Нийгэм


Д.Бааст: Бид үүргээ ухамсарлаж, бололцоогоороо бүх арга хэмжээг авч ажиллаж байна

2 долоо хоног TIMES.MN

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны магистр, Нийгмийн удирдлагын менежер, Эрүүл мэндийн удирдлагын тэргүүлэх зэрэгтэй, дотрын их эмч Д.Баасттай ярилцлаа.

-Эмнэлэгийн үндсэн үйл ажиллагаа яг яамар чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг маань хэвтүүлэн эмчлүүлэх нийт 205 ортой. Үйлчлэх хүрээний хүн амд, хүүхдийн өвчний нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг. Дээрээс нь дүүргийн хүн амд мэс засал, гэмтлийн тусламжийг үзүүлдэг. Мөн тодорхой тооны хороодод насанд хүрэгчдийн дотор мэдрэлийн өвчний үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нэг онцлог нь дүүргийн хэмжээнд хүүхдийн тусламж үйлчилгээг дангаараа үзүүлдэг

-Дүүргийн хэмжээнд  0-18 насны хичнээн хүүхэд байдаг вэ?

-Манай Хан–Уул дүүрэг хамгийн бага хүнтэй гэдгээрээ нийслэлийн бусад дүүргээс ялгардаг байсан ч одоо тийм биш болсон. Хамгийн сүүлийн тоогоор 186 мянган хүн амтай гэж бүртгэгдсэн байна. Үүнээс 0-18 насны 80 мянга гаруй нь хүүхэд. Манайд хэвтдэг харьяаллаар нь тооцвол 0-18 насны 55 мянга орчим хүүхдэд үйлчилж байна.

Эрүүл мэндийн хуулинд зааснаар Нэгдсэн эмнэлэг нь амбулатори, поликлиниктэй байх ёстой. Гэвч манай эмнэлэгт амбулатори поликлиник байдаггүй тул зөвхөн Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэгээс бичигтэй ирсэн хүнийг хэвтүүлэн эмчилдэг. Харин сүүлийн үед улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор манай Яаралтай тусламжийн төвд хандаж үзүүлж байгаа хүний  тоо эрс нэмэгдсэн.

Манай Яаралтай тусламжийн төвийн статистикаар оны эхний 9 сарын байдлаар 17 мянган гаруй хүн үзүүлсний дийлэнх нь 0-5 насны хүүхэд амьсгалын замын өвчний улмаас үзүүлсэн байна. Уг нь тэр үзлэгийг дүүргийн Эрүүл  мэндийн төв эсвэл Өрхийн эрүүл мэндийн төв дээр хийгдэх ёстой. Тэгтэл хүүхдийн эмчийн дутагдалтай зэрэг янз бүрийн шалтгааны улмаас манай эмнэлэгийн Хүлээн авах дээр ажлын бус цагаар, хагас бүтэн сайн өдөр хандах хүмүүсийн тоо нэмэгддэг.

Гол нь ирж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь зөвөлгөө аваад буцаж байна. Өөрөөр хэлбэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд шийдээд эмчилгээгээ аваад явах хүүхдүүд байсан. Харин үлдсэн 20 хувьд нь тодорхой  хэмжээнд эмчилгээ хийлгээд гарч байна. Энэ 20 хувийн 8-10 хувь нь л хэвтэн эмчлүүлэх шаардлагатай буюу шууд хэвтээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.

-Удахгүй томуу, томуу төст өвний дэгдэлт нэмэгдэнэ. Энэ үед эмнэлгийн орны тоог нэмэгдүүлж, ачааллыг багасгах тал дээр хэрхэн төлөвлөж байна?

-Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед баримталж ажилладаг эрх зүйн баримт бичгүүд байдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын 358 тоот тушаал, Эрүүл мэндийн сайдын 04 тоот албан даалгавар, Нийлэлийн Засаг даргын 577 тоот захирамж болон НЭМГ-ын даргын удаа дараагийн  тушаалуудыг мөрдлөг болгон ажилладаг. Энэ тушаалын дагуу үйл ажиллагаагаа хуваарилан ажиллах ёстой юм.

Амьсгалын замын өвчний алаг цоог тохиолдол буюу идэвхижил бага зэрэг нэмэгдэж байгаа энэ үед амбулаторийн үзлэг 3,5-4 хувийг эзэлдэг. Энэ үед ямар арга хэмжээ явуулах, ид дэгдэлтийн үед ямар арга хэмжээ авах вэ, дэгдэлт дууссаны дараа ямар ажил хийх вэ гэдгээ нарийн тооцно. Төлөвлөгөөний дагуу ажилдаа дүгнэлт хийж, ололт амжилтаа бататгаж, гарсан сургамжуудаа нэгтгэх зэргээр ажил маань үргэлжилдэг.

