2018,11-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Н.Пүрэвжав: Хот тохижилтын газарт орон сууц, гэр хорооллын зам хамаарахгүй

1 жил, 6 сар TIMES.MN


Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцээд нийслэл хотод  халтиргаа, гулгааны асуудал эхэлдэг. Саяхан орсон цаснаар л гэхэд хэд хэдээрээ мөргөлдсөн автомашинуудын зураг  сошиалд нэлээд тархсан. Тэгвэл иргэдийн хувьд Хот тохижилтын газар нийслэлийн бүхий л тохижилт, үйлчилгээг хариуцдаг хэмээн боддог.  Тиймдээ ч  ургах нарнаас үдшийн бүрий хүртэл хөлсөө дуслуулан ажиллаж буй тэдгээр хүмүүсийг муу ажиллалаа хэмээн дүгнэх нь бий. Тиймээс тус газар яг ямар үүрэг чиглэлтэй, аль хэсгийг хариуцан ажилладаг талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Орлогч дарга Н.Пүрэвжавтай ярилцлаа.



-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн хот тохижилтын газрын үндсэн чиг үүрэг юу вэ. Иргэд төдийгүй сэтгүүлч бид нар ч нийслэлийн бүх хэсгийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хариуцан ажилладаг гэж боддог, зөв үү?


-Үгүй юм. Гэвч бүгд тэгж ойлгодог. Улаанбаатар хотод нийт 500 орчим км зам байна. Түүний зөвхөн 156.7 км замыг л манай хамт олон хариуцаж ажилладаг.


-Тухайлбал?


-Тухайлбал, Энх тайвны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Нийслэлийн өргөн чөлөө, хойшоо 32-н замаас дотогш замууд, баруун тийш Сонсголон хүртэлх зам гэх мэт. Гэтэл бас дунд нь дүүрэг хариуцах хэсэг байна. Жишээ нь хүнсний 1-р дэлгүүрийн урд замыг Чингэлтэй дүүрэг хариуцдаг.




Эрчим хүчний гудамжийг “Улаанбаатар шинэчлэл” хэмээх компани хариуцах гэх мэтээр дотроо бас холилдсон байгаа. Ерөнхийдөө Бага тойруу, Их тойруугаас дотогш замыг манай байгууллага хариуцдаг гэж ойлгож болно. Харин орон сууцны дундах зам, гэр хорооллын замыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд хариуцдаг. Мөн алслагдсан замыг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан хувийн байгууллага хариуцдаг. Гэтэл иргэд тэр хэсэгт гарсан халтиргаа гулгааг манайхтай холбож ойлгоод байгаа юм.


Анзаарсан бол өнгөрсөн жил манай хамт олон хариуцсан хэсгийн замаа огт халтиргаагүй байлгаж чадсан. Бид өмнөх жилээс цэвэрлэгээний шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн. Өвөл нь цас, зун нь шороо сорж, зам угаадаг автомашин оруулж ирсэн юм. Тухайн автомашин цасыг 100 хувь сорж чадахгүй ч тодорхой хэмжээнд сорно. Араас нь бид давс, бодисоо цацдаг.


Зуны хувьд замын шороог сорохын зэрэгцээ давхар чийгшүүлж, угаах үйлчилгээтэй. Гэхдээ тухайн техник маш удаан явдаг тул өдрийн цагаар цэвэрлэгээ хийх боломжгүй. Тиймээс өглөө эрт 05:00 цагаас эхлэн цэвэрлэгээ хийдэг. Үүнийг иргэд тэр бүр хараагүй учир өнөөх л шүүрээрээ шүүрдлээ гэж шүүмжлээд байгаа юм. Гэхдээ бас Монголын зам ямар билээ. Тэр бүр бүх замын шороог 100 хувь сорох боломжгүй учир араас нь зам талбайн үйлчлэгч цэвэрлээд явдаг. Иргэдийн зүгээс цэвэрлэгээ хийж байх үед гарч буй тоосжилтын талаар нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байна. Бид аль болох дэрсэн шүүрнээс татгалзаж, дэвшилтэт техниктэй болохын тулд судалж байна. Тухайлбал, өнгөрсөн жил тендер зарлаж, автоматаар шороо соруулдаг мини техник оруулж ирсэн ч манай шаардлагад нийцээгүй тул буцаасан. Бид саяхан хуралдаад шинэ хэв журмаар ажиллахаар болоод байна.


Өмнө нь манай ажилчид 07:00 цагаас ажилдаа гардаг байсан бол саяханаас Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар зун 04:00, өвөл 05:00 цагт ажилдаа гардаг болохоор шийдвэрлэсэн. Ингэхийн тулд ажилчдынхаа хариуцан цэвэрлэх талбайг аль болох гэрт нь ойр байдлаар хуваарилсан. Ажилчид маань гэрийнхээ ойролцоо ажиллана гэсэн үг юм. Гэхдээ үлдсэн 130 гаруй ажилчдыг өглөө эрт ажлын байран дээр нь хүргэхийн тулд манай байгууллага 45 хүний суудалтай гурван автобус худалдаж авах гэж байна.


