2018,12-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


П.Тамир: Монголд хонины нэхий, том захыг тойрон хэвтэж буй хүн хоёр л үнэгүй байна

2 сар, 1 долоо хоног TIMES.MN
Монголын сайн малчдын намтар, мал маллах арга ухааны талаар нийтэлсэн “Монгол малчдын алтан товчоон” номын нээлт боллоо. Уг ном нь малчдын талаарх анхны бүтээл бөгөөд залуу малчдад төдийгүй хууль батлагчдад хэрэгтэй зөвлөмж, зөвлөгөө их байгаа талаар энэ үеэр мянгат малчдын төлөөлөл онцолсон юм. Ингээд “Дөрвөн алтан бэрс” ТББ-ын тэргүүн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын мянгат малчин П. Тамиртай ярилцсанаа хүргэе.




-Малчдад тулгамдаад буй асуудлаас товчхон дурдвал.

-Энэ жилийн аравдугаар сард малчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг чуулганаар 500 орчим малчин нэгдэж, санал бодлоо хуваалцсаны үндсэн дээр “Малчдын алтан товчоо” номыг хэвлэн гаргахаар болсон юм. Мөн малчидтай хамааралтай төрийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар онцолсон. Уг асуудлыг тодорхой шат дараатайгаар ярилцаж, төрийн өндөрлөгт хүргэе хэмээсэн. Өнөөдөр малчдад тулгамдаад буй хамгийн гол асуудал нь малчдын 6 настай хүүхдийн асуудал байна. Ээж нь хүүхэдтэйгээ сумын төвд, аав нь мал дээрээ гэх мэтээр хоёр тусдаа амьдарч байна. Тиймээс залуу гэр бүлүүд суманд тогтвор суурьшилтай амьдрах нөхцөл алга. Зарим нь Солонгос явж залуу гэр бүлүүд хоёр тийш болж байх жишээний. Хоёр дахь асуудал нь ХААХҮЯ болон төрийн бодлого тодорхой баймаар байна. Малын суурь үнэ гэж байхгүй. Нэг бол өсч, эсхүл буурч байдаг. Өнөөдөр Монголд хамгийн үнэгүй хоёр юм байна. Хонины нэхий, том захыг тойрсон хүн гэж амьтан үнэгүй үхэж, хэвтэж байна. Малаас гарч байгаа түүхий эдийг үйлдвэрийн чанартай болгож дэлхийн зах зээл дээр гаргах хэрэгтэй байна. арьс ширийг гадаадад гаргах шаардлагатай байна. Энэ мэт тулгамдаад буй асуудлаа уг номонд тусгасан, саналаа ч төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Гэхдээ хариугаа аваагүй байна. Уул уурхайн салбарт гаднынхан орж ирж байгаатай адил энэ салбарт гаднын технологи ороод ирлээ. Тухайлбал, Хятад хүн ирлээ ноолуур өсөх нь, Хятад хүн мал авч байна гэнэ малын үнэ өсөх нь гээд л ачаад давхиж байна. Монголын ченж нарын гарт очихгүй байгаа нь юмны үнийг өсгөж байна. Манай улсын хуулийн цоорхойгоор гадаадынхан эдгээр бүтээгдэхүүний ханшийг нь унагааж авч байна. Хөдөө аж ахуйн бирж ажлаа хиймээр байна. Яагаад өнөөдөр 84.6 сая малтай улсын хонины арьс нэг л өртөгтэй байдаг юм бэ.


-Мянгат малчид олширлоо. Малчид малынхаа тоонд илүү анхаарч чанарт нь анхаарахгүй байна. Чанаргүй малын хэт өсөлтөөс шалтгаалж бэлчээрийн доройтол үүслээ гээд янз бүрээр л ярих боллоо. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Би үүнд эсрэг байр суурьтай байдаг. Мал өсөж, үйлдвэрлэл сайн явагдаж байгаа тохиолдолд бүтээгдэхүүн их гарах нь дэлхийн жишиг. Сайн ажиллаж байж бүтээгдэхүүн олон байгаа. Харин эсрэгээрээ гадаад зах зээлд махыг нь нийлүүлэх хэрэгтэй. Үүнийг төр сайн зохион байгуулах ёстой. Манай улсын мал ихэнх нь хонь, ямаа буюу нарийн мал байгаа ш дээ. Мөн махны үйлдвэрүүдийг зөв ажиллуулах хэрэгтэй байна. Махны чанарын хувьд дэлхий дээр цэцэгсийн хүрээлэнд бэлчиж байгаа малын мах чанаргүй байвал өөр чанартай мах гэж байхгүй. Гадаад зах зээл дээр манай малын мах гарвал хамгийн чанартай, сайн мах байна, байсаар ч байна. Бэлчээрийн доройтлын асуудал бол байна. Гэхдээ дан ганц мал гэлтгүй машин, техник, уул уурхай, байгалийн үзэгдэл, дэлхийн дулаарал гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүнийг хөдөө аж ахуйн яам гардан, чиглэл чиглэлээр нь сайн тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй болов уу. Бид өнөөдөр байгаль доройтлоо гэж ярьж байгаа ч ганц мод тарихгүй сум, өрх бүр байна ш дээ.




