2018,11-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Хар Балгасын ордны үлдцээс 1200 настай хонхыг олжээ

1 жил, 7 сар TIMES.MN

Монгол, Германы хамтарсан “Орхон” археологийн шинжилгээний анги 1200 гаруй жилийн тэртээх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос түүхийн үнэт зүйл болох хүрэл хонх тэргүүтэй олдворуудыг олсон тухайгаа мэдээлэл хийлээ.


Хоёр улсын эрдэмтдийн баг 2007 оноос эхэлж, “Орхон” шинжилгээний багийг бүрдүүлж ажиллаж эхэлсэн байна. Тэд энэ зун Уйгурын нийслэлийн Ордон хотын худгийг олсон аж. 




Энэ талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан Т.Батбаяр ярихдаа “Хааны ордон хотын их хэрмийн зүүн урд буланд 60х70 метрийн хэмжээтэй газрын гадаргаас 14-15 метр гаруй өндөрлөсөн хэсэг бий. Үүнийг “цидатель” хэмээн нэрлэж байгаа. Энэ байгууламж дээр бид сүүлийн дөрвөн жил төвлөрч судалгааны ажлаа явууллаа. Энэ хэсгээс эртний худаг илэрсэн бөгөөд энэхүү худаг нь боржин чулууг зургаан тал гарган өрсөн өвөрмөц хэлбэртэй. Нэг чулуу нь хагас тонн орчим жинтэй. 12 үе бүхий боржин чулуун өрлөг болон ус нөөцлөх тасалгаатай. 13 орчим метрийн гүнтэй. Хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай худаг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон” гэлээ.


Харин Германы эрдэмтэн Хендрик Рооланд “Газрын гүнд, усанд 1200 жил хадгалагдсан гэхэд модон байгууламжууд нь тун сайн хадгалагдсан байсан. Үүнээс гадна нанхиад бичигтэй хүрэл хонх жингэнэн дуугарч байхыг сонсох хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа. Магадгүй энэ үзэгдэл, олдворууд археологич хүний амьдралд ганцхан удаа тохиолдох сайхан мөч байх” гэв.




Мөн малтлагын явцад эртний ховор, үнэт олдворуудыг олсон тухай археологийн багийнхан хэллээ. Тодруулбал, гантиг чулуун хос арслан, чий будагтай модон шонгийн хугархай, нангиад бичээстэй хүрэл хонх, том хэмжээний алтадсан хүрэл цоож, төрөл бүрийн шавар сав суулга зэрэг олдворууд олджээ. Чий будагтай шон нь өдийг хүртэл гялалзсан өнгөө алдаагүй байгаа ба үүний адил чий будагтай олдвор нь Монголд төдийгүй Азидаа ховорт тооцогдох олдвор гэдгийг МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат онцоллоо.


Одоогоор олдворуудыг Соёлын өвийн үндэсний төвийн эрдэмтэн, судлаачид судалж байгаа бөгөөд хэрхэн энэ хэвээр нь хадгалан үлдээх тухай гарц хайж байгаа юм. Тиймээс Япон улсаас соёлын өвийг сэргээн засварлах мэргэжилтэн авчирчээ. 





Холбоотой мэдээлэл