2019,1-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Цагаан сараар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, хүүхдийг үнсэхгүй шинэлэхийг уриалав

1 жил, 9 сар TIMES.MN

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл "Томуугийн тархалт нэгдүгээр сарын 3-4-нөөс эхлэн дэгдэлт хэлбэрээр гарч сүүлийн гурван жилийн дунджаас өндөр байна. 11 аймаг, нийслэлийн хэмжээнд дэгдэлт хэлбэрээр гарсан. Эмнэлэгт хэвтэх, хүндрэх магадлалтай хүүхдийн тоо сүүлийн гурван жилийнхээс мөн өндөр байна. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр томуугийн тархалтын 40 хувийг А хүрээний H1N1 вирусийн тархалт эзэлж байна. Уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Өвчлөлийн өнөөгийн байдлаас харахад томуугийн тархалт цагаан сарын үеэр бүс нутгийн хэмжээнд биш, улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах магадлалтай байна гэсэн мэдээлэл өгөв. Иймд иргэд сар шинийн баярын үеэр бага насны хүүхдээ айлаар авч явахгүй, бага насны хүүхэдтэй айлд олноороо очихгүй, хүн бүр хариуцлагатай байж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна. Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн орны хүрэлцээ хангамж муудаж, 977 орноос өнөөдрийн байдлаар 53.2 хувийн хэтрэлттэй байна. Тиймээс ЭМЯ-наас Хан-Уул дүүргийн Хүүхдийн тасагт нэмэлт 40 ор тавьж, Чингэлтэй дүүргийн 10 хорооны иргэдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үйлчилгээг шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд нөөцөө бүрэн ашиглан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. ЭМЯ-наас эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг нийлүүлж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлж байна. ДЭМБ-аас H1N1 вирусийн эсрэг сонгомол үйлчилгээтэй “Тамифлю” эмийг нийлүүлсэн. Ийм үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ асаргаа сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын зөвлөмжийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээв. 


ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан О.Ариунтуяа "Улирлын томуугийн улмаас дэлхий даяар жил бүр нэг тэрбум хүн өвчилдгийн гурван сая орчим нь нэлээн хүндээр өвддөг. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг хэлмээр байна. Хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд ДЭМБ-аас 1,880 тун Тамифлю эмийг нийлүүлж байгаа. Антивирусийн эсрэг энэ эмийг 2009 оны цар тахлын дараачаас хэрэглэж эхэлсэн. Тамифлюг эрсдэлт бүлгийн хүнд, эрт буюу халдвар авснаас хойш 48 цагийн дотор хэрэглэвэл илүү үр дүнтэй. Вакцин вирусийн эсрэг эмээс гадна хувийн ариун цэврийг сахих, амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Томуугийн вирус гадаад орчин, эд зүйлд хадгалагддаг учир гараа тогтмол угаах хэрэгтэй. Энэ жил дэлхийн хэмжээнд томуугийн вирус хүүхэд, насанд хүрэгчдэд өндөр сөрөг үр дагавартай гарч байгаа учир эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал эрс нэмэгддэг. Ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрэхэд эмнэлгээс шалтгаалах халдвар нэмэгдэх эрсдэлтэй. Иймд хүүхдийг аль болох гэрийн нөхцөлд эмчилж, асаргаа сувилгааг сайн хийх хэрэгтэй" гэлээ.


 ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмэд "Томуугийн улмаас хүндэрсэн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Манайх нэг тасгийг хаагаад ор дэлгэж хүнд хүүхдүүдээ авч байгаа. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн амьсгалын дээд зам өвчилж, гуурсан хоолойн агшилт бий болж, хүүхэд амьсгалын дуталд орох тохиолдол их байна. Тиймээс хүүхэд халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ эрт хандах, халуун чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн зүйл өгснөөр заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Эмнэлгийн ачаалал их, эмч сувилагчийн хүрэлцээ муутай байна. Бидний зүгээс тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулах шаардлага тулгарлаа" гэв.





Холбоотой мэдээлэл