2018,12-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: "60 тэрбумын" яриа хэрэгжсэн эсэхийг ТЕГ шалгаж байгаа

1 жил, 10 сар TIMES.MN

АТГ-аас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал хийлээ. 2018 оны арванхоёрдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажил болон 2019 онд хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.


Мэдээллийн эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.


Тэрээр "2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна. Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна. Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна. Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна. Дээрхээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна" гэдгийг онцоллоо.




Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид нийгэмд хүлээлт үүсгээд буй, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаар асуусан юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсан юм.


-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан хэргийг шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЖДҮХС-аас улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий этгээд зээл авсан хэрэг тогтоогдоод, мөрдөн шалгаж байгаа. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон ААН хамарсан хэрэг учраас цаг их орж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна.


-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ?

-Нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тухай хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зээл асан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Тоог нь хэлэх боломжгүй. Олон гишүүн мэдээлэл өгсөн.


-Нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокуророос өгсөн гэсэн үнэн үү?

-Манайхаас 3 гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг үндэслэл гаргасан. Прокурор хэрхэн шийдэхийг мэдэхгүй байна.


 -Хөгжлийн банктай холбоотой хэрэг юу болсон бэ?

-Хөгжлийн банктай холбоотой 20 орчим дугаар бүхий хэрэг шалгагдаад прокурорт шилжсэн. Шүүхэд шалгагдаж байгаа.


-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Салхитын мөнгөний ордны тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сэжиглэгдэн шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж буй. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.


-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу?

-Бусдаас 4 сая ам.доллар авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд энэ талаар мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гарсан тул уулзаагүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа. 


-60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу?

-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудал дагуулж байгаа. Тагнуулын ЕГ-аас энэ схем хэрэгжсэн талаар мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай гэсэн. Улсын ерөнхий прокурор Д.Баярмагнай 60 тэрбумын хэргийг сэргээгээд мөрдөн шалгах шаардлагатай гэсэн тушаал ирүүлсэн. Мөн өмнөх баг ажиллах тухай заасан ч тухайн үед ажиллаж байсан цөөн хэдэн хүний албан тушаал өөрчлөгдсөн тул зарим нэг хүний өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тагнуулынхан өөрсдөө бас шалгаж байгаа. Өмнөх бүх ажлын хэсэг ажиллаж байна.





Холбоотой мэдээлэл