2018,12-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ц.Бумцэнд: Монголын ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчид чөмгөө дундартал зүтгэж байна. Даанч...

1 сар TIMES.MN

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Чиглэл ХХК-ийн захирал Ц.Бумцэндтэй ярилцлаа.


-Баялаг бүтээгч хүний хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх санг яаж авилгаас ангид байлгамаар байна вэ?

-ЖДҮ-ийг яаж хөгжүүлэх талаар салбар салбарын хүмүүс, эрдэмтэд хэлэлцлээ. Үүнээс харахад төрийн болон төрийн бус байгууллага, жижиг дунд байгууллагууд ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хэрхэн үр бүтээлтэй ажиллуулах гарцыг нь гаргачихсан юм байна. Харин түүнийг нь төр буюу улс төрчид огт хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэх сонирхол байдаггүй юм байна гэж ойлгосон. Энэ юутай холбоотой байгааг нь ажиглахад намуудын санхүүжилттэй холбоотой юм шиг ажиглагдлаа. Тэрнээс бус манайхан ажлаа хийчихсэн, бодлогоо төлөвлөчихжээ. Өнөөдөр бид гарц гаргалгаа ярьж байгаа ч яг гарцыг нь гаргах эрх мэдлийн хүн алга байна. ЖДҮХС-гийн гол гацаа нь хэрэгжүүлэх сонирхолгүйд байдаг юм байна. Гадаад дотоодын ЖДҮ-ийг хөгжүүлж буй туршлагыг бас эрдэмтэд ярилаа. Үнэхээр зөв гарц байна уу гэвэл байна. Өнөөдөр Монголын ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчид үнэхээр чөмгөө дундартал зүтгэж байгаа. Дэмжинэ дэмжинэ гээд л яг үнэндээ дэмждэггүй. Бүхэл бүтэн нэг аймгийн ЖДҮ-ийн төсвийг ганцхан хүн авсан байна ш дээ. Манай ЖДҮХС-д мөнгө байхгүй гэдэг нь худлаа юм билээ. Мөнгө нь хангалттай байдаг юм байна, зөвхөн хэсэг бүлэг хүн авчихдагт гол учир нь байдаг юм байна. Ер нь ЖДҮ эрхлэгчид 100 сая хүртэлх төсөл их өгсөн байдаг. Харин 100 сая төгрөгөөс дээш төсөл өгсөн хүн маш бага. Зөв хэрэгжүүлж чадвал үр өгөөжөө өгөх ажил юм.


-Таны хэлснээр санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсний дараагаар энэ сан авилгаас ангижирна гэж ойлгож болох уу?

-2-3 жилийн өмнө Д.Ганболд гээд Нийслэлийн АН-ын хорооны дарга байсан хүн “парламентын засаглалтай улс оронд ЖДҮ хөгждөггүй” гэж хэлж байсан. Би үнэн хэлсэн юм болов уу гэж бодлоо. Учир нь нэг нам, нэг яам гарч ирэхээрээ нөгөөхөө үгүйсгээд л бичиг баримтыг нь үе залгамжилж өгөлгүй устгачихдаг. Аж үйлдвэрийн яам татан буугдаж ХХААХҮЯ руу явахад бүх бичиг баримтыг шинээр эхэлнэ гээд л байж байдаг.


-Хуулийн шинэчлэлийн талаар яриад байна. Та хуулийн шинэчлэлд тусгагдсан асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. 2.5 тэрбум хүртэлх зээлийг олгодог байя гэсэн асуудал яригдаж байна шүү дээ.

-Манай холбоо хуулийн төсөл дээр маш сайн ажилласан. Үүнд бичил нь 20, жижиг нь 20, дундад нь хуваая гэх мэтээр олон хувилбар гаргасан. Хууль нь муудаа биш, хуулийг хэрэгжүүлдэггүйд л гол учир нь байна. Татварын хууль, Тендерийн хууль, Жижиг дундын хууль хоорондоо ямар ч тогтолцоо, уялдаагүй байна. ЖДҮ-ийн хуульд ардчилсан намын бүлэг завсарлага авчихсан байгаа. Үүний дараагаар улс төрийн янз янзын юм гарлаа. Бүх хууль их хурал дээр гацчихсан байна. ЖДҮХС-тай холбоотой үүссэн энэ нөхцөл байдлаас үүдэн бас гайгүй хууль гарч магадгүй гэсэн горьдлоготой байна. Хуулийг хэрэгжүүлж чадвал бас тийм ч муу хууль биш.


-Банкаар дамжуулж зээл олгохыг юу гэж бодож байна вэ?

-Өнөөдөр бид банкны системд их найддаг. Гэтэл өмнөх ЖДҮ-ийн зээл олгож байсан Капитал банкны туршлага байна. ЖДҮХС-гийн мөнгийг төр банкандаа зээлдүүлээд одоо болтол авч чадахгүй байгаа ш дээ. Банкны системээр зээл олгох нь зөв байх. Гэхдээ ямар банкаар олгох вэ гэдэг нь чухал. Намын банкаар биш.


-Улс төрийн хамааралгүй, яг баялаг бүтээгчид буюу ЖДҮ эрхлэгч хэчнээн хүн зээл авсан байдаг юм бол?

-Бараг жинхэнэ үйлдвэрлэгчид аваагүй байх. Ихэнх нь хамаарал бүхий компаниуд авсан ш дээ. Дийлэнх нь зээлийн хэмжээ хүрэлцэхгүй гэсэн хариулт өгдөг. Яг үнэндээ ЖДҮХС-д мөнгө байгаа. Бага мөнгийг олон ЖДҮ эрхлэгчид авах боломж бий. Түүнийг олон хүнтэй ноцолдохгүй гэдэг ч юм уу, эсхүл бүр бодлогоор олгодоггүй. Гэтэл талхны цехэд 15 сая, мужааны цехэд 20 сая төгрөг өгөхөд л хөрөнгө оруулалтаа шийдээд олон хүнийг ажлын байраар хангана шүү дээ. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ганц мөнгө авсандаа биш ЖДҮ эрхлэгчдийн ажлын байр, цалин, ажилчдынх нь ажиллах нөхцөлийг эрүүл мэнд, нийгмийн даатгалтай нь, ажилчдынх нь орон гэр, ар талд нь байгаа эхнэр хүүхдийг нь хоол ундтай нь хулгайлж авсан асуудал ш дээ. Наана нь бүтээх бүтээл, гадагш гаргах экспорт гээд бүгдийг нь устгаж байгаа. Энэ бол уучилж болшгүй гэмт хэрэг. Бусад улсад ийм хүмүүст өндөр хариуцлага тооцсон байгаа. Манай улс л чадахгүй байна. Гэхдээ хариуцлага тооцож эхлэх болов уу гэж найдаж байгаа.


-Ер нь баялаг бүтээгчид дээд тал нь хэдэн төгрөгийн зээл хүсдэг вэ. 10-100 сая төгрөг гэж сонссон.

-100 болон түүнээс дээш төгрөгийн зээлийг маш цөөхөн хүн хүсдэг. Тэрнээс доош л байгаа. Бараг 50 сая төгрөгийн зээлийг өндөр байна гэж үздэг. Өөрийнхөө барьцаа хөрөнгөндөө тулгуурлаж зээл авч байгаа ш дээ. Яг жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бага хэмжээтэй зээл нь 70-80 хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. Санхүүжилт, төсөл нь хангалттай байдаг. Харин буруу хүндээ зээл өгөөд буцаад эргэн төлөгддөггүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.