-Малчид бэлчээрийн тухай хуулийг маш их хүлээж байна. Бэлчээрийн тухай хуульд ямар ямар онцлох заалт оруулаасай гэж боддог вэ. Тухайлбал зарим малчид хуучин малын хөлийн татвар гэж байсан шиг илүү гарсан тоо толгой малаас татвар авах нь зүйтэй гэж ярьдаг юм билээ.

-Татвар бол зах зээлийн үндсэн зарчим, байх ёстой. Гэхдээ үүний донжийг нь тааруулах хэрэгтэй. Малынх нь тоо толгой тутмаас мянган төгрөгийн татвар авбал мал маллахгүй сумын төв рүү орно шүү. Малчид банкны хүмүүсээс илүү ухаан зарж, тооцоо боддог. Байгалийн мэргэжилтнээс илүү байгалиа шинждэг. Ганц дутагдаж буй зүйл нь төрийн ажил хийж байгаа хүмүүс мэргэжил болоод мэдлэггүй байна. Ажил хийхдээ шүдгүй арслан, ажилд орох, цалин авахдаа шүдтэй арслан болчхоод байна ш дээ. Сонгуулиар баг, сумын дарга нар чинь мал мэдэхгүй хүмүүс ирж байна. Залуу малчдад үлгэр жишээ болохуйц хариуцлага, сахилга бат, хууль сурталчилж буй хүн алга. Засаг дарга, багийн дарга нь дөрвөн жил л болчихвол боллоо гэсэн байдалтай байна. Тиймээс малчид нэгдэж, бие биетэйгээ туршлагаасаа хуваалцаж байна. Тухайлбал, өвсний бондыг заавал төр бэлдэх албагүй, айл, бригадаараа бэлдчихмээр байна. Таван айл нэгдээд мянган боодол бэлдэж болно ш дээ. Хашаа саравч нь сайн байвал таван жил ашиглана.


-Малчдын залгамж халаа байхгүй боллоо. Залуус нь төв суурин газраа бараадаж байна гээд байгаа. Залуу хүмүүсийг мал маллах сонирхолтой болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Хүн амын тоо өссөнтэй холбоотой бас харьцангуй тоо гараад байгаа. Зарим сумдад залуу малчид цөөрсөн. Бас зарим нь бол гайгүй байна. Гэхдээ л энэ асуудлыг арга байхгүй төрийн бодлогоор өлгийдөж авахгүй бол залуусын ихэнх нь хялбар аргаар мөнгө олох, төрийн албан хаагч болох сонирхолтой байна. Тиймээс залуу гэр бүлийн нийгмийн даатгалын тодорхой хэсгийг төрөөс даадаг, тэтгэврийг нь 50, 60 болгочихвол бас нэмэртэй. Манлайллыг маш өндөр төвшинд тавимаар байна. Ялангуяа аймаг, сумын засаг даргыг архи, тамхи хэрэглэдэггүй хүн тавимаар байна. Архи уудаг хүнийг даргаар томилбол нийтээрээ архичин болох гээд байна шүү. Нийтээрээ баярладаг хүмүүс болох гээд байна. Улс төр гэдэг чинь баярлуулж байгаад саналыг нь авдаг болсон байна.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар [122.201.19.99]


аймаг, сумын засаг даргыг архи, тамхи хэрэглэдэггүй хүн тавимаар байна. Архи уудаг хүнийг даргаар томилбол нийтээрээ архичин болох гээд байна шүү. Нийтээрээ баярладаг хүмүүс болох гээд байна. Улс төр гэдэг чинь баярлуулж байгаад саналыг нь авдаг болсон байна. UNEN SHUU


Зочин    2 сар, 1 долоо хоног []


зөв зөв