-Саяхан орсон цаснаар иргэд өглөө эрт бодис, давсаа цацсангүй. Зарим газар  цацахгүй байна. Хот тохижилтод шалгалт хийхэд давсны нөөц багатай байсан зэргээр нэлээд шүүмжлэлд өртсөн. Ер нь нэг цаснаар хэчнээн тонн бодис, давс хэрэглэдэг вэ?


-Иргэдийн зүгээс цас орохоос өмнө бодисоо цацаж болдоггүй юм уу. Яагаад цас орохтой зэрэгцээд давсаа цацаж болдоггүй юм бэ гэдэг. Нөгөө бодисын технологи нь л тэр. Цас орохоос өмнө юм уу зэрэгцээд цацахаар дугуйнд наалдаад алга болно. Манай хамт олон хагас цэргийн зохион байгуулалттай байдаг. Шөнө цас орж эхлэнгүүт л бүх машины жолооч нарыг дуудахад бэлэн ирдэг. Гэтэл яг цас орж байх үед замыг тас хар байлгахыг хүсээд байдаг. Тийм технологи одоогоор Монголд төдийгүй дэлхийд ч байхгүй. Цастайгаа зэрэгцээд ажиллаж байна уу гэвэл тийм. Улаанбаатар хотод жилд хэвийн цас орж буй нь 12-17 удаагийн давтамжтай байдаг. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод их бага хэмжээгээр нийт 30 гаруй удаа цас орсон. Бид сүүлийн үеийн давс, бодисынхоо хэмжээ, замын өргөтгөл шинэчлэлийг судалсан. Замын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Зөвхөн манай хот тохижилтын газарт л гэхэд жилдээ 1200-1500 тонн давс, бодисын нөөц шаардлагатай байна. Бид нэлээд гамтай, гэхдээ цасаа хайлуулах хэмжээний цацахад нэг удаагийн цаснаар 130 орчим тонн бодис цацаж байна.


-Зуны улиралд ногоон байгууламжийн арчлалтыг хангалтгүй хийлээ. Өмхийрсөн, арзайж сагсайсан байна гэх мэтээр маш их шүүмжлэл дагуулдаг. Мөн жил бүр замын дундах цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг шинэчлэн солих юм гэдэг?


-Ногоон байгууламжийн арчлалтыг хангалттай хийдэг. Угаасаа жилд 2-3 удаа мод, бутанд тайралт хийх ёстой байдаг. Өнгөрсөн зуны хувьд хур ихтэй байсан учир бид 5-7 удаа тайралт, хэлбэржүүлэлт хийсэн. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Шугам хоолойн шинэчлэл, засварын ажил гэж ногоон байгууламжийг бас сүйтгэх тохиолдол байна. Гэхдээ бас арга ч үгүй байх. 30 гаруй жил болсон хоолойг солихгүй гээд ч яах билээ.


Сүүлийн жилүүдэд ногоон байгууламж сүйтгэсэн байгууллага нь нөхөн сэргээлтийн зардлыг төлдөг болсноор бас хамрах хүрээ нь багассан сайн тал бий. Агаарын бохирдол, орчны нөлөөллөөс шалтгаалаад олон жил шим тэжээлгүй болж, муудсан хөрсөө солих ажлыг зарим газар хийж байна.


Нэг зүйлийг хэлэхэд бидний хувьд бодлого, төлөвлөлт хийдэггүй. Нийслэлийн Захирагчийн албанаас ирсэн чиглэлийн дагуу л ажил үүргээ гүйцэтгэдэг байгууллага гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Манай ажил чинь эхлэл, дуусах хугацаа гэж байдаггүй. Цэвэрлэж цэвэрлэж эргээд харахад хогоо, тамхины ишээ хаясан байх жишээний. Ялангуяа өвлийн хүйтэнд замын хашлага, хаалт, сандал, хогийн сав, хөшөө дурсгалыг угааж цэвэрлэхэд нилээдгүй хүндрэлтэй байдаг. Одоо шинэ жил дөхөж байна. Шинэ жилийн үдэш Сүхбаатар жанжины нэрэмжит талбайд буудуулсан шампансагны толбо, хагарсан шилний хог ихээр үүсдэг нь иргэдийн ухамсартай шууд холбоотой.  Энэ толбыг өмнө нь манай ажилчид мөлхөж гараар угаадаг байсан. Одоо бол шүүртэй бичил механизмаар угаадаг болсон. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран, өглөөнөөс орой хүртэл хотоо цэвэр байлгахын төлөө хичээж буй 700 ажилчдын минь урмыг бас бодоосой л гэж хүсэх юм даа.

 




Холбоотой мэдээлэл