2019,1-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


А.Тэнгис: Малчдын оюун ухаан хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байдаг

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч Д.Уламбаяр, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир нар санаачлан Нийслэлийн ажилгүй 10 мянга гаруй иргэнийг ажлын байраар хангах зорилт өвөртлөн мал маллах хүсэлтэй залуусыг малчин болгохоор зорьсон билээ. Түүний хэвлэлийн хурлын дараахан Америкт сургууль төгссөн, дотооддоо санхүүгийн сургууль төгссөн хоёр залуу малчин болохоор шийдэн очсон билээ. Тэгвэл мал маллах арга ухаанд суралцсан хоёр залуугийн нэг болох санхүүгийн сургууль төгссөн А.Тэнгистэй ярилцлаа.




-Сайн байна уу. Юун түрүүнд мал маллах арга ухаанд суралцахаар шийдсэнд талархаж байна. Нэг жилийн гэрээ нь дууссан гэж сонслоо. Одоогоор юу хийж байна вэ?

-Төв аймгийн Эрдэнэсант сумын Өндөр ширээт гэх газар очсон. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан. Гэрээ маань дууссан. Одоогоор хотод монголчуудынхаа эрүүл ахуйг дэмжих талаар хувийн ажлаа хийгээд явж байна. Олон нийтэд хүрэх арай болоогүй, бэлтгэл ажлаа хийж байна.


-Д.Гомбо-Очир гуайтай ярилцахад та хоёрыг говь болон хангайн бүсэд мал маллаж үзэхээр явсан гэж байсан.

-Нөгөө залуу маань хангайн бүсэд мал маллаж үзэхээр бэлтгэлээ хийж байгаа. Тухайлбал Хэнтий аймагт үнээний фермд ажиллаж үзэх гэх мэт...


-Таны хувьд яг ямар мэргэжилтэй хүн билээ?

-Би 2010 онд Монгол-Туркийн хамтарсан сургуулийг төгсөөд, 2016 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн байгаа. Дундуур нь нэг жил Америкт бизнесийн удирдлагаар суралцсан.


-МУИС-ийг төгсөөд шууд л мал маллах ухаанд суралцахаар шийдсэн юм уу?

-МУИС-д суралцаж байх хугацаандаа болон төгссөнийхөө дараагаар “Монголын малчдын холбоо” болон улсын аварга малчдын хуралдайг зохион байгуулах зэрэг менежментийн ажилд ажиллаж байсан. Үүнээс улбаалж Монгол улсыг тэжээж байгаа нийт малчдын хөдөлмөрийг, тулгамдаад байгаа асуудалтай нь нүүр тулж үзэхээр шийдсэн. Мөн улс төр судлаач хүний хувьд ч тэр би эртний төрт улсууд, ялангуяа Их Монгол төрт улсын түүх, түүний үндсэн хуулийг давхар судалдаг. Суурин соёл иргэншилтэй болсон монголчуудыг хотоос судлахад надад арай хол. Их Монгол улс нүүдэлчдийн улс байсан. Тиймээс нүүдэлчдийг нүүдэлчдээр нь, үндсэн хуулийг материал, бичиг баримттайгаа хавсруулан судалсан. Энэ мэт судалгаагаа хийхийн хажуугаар өвөг дээдсийнхээ өртөөлөн ирсэн таван хошуу малыг хариулж байгаад ирлээ.


-Амьдралаа авч явахын тулд ч юм уу, эсхүл зүгээр нэг малчидтай харьцуулахад энэ хоёр залуу маш сайн суралцсан. Зөв аргаар хурдан хугацаанд мал маллах аргад сурсан гэж Д.Гомбо-Очир гуай ярьсан л даа. Та хоёрын хувьд мал маллахын гол цөм нь юу гэж бодож, ойлгов?

-Миний хувьд хотын хүүхэд, цэрэгт яваагүй. Номын мөр хөөсөн гэх үү дээ. Очоод ойлгосон хамгийн чухал зүйлсээсээ дурдвал нэн тэргүүнд сахилга бат, тэсвэр тэвчээр. Өвлийн -30 градусын хүйтэнд хонио шуурганд хариулаад явах. Хонь хэдийгээр гар дор байдаг мал хэдий ч 2000 хонь, ямаа цастай, шуургатай үед уруудах гээд олон асуудал бий. Монгол малчдын малтайгаа харьцах ухаан нь хүний оюун бодлыг хоногийн 24 цаг ажиллуулснаар тасралтгүй сэтгэлгээтэй, задалдаг юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Бид нар өнөөдөр хотод долоо хоногийн 5 өдөр 40 цаг ажиллаа. Ажлаасаа гэртээ ирээд өөр юм бодно. Харин малчид зун, өвөлгүй маргааш яах билээ гээд бүх зүйлээ сунжруулан боддог нь тархины үргэлжийн дасгал болдог мэт. Мөн мал ахуйтай харьцах эв дүй, амьдрах чадварын хувьд, ертөнцийг үзэх үзэл санаа, нийгмийг тэр чигээр нь ямар гээд харах ёстой юм гэх мэт маш олон зүйл хонины бэлчээрт бодогддог. Үүнийгээ өөрийнхөө сурсан мэдсэнтэй харьцуулж, тунгаадаг байлаа.


