2018,11-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Л.Нэргүйбаатар: Малчдад бэлчээрийн тухай хуулийн зохицуулалт хэрэгтэй байна

1 жил, 7 сар TIMES.MN
 Доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 65-аас 57 хувь болж буурсан ч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгдсэн нь аюулын харангын дохио болж байна. доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавх өндөр байгаатай холбоотой, нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд бэлчээр нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн юм гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл малчид бэлчээр ашиглалтын талаар ямар байр суурьтай байгаа талаар Архангай аймгийн Их тамир сумын малчин Л.Нэргүйбаатартай ярилцлаа.



-Сүүлийн жилүүдэд бэлчээр ашиглалтын талаар нэлээдгүй ярих боллоо. Бэлчээрийн доройтол их байгаа тул малчид малын тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг ч зөвлөөд байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Би 2000 оноос хойш мал маллаж байна. Малын тоо толгой нэмэгдэх тусам бэлчээрийн даац хомстож байна. Бэлчээрийн даац хомстохын хэрээр доройтолд орж, бэлчээрийн эргэж сэргэх чадвар нь муудаж байгаа. Энэ нь байгаль цаг уурын өөрчлөлт болон малын хэт өсөлттэй шууд холбоотой. Малын тоо өссөн ч бид бэлчээргүй болчихвол цаашдаа мал ч үгүй, малчин ч үгүй болно л гэсэн үг юм. Тиймээс бэлчээр ашиглалтын хууль гаргаж, Төрийн зүгээс зохицуулалт хийхгүй бол малчдад маш хүнд байна. -Танай сумын хувьд бэлчээрийн доройтол ямар хэмжээнд байна вэ? -Манай сум 358 мянган тоо толгой мал, 1000 гаруй малчин өрхтэй. Уг нь сумын хэмжээнд 180 гаруй мянган толгой мал бэлчих ёстой атал өнөөдөр байх ёстой хэмжээнээс гурав дахин хэтрээд байгаа. Бэлчээрийн доройтол бол 65 хувьтай байна гэсэн тоон мэдээлэл гарсан байна лээ. Уулархаг нутгаараа бэлчээрийн доройтол бас харьцангуй бага. Харин тал хээр, голтой ойр хэсгээрээ даац хэтрэлтэй байна.


-Сүүлийн жилүүдэд зуны улиралд бороо хур багатайгаас үүдэн өвөл бас зуд болох эрсдэл өндөртэй байна. Төрийн зүгээс зуд боллоо гэхээр л хэдэн тонн өвс, тэжээлээр тусалдаг. Үүнээс өөрөөр ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ?

-Байгаль цаг уурын өөрчлөлтөөс гадна малын тоо нэмэгдсэнтэй холбоотой ургамлын тоо жилээс жилд багасч байна. Ялангуяа сүүлийн хэдэн жил бэлчээрийн доройтол малчдад илт ажиглагдах боллоо. Тиймээс малчдад хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөхөөс гадна малыг бэлчээрийн даацад нь яаж барих талаар аргачлалыг мөн гаргаж өгөх хэрэгтэй байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн малаас төлбөр хураамж авах ч юм уу. Мөн бэлчээрийн доройтлыг сайжруулах тал дээр тун яаралтай арга хэмжээ авч, зохицуулалт хийх шаардлагатай байна. Гэхдээ малчид бид өөрсдийн хэмжээнд зохицуулалт хийж эхлээд байна. Тухайлбал, манай сумынхан 13 бэлчээр ашиглалтын хэсэгт хуваагдаж, өвөлжөө, хаваржаагаа чөлөөлж байна. Мөн бэлчээр ашиглалтын журмыг хэлэлцээд явж байна.


-Журмынхаа талаар дэлгэрүүлбэл.

-Ерөнхийдөө бэлчээрийн даацаас хэтэрсэн малаас төлбөр авахаар зохицуулж байгаа. Тухайн төлбөрийг орон нутагт, ялангуяа бэлчээрт тулгамдаж буй асуудал, бэлчээрийг нөхөн сэргээхэд зарцуулдаг байхаар хэлэлцэж байна. Бэлчээрийн даацыг наймдугаар сард фото мониторингийн аргаар газрын даамлууд тодорхойлдог. Үүнд тулгуурлаад тухайн хэсэгт өвөл, хавар хэдий хэмжээний мал багтах вэ гэдгийг нь тусгай аргачлалаар бодож гаргадаг. Мөн манай сум өндөр уулын бүсэд оршдог тул отор нүүдэл хийх, ашигладаггүй бэлчээрийг ашиглах зэрэг ажлуудыг хийгээд явж байна. хээр төлөвлөөд байгаа.


-Бэлчээрийн даацаас хэтэрсэн малд ногдуулах мөнгөн дүн нь гарсан уу. Тухайлбал, бог, бод малаараа үнийн дүн нь өөр өөр байгаа байх.

-Судлаачдын дүгнэснээр нэг хонин толгой өдөрт 1.4 кг өвс иддэг гэж тооцдог. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 450 төгрөг гэж тогтоосон байдаг юм билээ. Гэхдээ манай сумын хувьд илүү гарсан хонин толгой тутмаасаа 100 төгрөгийн төлбөр авъя гээд хэлэлцээд явж байна. Харин гаднаас ирсэн отрын малаас өдрийн 10 юм уу 100 төгрөгөөр тооцож авах зэрэг аргачлалыг хэлэлцэж байна.


-Хэрэв бэлчээр ашиглалтын хууль батлагдаад, хэтэрсэн малын тоо толгойгоор нь төлбөр хураамж авна гэвэл малчид зөвшөөрөх үү?

-Малчдын хувьд ерөнхийдөө төлбөр авах нь зөв гэж үзэж байгаа. Хуучин малын хөлийн татвар гэж байсан. Үүнийг авахгүй болсноор чанаргүй малын тоо өсч, бэлчээрийн доройтол ихсэж, малчид ч хариуцлагагүй болж байна, малын үйлдвэр угсаа гэж зүйл байхгүй боллоо. Сүүлийн үед мянган малтай хүнийг шагнаж урамшуулдаг болсноор малчид чанарт бус тооны араас хөөцөлдөж байна. Хэрэв бэлчээр ашиглалтын хууль батлагдаад, бэлчээрийн даацад тохирсон чанартай малтай малчдыг шагнаж урамшуулдаг болбол малчдад маш том хөшүүрэг болж өгөх болов уу гэж бодож байна. Хүмүүс өнөөдөр мянган малтай болчхоод зогсохгүй байна. Мянган малтай хүн 100 малтай малчны өвөлжөөг нэг өдрийн дотор юу ч үгүй болгоод нүүж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 7 сар [150.129.142.126]


НЭРГҮЙБААТАР ГЭДЭГ ЭТГЭЭД ЧИНЬ ХЯТАДЫН ӨВӨРМОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН БОДЛОГЫГ ДЭМЖИН СУРТАЛЧИЛДАГ ЭТГЭЭД БАЙХ ЧИ.ЦЭДЭНБАЛЫН ҮЕД АРХАНГАЙД ХЭСЭГ ХУЖАА СУУРЬШУУЛСАН ТҮҮНИЙ ҮР ХҮҮХЭД АРАЙ БИШ БАЙГАА ДАА.