2019,1-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Д.Гомбо-Очир: Малчид нэг ширхэг чулуу ховхлохгүй, нэг ургаа модыг хөрөөдөхгүйгээр зөвхөн ургасан өвс, урссан усыг нь ууж амьдардаг

4 сар, 3 долоо хоног TIMES.MN
Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очиртой ярилцлаа. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө хөдөө орон нутагт 10000 ажлын байр бий болгох хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Түүнийг ийнхүү хэвлэлийн хурал хийсний дараахан харийн оронд дээд боловсрол эзэмшсэн нэгэн залуу түүнтэй холбогдон малчин болохоор шийдсэнээ хэлсэн. Төд удалгүй дахин нэг улс төр судлаач залуу ханджээ. Ингээд тэрээр өндөр боловсрол эзэмшсэн хоёр шавьтай болсон бөгөөд залуус маань мал маллах ухаанд хэрхэн суралцсан талаар түүнээс тодрууллаа.




-Малчдын залгамж халаагүй боллоо хэмээн малчид ихэд санаа зовнидог. Тэгвэл та уриалга гаргаж, мал маллах арга ухаанаасаа хоёр залууд зааж сургасан. Хэдэн сарын хугацаанд юу юу зааж сургасан бэ. Мөн залуус маань хэр суралцав.

-Би ингэж бодож явдаг юм. Нийгмийн идэвхтэй нэг хүний бодож санасан санаа нэг албан газар, аймаг сум, улс, тэр ч байтугай нэг тивийг өөрчлөх агуу санаа хүнээс гардаг. Тийм ч учраас би малынхаа бэлчээрт анх тэр санааг бодож олсон юм. Улаанбаатарын утаа, ажилгүйдэл, хөрсний бохирдол, түгжрэл, гэмт хэрэг цадигаа алдлаа. Сүүлийн 20-30 жилд ган, зуд, элдэв шалтгаанаар 50-60 мянган өрх айл яндан, тооноо машинд ачаад Улаанбаатарт орж ирсэн. Тэдгээрээс орон сууцанд орсон хүн маш цөөхөн шүү. Тэгэхээр энэ утаа, түгжрэлийг арилгаж, ажилгүйдлийг бууруулахын тулд арван мянган айлыг хөдөө гаргая гээд гурван жилийн өмнө хэвлэлийн бага хурал хийсэн. Хөдөө орон нутагт байгаа 11,600 мянгат малчин бүгд малчнаар дутаж байна. Хэвлэлийн хурлын дараахан улс төр судлаач, олон улсын харилцаа судлаач хоёр залуу Монголын залуусыг уриалж, хөдөө гарч мал малласан. Тэд надтай нэг жилийн гэрээ хийсэн бөгөөд тэр жил нь буюу өнгөрсөн өвөл маш зудтай жил таарсан. Бүх л малчин отор, нүүдэл хийж, маш их мал хорогдсон. Харин өнөөх хоёр залуу маань бас ч үгүй шинжлэх ухаан үзчихсэн, оюунлаг, ёс суртахуунлаг хүмүүс байсан учир бид нарын мал онд сайн орсон. Хавар 800 төл авсан. Залуус маань гэрээгээ дуусгаад говь, хангайн бүсэд ажиллаж үзье хэмээгээд явсан байгаа.


-Гэрээний хугацаа нь дуусаад өөрсдөө биеэ дааж мал маллахаар явсан гэж ойлгож болох уу?

-Монгол орны өргөн уудам нутагт таван хошуу малыг бүс бүс нутагт нь маллаж үзье гээд явсан.


-Залууст мал маллах арга ухаанаасаа зааж сургах явцад юу ажиглагдав. Ер нь залуучууд малаасаа хэт их хөндийрлөө гээд байгаа шүү дээ. Тийм зүйл анзаарагдав уу?

-Монгол хүний эцэг өвгөд бүгд л малчид байсан. Ердөө ч төв суурингийн хүн байхгүй. Тиймээс цусанд нь малчин удам байгаа учраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг яаж явуулдаг аргыг нь шинжлэх ухааны аргаар зааж өгсөн. Залуус маань ч боловсролтой, оюунлаг, бүтээлч байсан учир зудаар нэг ч малын хорогдолгүй онд орсон. Мал мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хоёрын хооронд хүмүүсээс илүү ажилласан. Эхнээс нь буруугүйгээр сургасан.


-Таны хувьд амьдрах орон байр, хоол хүнсээр нь хангахаас гадна цалинжуулсан тийм үү?

-Тэгсэн. Гэрээний дагуу ямар нэгэн норм, хязгааргүйгээр хоол хүнсээ өөрсдийн дураар хэрэглэнэ. Мөн цалинтай, дээрээс нь эрүүл агаар. Ер нь хөдөө орон нутгийн мал бүхий иргэдэд эдийн засгийн хямрал бараг мэдрэгддэггүй.