-Та хоёрыг мал малладаг өвөл зудтай жил байсан. Гэсэн хэдий ч залуус маань нэг ч малын хорогдолгүй өвлийг өнтэй давж, хавар маш их төл хүлээн авсан гэж ярьж байсан л даа.

-Ерөнхийдөө малыг нь хариулна гээд очсон ч Монгол улсын л мал. Тиймээс сэтгэл гаргаж хариулах ёстой л зүйл. 2017 оны зун бидний мал хариулж байсан бэлчээрт өвсний гарц маш муу байсан. Тиймээс өвөлжөөнд ч гэсэн гарц муутай байсан. Нэгдүгээр сарын 13-наас буюу гурван есийн үеэс олон хоног үргэлжилсэн явган болон цасан шуурга болсон. Тэр үед миний хонины ээлж байсан. Сар сараар ээлжилдэг юм. Хүний амьдралд ялан дийлэх хүсэл, асар их тэсвэр тэвчээр байх ёстой юм байна. Мөн бидний өвөг дээдэс нүүдэлчин амьдрал дагаад олон алдар гавьяаг байгуулж ч байсан, ялагдаж ч байсан. Энэ бүхний шалтгаан нь ердөө байгаль дэлхийтэйгээ ойр байж, эрчим хүч, цас, бороо, хүйтэн үзүүртэй салхины хүчийг өөртөө мэдэрч, хурааж байсны үр дүн юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Бид нар зуны амралтаараа хөдөө очоод хонь хариулж байгаа хүмүүсийг хараад ямар сайхан юм бэ гэдэг. Мөнхийн зунаараа ч юм шиг төсөөлдөг. Гэвч үүний цаана өвөл, хаврын хатуу ширүүн цагийг туулах бэлтгэл ажил явагдаж л байдаг. Хотод байгаа хүмүүс малчдыг нэг л амгалан тайван хүмүүс юу ч хийдэггүй л гэж боддог. Гэтэл үгүй, биеийн хүчээр цаг агаарын үзэгдэл, байгалийн бэрхшээлийг давж дийлнэ гэдэг хэр баргийн ард түмнээс гарахааргүй эрэмгий, зориг шаарддаг.


-Хавар мал төллөх үеэр ямар бэрхшээл тулгарч байв.

-Д.Гомбо-Очир гуайн хүү улсын аварга малчин Г.Энхтөр гээд 40 уруудаж байгаа залуу бий. Тэр хүн малыг маш сайн мэддэг. Ерөнхийдөө бид хоёр даган дуурайх маягаар л суралцсан даа.


-Ярилцсанд баярлалаа. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 өдөр, 18 цаг []


монголын өчнөөн олон малчин залуучууд бүсгүйчүүд наад ажлыг чинь өдөр бүр хийхдээ чам шиг ингэж гоншигноогүй шүү.


Зочин    2 өдөр, 17 цаг []


Ene odoo amidrpaas tasarch ywad ihaan orsimu haashain


Зочин    6 өдөр, 10 цаг []


Mundag yumaa ushuu iluu amjilt gargaarai


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Мал дагаж амьдралтай танилцах маш их хэрэгтэй! Тэсвэр тэвчээрийг, тэсэж даваж сурна гэдэг юу юунаас том боловсрол.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Малчид бол Монголыг тэжээж байгаа улс. Зарим нэг хүмүүс дуугүй бэлдэж өгсөн мах идээд гэлдэрч байвал зүгээр. Хотод амьдардаг ЗАРИМ хүмүүс ялзарсан бөглүү газартаа байсаар байгаад санаа нь хүртэл тийм болчихсон.


Зочин    2 долоо хоног []


Neg ikh aimaar uymand daichlagdsan uym shig khuduunii mgl uud udur bur khiideg ajil


Зочин    2 долоо хоног []


Tenegteerei za khudlaa show khiikhee


Зочин    2 долоо хоног []


Neg ikh aimaar uymand daichlagdsan uym shig khuduunii mgl uud udur bur khiideg ajil


Зочин    2 долоо хоног []


Khudlaa showdaad bgaarai


Зочин    2 долоо хоног []


2 zaluu sain bailaa