Нийгэм


Жижиглэн худалдаа эрхлэгчид нэгдэж, "ИХ ХҮРЭЭ"-нд чуулна

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.


Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав болон 21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа талаараа хэлсэн юм.


Тухайлбал, хурлын эхэнд "Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ГХЯ, Улаанбаатар хотын ЗАА, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болсон талаар онцоллоо.




Хэвлэлийн хурлын үеэр, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа "Өнөөдрийн хуралд 21 аймгийн худалдаачдын төлөөлөл ирсэн байгаа аж. Орон нутагт худалдаачдад тулгамдаж байгаа асуудал нь мэргэжлийн худалдагч байхгүй, худалдааны салбарт ажиллах хүч дутагдалтай байна. Энэ асуудлыг бодлогын хүрээнд хэлэлцэнэ. Хоёрдугаарт гадаадын технологи инновацийг үндэсний үйлдвэрлэлдээ нутагшуулах, мөн стандартуудыг шинэчлэх, худалдааны зохицуулалтын хуулийг шинэчлэх зэрэг олон асуудлыг чуулганаар хөндөнө. Дараагийн нэг асуудал бол үйлдвэрлэлийн асуудал байна. Худалдаа дангаараа хөгжинө гэж байхгүй. Үйлдвэрлэлтэйгээ хоршиж худалдаа хөгжинө. Хэрэглэгчийн хэрэгтэй хүсч байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээр дамжуулж бэлтгэж, зах зээлд гаргах нь чухал байгаа юм. Үйлдвэрлэл, худалдаачид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн чуулганаар зөвхөн дотоодынхоо худалдаачдын асуудлыг хөндөхгүй гадаадаас экспертүүдийг сургалт болно. Цаашид худалдааны салбарыг хөгжүүлж сайжруулна" гэв.


Мөн "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн салбарыг төрөөс бодлогын хүрээнд дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг дуулгасан юм. Түүнчлэн долларын ханш огцом өссөнөөр худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болж, жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль гэх мэт дарамтан дор амьдралаа залгуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа талаар ч хэлсэн юм.


Тэд хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээгээрээ “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд чуулж Дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг авч үзэж шийдвэрлэх арга зам, боломжуудаа болон цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм байна.


Чуулганы хүрээнд маргааш буюу энэ сарын 6-нд МЖХЭХ-ны их хурал, өдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийг ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хорин нэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярын цуглааныг зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээнд Улаанбаатар хотод худалдаа эрхэлж буй ААН, албан байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриаллаа.


Харин худалдаа эрхлэгчдийн “ИХ ХҮРЭЭ-2018” чуулганаа энэ сарын 7-нд буюу баасан гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулахаар болсон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс худалдааны салбарын төлөөлөгчид болон эрх бүхий байгууллагын төлөөллүүд ирэхээр болсныг онцоллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.