2018,11-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


АУДИТ ба АСЕМ

1 сар TIMES.MN

Сүүлийн үед гоё гоё нэртэй хэргүүд бий болоод байгаа билээ. Тухайлбал, 60 тэрбумын хэрэг, Стандарт банкны хэрэг, АСЕМ-ын хэрэг, ЖДҮХС-гийн хэрэг гэх мэт. Тэгвэл АСЕМ-ыг зохион байгуулагчид буюу тухайн үеийн албан тушаалтнууд "энэ бол улс төрийн олимп. Үүнийг харлуулах гэсэн хэнийг ч болов уучлахгүй" хэмээгээд өчигдөр мэдээлэл хийсэн. Гэхдээ яагаад энэ үед, энэ цагт гэж. Учир нь АСЕМ зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний аудитын дүгнэлтийг танилцуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн.


Тухайн үеийн эрх баригчид АСЕМ-аар дамжуулан их хэмжээний мөнгө идэж уусан нь тогтоогджээ гэсэн мэдээллийн дараа ямар нэгэн тайлбар эсэргүүцэл хийгээгүй байж гэнэт ухаарав уу. Ямартай ч АСЕМ-ын асуудлаар Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун нар “Үндэсний аудитын газар улстөрийн шинжтэй гүтгэлэгийн мэдээллийг улайм цайм тарааж байна. Тиймээс энэ гүтгэлгээ даруй зогсоож уучлалт гуйж, залруулга гаргахгүй юм бол шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж шаардаж байна” гэлээ.


Үндэсний Аудитын газар АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийсэн. Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлүүлж, Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкинд нийт 12 зөвлөмж өгснөө мэдээлж байсан.




Тэгвэл Монголд АСЕМ зохион байгуулах үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан "Буруу мэдээллээр хүмүүсийн хийсэн үйлсийг харлуулж байна. Миний нэр цагаан, мөр цагаан. Би улсаас ганц ч төгрөг амьдралдаа хулгайлж үзээгүй. Миний ажиллаж байсан бүх байгууллага тухайн жилийн төсвөө хэмнээд үлдсэн мөнгөө байнга Сангийн яаманд тушааж байсан. Би хулгай хийсэн хүнд үнэхээр дургүй. Энэ худал, бохир гүтгэлгээ зогсоохыг би шаардаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан надад итгэ, миний мөр цагаан" хэмээн ярилаа.




Харин Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл "Улсын төсвөөс наад зах нь 250 тэрбум төгрөг гарах ёстой гэтэл бид улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан. Хүмүүс хандив өгсөн. Үнэнийг хэлэхэд хямд төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан. АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ. Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг хулхи монгол нуугдаж байгаа" хэмээв.


АСЕМ-ын үйл ажиллагаанд хийсэн Аудитын дүгнэлтээр дараах зөрчлүүд илэрсэн.

-АСЕМ-д зориулан “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй байна.

-Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ш эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ын зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.

-АСЕМ Вила цогцолборын орчинд 2 га талбайд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй байна.

- АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэр дор шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.

-АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Койка байгууллагаас 20.4 тэрбум төгрөг тусламжаар ирсэн ч хүлээн авсан эзэн тодорхойгүй, баримт мэдээлэл алга байна.

-АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт, импортын банкны зээлээр авсан 43 автобусыг ашиглах шаардлагагүй байсан ба АСЕМ-тай холбоотойгоор 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Автобус авсан зээлийн хүүнд 2016-2017 онд 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 онд 35.2 сая төгрөгийг төлж, одоо 15.2 сая төгрөгийн улсын төсвөөс төлөх үлдэгдэлтэй байна.


Аудитын нэгдсэн Тайлантай танилцан уу 




Холбоотой мэдээлэл


Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Зүгээр л шалгуулчих аа хөгшөөн. Тэгээд асуудалгүй бол зүгээр л гараад ирнэ ш дээ. Ингэж шаналах хэрэггүй