2018,12-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Бөхийн өргөөний үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрчээ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаанаас болж Бөхийн өргөөний үйл ажиллагаа зогссон. Тэгвэл эл асуудалтай холбогдуулан Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж Бөхийн өргөөгөө нээлгэх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах, барилдаануудаа зохион байгуулах боломжийг бүрдүүлэхээр ярьж тохиролцсон талаар мэдээлэл хийлээ.


Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Одоогоор Бөхийн өргөө хаалттай байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр  хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачилга гаргая гэж ярилцсан. Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна. Бидний зорилго бол шүүхээр явж байгаа маргаанаас тусдаа. Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Бид хоёрт ямар нэгэн байдлаар санал бодол зөрөөд байх юм байхгүй. Би хэзээ ч дээд үеийн ах, нар бөхчүүдийнхээ өмнөөс сөрж үг хэлж байгаагүй. Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг. Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа" гэв.


Харин Дархан аварга Х.Баянмөнх "Б.Бат-Эрдэнэ аварга яг зөв юм ярилаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ" гэлээ. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


zob zob