-Гэхдээ сүүлийн үед малын түүхий эд болон мах үнэгүйдлээ. Төр засгаас малчдад ямар нэгэн урамшуулал, дэмжлэг үзүүлэхгүй байгаагаас малчдад эдийн засгийн хямрал нөлөөлж байна гэх хүмүүс ч байгаа.

-Цөөн тооны малтай хүмүүст нөлөөлж байгаа. Гэхдээ Монголын малчдын хэрэглээ маш бага. Хамгийн энгийн хэрэглээтэй ард түмэн учраас хязгааргүй шунал байхгүй. Таван булган дээлтэй, 10 булган малгайтай, 20-30 хос гуталтай болъё гэсэн хязгааргүй шуналгүй, хэрэглээндээ тохирсон ард түмэн юм. Түүнээс бус УИХ-ын гишүүд, ЖДҮ-гийнхэн шиг хязгааргүй шуналтай бол тэнд хямрал байгаа. Бид бол авсандаа биш өгсөндөө баярлаж явдаг хүмүүс.


-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол их ярих боллоо. Үүнээс өөр малчдад тулгамдаад буй ямар хүндрэл, бэрхшээл, асуудал байна вэ?

-Бидний эмийн сан шиг эрүүл махтай малыг гадагш борлуулахгүй, цөөн тооны монополь “Мах маркет”, “Мах импекс” зэрэг хүмүүс гадаадад гаргаж байна. Малчид зөвхөн “Хүчит шонхор”, “Нарантуул” худалдааны төв, “Хар хорин” зах дээр л махаа борлуулж байгаа учраас мах илүүдээд байгаа юм. Харин гадаад зах зээлд махаа борлуулах юм бол малын тал нь шахуу зарагдаж малчдын амьдрал дээшилнэ. Ингэснээр бэлчээрийн доройтол, цөлжилтөөс аврагдана. Төр засаг, Хөдөө аж ахуйн яам ямар ч бодлого гаргахгүй. Зөвхөн уул уурхайн өөрсдөдөө олох ашгаа бодоод мал аж ахуйгаа хаячхаад байна. Энэ асуудлыг малчид цуглаж, хэлэлцээд ном өөрсдөө гаргалаа. Үүнийг төр засгийн сонорт хүргэснээр энэ байдал өөрчлөгдөнө. Хөдөө аж ахуйн яаманд өнөөдөр мэргэжлийн хүн алга. Тэнд орчуулагч, мухар цагаан ямаа, хонио танихгүй хүн ажиллаж байна. Үе үеийн мундаг мэргэжилтнүүдийг нь бүгдийг нь халаад, намаараа талцаад, жаахан жаахан годгор охид, хөвгүүд цуглачихсан. Тиймээс хөдөө аж ахуйн бодлогыг огт мэдэхгүй байна. Эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуйг харвал Монголын өнөөдрийг хүртэлх хөгжил дэвшлийг ганцаараа авчирсан салбар юм шүү.


-Малын өвчлөл бас их байна.

-Малын гоц халдварт өвчин одоогоос олон жилийн өмнө эдийн засгийн харилцан туслалцах 15 орны тусламжаар юу ч үгүй эдгэрсэн юм. Хүүхдийн ханиад шиг өдөр бүр гараад байдаг ч зүйл биш. 20, 30 жилийн давтамжтай гардаг өвчин юм. Гэтэл яагаад жилдээ хэд хэдэн удаа гараад байна. Гадаадын том гүрний бодлого ч байж мэднэ. Учир нь вакцин оруулж ирж шахдаг наймаачид, тендерт ялсан нэрээр мэргэжлийн бус хүмүүсийн явуулга ч байж мэднэ. Бидний зүгээс вакцинаа эх орондоо үйлдвэрлэдэг болъё, гаднын хараат биш болъё гээд асуудлаа тавьсан, шийдэгдэж байгаа.


-Бэлчээрийн тухай хууль яригдаад нэлээд удлаа. Энэ тал дээр таны байр суурь?

-Энэ маш том асуудал. Хэдэн мянган жилээр монголчууд бэлчээр, байгаль шүтэж амьдарсан. Малчин хүн гэдэг хамгийн оюунлаг ард түмэн байдаг. Учир нь хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон газар дэлхийгээс нэг ширхэг чулуу ховхлохгүй, нэг ургаа модыг хөрөөдөхгүйгээр зөвхөн ургасан өвс, урссан усыг нь ууж амьдардаг. Байгалиа шүтэж, хөндөхгүй амьдардаг. Түүнээс шуналдаа хөтлөгдсөн уул уурхай шиг экскаватороор ухаж, дэлбэлж амьдардаггүй. Бэлчээрийг Өвөр Монголд хуулиар хувьчилж өгсөн ч энэ нь зөв шийдэл биш гэдгийг тэд мэдээлсэн. Гадаадын бүх л оронд болохгүй байна. Мянган мянган жилээс уламжлагдан ирсэн энэ асуудлыг шийдэхэд маш хүнд. Үүнийг ганц хоёрхон эрдэмтэн ширээний ард суугаад шийдэхгүй. Тиймээс энэ хууль маш олон жил дуншиж байна. Сайн ярихгүй бол эх орон цөлжинө, үндэсний онцлогтой холбоотой хүнд асуудал. Тэр энэ заалт нь болно болохгүй гэх юм байхгүй. Хэдэн мянган жил бэлчээрээр яваад ирсэн асуудлыг хуульчилна гэдэг хэцүү.




