчлан Монголдоо үйлдвэрлэх боломж бололцоог судалж байгаа, тоног төхөөрөмжөөс эхлээд судлах зүйл их байна. Мөн дараагийн үнэртэндээ нотыг нь ганга, хонхонцэцэг, вансэмбэрүү гэх мэтчилэн Монголд ургадаг цэцэг жимсээ оролцуулан бүтээхээр бас төлөвлөж байна.


-Сүрчигний үнэрээс гадна удаан тогтоцтой байх нь чухал мэт санагддаг.

-Тийм, тогтоц их чухал. Манай сүрчиг "Eau de parfum" учраас бусад "Toilette", "Cologne", "Fraiche" төрлүүдийг бодвол зөөлөн, сэнгэнэсэн үнэртэй. Үнэртэй усны найрлагад 90 хувийн спиртэд агуулагдах анхилуун охь нь 15-20 хувь байдаг. "Yours truly" үнэртэй ус нь анхилуун үнэрээ дунджаар 5-7 цаг хадгалахаас гадна эхлээд түрхэхэд хурц үнэртэх боловч аажимдаа шингэж зөөлөн, анхилуун үнэртэнэ.


-Танай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан буюу хэрэглэгчиддээ юуг амлаж чадах вэ?

- Чанар, стандарт, сэтгэл ханамжийг амлаж чадна. Учир нь хүмүүсийн хэрэглэдэг "Chanel", "Burberry" зэрэг алдартай брендийн уснуудтай адил дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэсэн юм. 




-Хэрэглэгчдээс баярласан сэтгэгдэл их ирдэг байх. Бүтээгдэхүүнээ сайжруулах талаар ч юм уу зөвлөгөө өгч байна уу?

-Хэрэглэгчид сэтгэл ханамж их өндөр, урмын үгийг ч их илгээж байгаа. Мөн дараа дараагийн бүтээгдэхүүндээ Монгол ахуйг илтгэсэн ус бүтээгээрэй гэж их захиж байна.


-Монголд зах зээл бол байна. Гол нь дөнгөж гарааны бизнес эхлүүлж буй иргэдээ дэмжих төрийн бодлого муу мэт санагддаг. Таны хувьд Америкт бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Харин Монгол дахь бизнесээ хэрхэн төсөөлж байна.

-Монголд нэг юм хийе, бүтээе гэхээр их олон шат дамжлага дамжаад байдаг юм шиг санагддаг. Шинээр юм хийе гэсэн залуусыг бодитой дэмжээд, төрөөс хөтөлбөр үйл ажиллагаа, санхүүг нь дэмжээд өгвөл бид зах зээлээ хамгаалж, гадаад улсуудаас эдийн засаг, бараа материалын хувьд хамааралгүй болно. Даанч төрийн үйл ажиллагаа иргэндээ, тэр дундаа гарааны бизнес эрхэлж буй жижиг бизнест хүрч чаддаггүй. Нөгөө талаас ганцхан төр ч гэлтгүй Монгол хүний сэтгэлгээнд Монгол хүнээ 100 хувь дэмжих сэтгэл, ухагдахуун суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гаднын бүтээгдэхүүн гэхээрээ чанартай, мундаг гэсэн үг биш. Монгол бүтээгдэхүүн гэхээр чанаргүй, хийцгүй гэсэн үг бас биш. Тэгэхээр аль болох бие биенээ дэмжиж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Улс төржөөд нэг намыг харах биш, дээд үеийнх нь залуу үеэ дэмжээд өгвөл залуус бидэнд эх орноо хөгжүүлэх юмсан, илүү сайхан орчинд амьдрах юмсан гэсэн дэврүүн их хүсэл байдаг. Түүнчлэн хийж чадахгүй зүйл үгүй. Би энэ үеийг залуучуудын эрэн үе гэж бодож байгаа. Бид дэлхийд гарч байна, олон улсын шагналуудыг монголчууд авч байна. Монголд боломжит бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Залуус ухаан бодол, оюун санааны хувьд төрдөө даатгах биш өөрсдөө гар бие оролцож, өөрчлөгдөж байна. Тиймээс эх орноо хөгжүүлэх залуу үе бол бид гэж боддог доо.




- Хүн бүхэнд л өөрийн нууц жор, онцлог гэж байдаг байх. Амжилттай, алдартай брендийн үүсгэн байгуулагчид бүгд л ямар нэгэн амьдралын дүрэм, амжилтын нууцтай байдаг. Таны хувьд өдөр тутмын амьдрал, ажилдаа мөрдлөг болгодог зүйл бий юу?

-Миний амьдралын дүрэм бол өөрийгөө байнга хөгжүүлэх, хүнд мэдлэг боловсрол хэзээ ч илүүдэхгүй гэж өөртөө байнга хэлдэг. Ээж минь их дайчин, мундаг эмэгтэй. Намайг багаас минь ямагт дэмжиж, хурцалж, бүх л зүйлийг оролдуулж, бие даан сургадаг байсан. Яваагүй сургалт, оролдоогүй чадвар гэж байхгүй. Нэгдүгээр ангид орсон цагаасаа эхлээд өнөөг хүртэл би нэг ч есөн сарыг алгасаж үзээгүй. Ямар нэгэн сургуульд, сургалт дамжаанд дандаа л элсчихсэн байдаг. Одоо ч мөн оройгоор хуулийн ангид суралцаж байгаа. Амжилтын нууц, өдөр тутмын мөрдлөг гэхээсээ илүү би урдаа тавьсан зорилгынхоо заавал үр дүнг нь үздэг. Эцсийг нь хүртэл явдаг гэх үү дээ. Мэдээж залуу хүн учраас шантрах, гуних, гутрах, амьдралын бартаа таарах нь бий. Гэхдээ шантрах, бууж өгөх, мэдэхгүй чадахгүй байх ясны дургүй. Энэ нь өнөөдрийн Ану-Үжинг бий болгосон болов уу.


-Ярилцсанд баярлалаа. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Amjilt husie. Unertei usnaas chin 2-g avch eej ohin 2-too ugsun. Tedend maani ih taalagdsan odoo oortoo avnaa.