2018,12-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Амтат үзэсгэлэн дэлгэгч Н.Зөнбилэг: Бүтээлүүд маань цэвэр тогооч хүний мэдрэмж, сэтгэхүйн үр дүн

2 долоо хоног TIMES.MN
Амттанд тэр дундаа шоколаданд дургүй хүн байхгүй байх. Шоколадны тухай олон сонирхолтой түүх, баримтууд ч байдаг. Шоколад идвэл таргална, турна гээд... Өдийг хүртэл шоколад хүн төрөлхтөнд зөвхөн амттанаар төсөөлөгдөж байсан бол өнөөдөр урлагийн бүтээл болтлоо хөгжжээ. Шоколадаар урласан баримал, уран зураг танай гэрийн хананд байна гээд төсөөл дөө. Тэгвэл энэ төсөөлөл бодит болох боломжтой болжээ. Учир юу гэвэл 21 настай Н.Зөнбилэг гэх залуугийн урласан бүтээлээр та гэртээ өнгө, үнэр нэмэх боломжтой. Маш анхилам сайхан үнэр, үзэмжтэй урлагийн бүтээлүүдээс сонирхъё гэвэл түүний “Chocolate is 150” үзэсгэлэнгээр зочлоорой. Ингээд түүний үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлагаа хүргэе.


Шоколадыг урлаг болгосон авьяаслаг залууг Н.Зөнбилэг гэдэг. Тэрбээр “Cielo food n bar pastry”-гийн ахлах тогооч хэдий ч гурван жилийн өмнөөс шоколадан урлалыг бие даан сонирхож, хийж эхэлсэн байна. Уг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ гурван сар гаруйн хугацаанд хагас тонн шоколадаар урласан аж.


-Сайн байна уу. Амттай хийгээд маш сонирхолтой үзэсгэлэн дэлгэсэн танд баярлалаа. Анх ийм төрлийн бүтээл хийх, бүр цаашлаад үзэсгэлэн гаргах санааг яаж олсон бэ?

-Гаднын улсуудад ийм төрлийн үзэсгэлэн жилд 3-4 удаа болдог. Гэтэл манайд яагаад ийм төрлийн үзэсгэлэн байж болохгүй гэж бодоод зориглосон доо.


- Үзэсгэлэн дууссаны дараа бүтээлүүдээ яах вэ. Магадгүй олон улсын үзэсгэлэнд оролцох ч юм уу, тийм бодол бий юу. Мөн бүтээгдэхүүний хадгалалтын талаар мэдээлэл өгөөч. Тасалгааны хэмд хэдэн ч жил хадгалж болох уу?

-Шоколад хүнсний бүтээгдэхүүн учир амархан муудна, өнгөө алдана. Гэхдээ миний тооцоолсноор тодорхой температур болон орчныг нь бүрдүүлчихвэл бас он удаан жил хадгалах боломжтой. Яг тэдэн жил гэж хэлж мэдэхгүй байна. Одоогоор нэлээд хэдэн бүтээл маань эзэнтэй болсон. Заримыг нь хадгалж, хайлуулж өөр бүтээл хийнэ дээ. Тэрнээс яг энэ бүтээлээрээ өөр үзэсгэлэнд орохгүй. Мэдээж ирээдүйд ийм төрлийн олон улсын үзэсгэлэнд орох хүсэл бий. Гэхдээ тэрнээс өмнө эхлээд өөрийгөө илүү их боловсруулж, сурах зүйл их байна.




-Ямар технологиор хийдэг вэ. Шоколадаа хайлуулаад л хэлбэрт оруулдаг уу?

-Янз бүрийн техник ашиглана. Шоколадаа хайлуулах нь хамгийн эхний ажил. Тухайн шоколадаа орчны температурт хайлуулахгүй байх тусгай арга байна. Бүх үе дамжлага, техникийг яривал их цаг орно. Юу ч холиогүй 100 хувь цэвэр шоколадаар нь хийж болно. Мөн хэвэнд цутгаад, сийлэх гэх мэт олон арга бий.


-Тогооч хүн ер нь гарын ур дүйтэй байдаг юм уу. Нэг бол зурах, сийлэх гээд нууц авьяас байна уу?

-Миний хувьд нэг удаа ч хэрхэн зөв шугам татах, баримал барих, зураг зурах талаар суралцаж байгаагүй. Цэвэр тогооч хүний мэдрэмж, сэтгэхүйн дээрээ түшиглэж хийсэн.




-Үзэсгэлэнгийн хаалгаар оронгуут л маш сайхан үнэр угтлаа. Болдог бол аваад идмээр л санагдлаа. Олон өнгө гаргасан байна. Хүнсний будаг ашигласан уу?

-Какаоны үрээс гаргаж авдаг тос гэж байдаг. Тэр тосыг хүнсний будагтай хольж өнгөө гаргаж авдаг.


-Хаана сургууль төгссөн бэ, дотоодод уу?

-Би 100 хувь Монголдоо боловсорсон хүн. Хүмүүсийн сайн мэддэг Технологийн дээд сургуулийг төгссөн. Хүнсний технологийн коллежоос нь эхлээд дээд сургууль хүртэл нь суралцсан. Хүнсний технологич мэргэжилтэй. Шоколадан урлалаар өөрийн сонирхол, цаг заваараа л суралцсан. Цаашлаад энэ чиглэлээрээ гадаадад гүнзгийрүүлэн суралцах, боловсрох зорилготой байгаа.


-Мэргэжлээ сонгоход юу нөлөөлөв. Гэр бүлд нь тогооч бий юу?

-Манай гэр бүлээс ганц тогооч болсон нь би. Багаасаа тогооч болно гэж бодож, мөрөөдсөн зүйл байхгүй. Аав ээж маань ийм мэргэжил байна сонирхоод үзээч гэж зөвлөсөн. Анх аав ээжийнхээ зөвлөснөөр суралцсан ч хийж байгаа зүйлдээ улам татагдсаар, дуртай болсон. Десерт, нарийн боовчноор дагнан ажилладаг.




-Нэрний тухайд. Яагаад “Chocolate is 150” гэж.

-Анхны шоколадан бүтээлийнхээ нэрээр үзэсгэлэнгээ нэрлэсэн.


Энд шоколадан бүтээлүүдээс гадна уг амттаны түүх, какаоны тухай, өнөөгийн шоколадны ертөнц болон арав гаруй улсын шоколадны хөгжил гэх зэрэг олон мэдээллийг самбар дээр байршуулжээ.


Үүнээс хамгийн сонирхол татсан нь ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД ШОКОЛАДАНД ДУРТАЙ БАЙДАГ ВЭ?

Олон судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд шоколадыг илүү хэрэглэдэг. Учир нь эмэгтэй хүний биед фимелатины хэмжээ харьцангуй бага байдаг. Энэхүү фимелатин нь сэтгэл санааны тогтвортой байдалтай хамаатай тул сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэн эмэгтэйчүүд хэрэглэх нь элбэг. Тэнцвэргүй байдал үүсэхэд өөрийгөө эмчлэх инстинктээрээ шоколад иддэг ажээ.




Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний шоколад үйлдвэрлэгч “КЛОУН АХ” ХХК болон CIELO FOOD N BAR хамтран ажилласан байна. Монголын анхны шоколадан урлалын үзэсгэлэн MN TOWER-т байрладаг MN ART GALLERY-д энэ сарын 6 хүртэл үргэлжлэх юм.





                          



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 16 цаг [210.42.111.229]


ёстой мунадаг юмаа амжилт хүсье