-Таны хэлснээр хоёр гуравхан эрдэмтэн суугаад батлахгүй гэлээ. Тэгэхээр ер нь хуулийн заалттай холбоотой малчдаас санал асуулга авсан зүйл бий юу?

-Санал асуулга аваагүй байгаа. Бүх малчдаас саналыг нь авах ёстой. Бэлчээрийн форум зохион байгуулснаар шийддэг асуудал биш ээ, маш өргөн хүрээтэй асуудал. Улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал учир нэг хоёрхон хүн шийдэхгүй. Шийдээд явцуу хүрээнд энэ хуулийг гаргахад дараа нь маш том эрсдэл, үймээн самуун гарах эрсдэлтэй. Энэ бол ширээний араас, номын хуудаснаас гарах асуудал биш. Харин амьдралын гүнээс, амьдралын хөрсөн дээр судалж байж л гарах хууль юм. Чингис хаан хэлсэн байдаг “Мянга мянган жилээр, өвөл зунгүй оторлон нүүж малтай болбол цэрэг нь хүчтэй, хүнс нь арвин, улс орны тусгаар тогтнол бүрэн байна шүү” гэж. Хэрэв бэлчээрийн хууль гараад хувьчлах юм уу элдэв асуудал гарвал Хэнтийн малчин Ховд орж чадахгүй, Ховдын малчин Хэнтий орж чадахгүй. Япон Солонгосын тарьсан талбайгаараа хязгаарлагддаг эрх чөлөө шиг юм болно. Монголын малчид дэлхийн хүн төрөлхтний хамгийн эрх чөлөөтэй ард түмэн. Өнөөдөр Ховдын хязгаараас оторлон нүүсээр Хэнтийн өндөр ууланд очиж чаддаг. Говийн малчин хангайд очиж чаддаг. “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” гээд шүлэг байна ш дээ. Үүнийг их олон талаас нь бодохгүй, элдэв ашиг хонжоо харж, их гүрний бодлогоор янз бүрийн зүйл явагдаад байна. Малчидтай ярилцахгүй, Төрийн ордонд шийддэг юм байхгүй. Иргэдээсээ асуу, иргэдээ сонс, дараа нь иргэдээрээ шийдүүл. Төлөөллийн ардчилал унтарсан. Одоо шууд ардчиллаар л юмыг шийднэ.


-Малчид өнө эртнээс байгаль, цаг уураа шинжиж ирсэн. Өнгөрсөн зуны хувьд хур бороо ихтэй байлаа. Таны хувьд энэ өвөл, хаврыг яаж шинжиж байна вэ?

-Монгол хүнд нэг мундаг уламжлал байдаг. Ирээгүй зовлонг тосож битгий ярь гэж. Гэхдээ жилийн дөрвөн улиралд эрс тэс уур амьсгал байнга болно. Хэзээ ч зөөлхөн, сайхан болох байх гэлгүйгээр мөнхийн бэлтгэлтэй байдаг. Бид цаг агаарыг цаг уурын багажаас илүү мэднэ. Цаг уурын багаж улс, тив, ертөнцийн хэмжээгээр мэддэг. Харин бид бичил маягаар, эх орон, аймаг, сумынхаа хэмжээнд цаг агаар ямар байхыг хавраас нь эхлээд л мэддэг. Энэ нэг их хол зөрдөггүй. Тиймээс бид бэлтгэлээ сайн хангадаг. Мөн мал маань цаг ууртаа зохицсон хатуужилтай, тэсвэржилтэй. Жишээ нь миний хариулдаг хонь 90 хоног цас долоогоод сайхан онд орж чадна. 90 хоног л зуд үргэлжилдэг, 90 хоногийн цаанаас өвс гараад л ирнэ. Хэдийгээр ашиг шим нь бага ч байгалийн шалгарлаар тэнцсэн тийм мал байгаа юм. Ашиг шим өндөртэй мал бол элээн сүүдрээр алга болдог.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 2 долоо хоног []


2 huuhdiig zarj zarj hooson butsaasan baina bilee.helsendee hurdeggui nariindaa hatsan hun baina lee.


Зочин    4 сар, 2 долоо хоног []


ashig shim undertei mal eleen suudereer alga boldog yutai unen ug be??


Зочин    4 сар, 3 долоо хоног []


mundag shvv.ta.....