Улс төр


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр зохицуулагдсан.

Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байна.

Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус, далд үйл ажиллагаа гарах хандлага ажиглагдаж байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.