Нэгт, ачаалал нэмэгдэх үед шаардлагатай хүний нөөцөө яаж шийдэх вэ, хаанаас бүрдүүлэх вэ гэдэг их чухал. Манай эмнэлгийн хувьд голдуу өөрийн эмнэлэгээс тэтгэвэрт гарсан ажилчдаасаа бүрдүүлдэг, шаардлагатай гэвэл тасаг дотроо зохицуулалт хийж хүний нөөцөө бүрдүүлдэг. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдээсээ мэргэжлийн туршлагтай  хүүхдийн эмч нарыг авчирч ажлуулах, сувилагчийн мэргэжил эзэмшээд их дээд сургуульд дахин суралцаж байгаа оюутаныг авчирч байна. Мөн хүүхдийн мэргэжлийн эмчээр суралцаж байгаа резидент эмч нарыг дагалдуулж сургадаг. Энэ жил тэр төлөвлөгөөний дагуу л ажиллана. Одоогоор хүний нөөцийг нэмэгдүүлэх түвшинд хүрээгүй, дотоод зохицуулалтаараа явж байна.

Хоёрт, орны асуудлыг шийдэх. Өнөөдрийн байдлаар манай хүүхдийн тасаг 80 ортой, насанд хүрэгчдийн тасаг 90 ортой, мэс засал гэмтлийн тасаг 25 ортой. Эхний удаад бид 80 орондоо зохицуулалт хийдэг. Ачаалал хэтэрвэл насанд хүрэгчдийн тасгаа жигүүр, жигүүрээр нь суллах төлөвлөгөөтэй. Шаардлагатай гэвэл эмнэлгийнхээ боломжтой газруудад дахин ор нэмж байршуулах, маягаар нийтдээ 300 ор дэлгэх боломжтой.

Гуравт, томуугийн дэгдэлтийн үед хэрэглэх эм тарианы хангамж, нөөцлөх нь чухал. Бидний хувьд эм тариаг хангалттай нөөцөолсөн тул эмийн эмчилгээний тасалдал гарахгүй.

Дөрөвт, томуу томуу төст өвчний үед халдвар  хамгааллын асуудлыг цогцоор шийдэх. Ялангуяа эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх нь чухал. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа үед халдвар гарахаас сэргийлж, тэр чиглэлээр гарсан янз бүрийн арга аргачлал, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг бэлтгээд байна.

Энэ бүр төлөвлөгөөнд байх чухал нэг асуудал нь нэмэлтээр ажиллах хүмүүсийн цалингийн зардлыг шийдэхгүй бол болохгүй. Бидний хувьд өөрсдийн бололцоогоороо шийдсэн. Жилийн жилд тодорхой хэмжээгээр төлөвлөгөөний дагуу  ажиллаж, цалинжуулаад дараа нь үлдсэн цалин хөлсийг ЭМЯ, НЗДТГ, НЭМГ зэрэг холбогдох байгууллагуудын түвшинд хамтран шийдэж өгдөг. Өнгөрсөн жил ч ингэж шийдэж өгсөн. Энэ жил мөн шийдэж өгөх болов уу.

Бидний ажил үйлчилгээ, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх дараагийн том асуудал нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх юм. Бид энэ  тал дээр нилээн ажил хийсэн. Энэ жил бүр ч их ажил хийсэн. Харамсалтай нь, эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн эцэг эхчүүдийн тэвчээргүй зангаас, эсвэл ямар нэгэн буруу ойлголттой байдаг юм уу дандаа сөрөг мэдээлэл олон нийтийн цахим хуудсанд тарааж, ярьж байна.

Эмнэлгийн хамт олны хийж байгаа ажил их, төр засгаас анхаарч хэрэгжүүлж байгаа ч ажил их байна. Эмнэлэгт зориулсан хөрөнгө оруулалтууд, сургалтууд явагдаж байна. Энэ бүхнийг үйлчлүүлж байгаа хүмүүс минь ойлгож, зарим  нэг тохиолдолд тэвчээртэй байгаасай гэж хүсмээр байна.

-Үйлчлүүлэгчийн тэвчээртэй байдал гэдгийг тодруулбал. Учир нь хүүхэд нь өвчтэй сандарч байгаа үед эцэг эхчүүүд тэвчээртэй байх хэцүү шүү дээ?

-Яарч сандарсан, сэтгэл зовнисон үед хүн бухимдах нь аргагүй ч тодорхой хэмжээгээр ачаалал ингээд нэмэгдэхээр эмнэлгийн хэмжээний бүх ор дүүрчихдэг. Ялангуяа шөнийн цагт ирвэл шөнө яалт ч үгүй хүүхдийн тасгийн зай завсар, өрөө булан, коридорт зориулалтын эвхдэг ор тавиад хэвтүүлдэг.

Ингээд орхихгүй эмчилгээг нь зааж өгч, өглөө эмчийн үзлэг хийгдэн гайгүй хүүхдийг эмнэлгээс гаргаж коридорт байгаа өвчтнийг өрөөнд хуваарилдаг. Тодорхой хугацаанд коридорт хэвтүүлдэг ч газар хэвтүүлээгүй шүү дээ. Энэ хооронд тэвчээр алдсан эцэг эхчүүд цахимаар янз бүрийн мэдээлэл цацсанд харамсаж байна.

Ер нь хүүхэд, том хүн гэлтгүй өвчтөнийг эмчлэх асуудал нь ганц эмчийн асуудал биш шүү дээ. Иргэн, эмч хоёрын сэтгэл санаа нэг байж, хамтын хүчин чармайлтаар аливаа өвчнийг эмчилнэ. Гэтэл манай иргэд эмнэлэг өөрийнх нь болон гэр бүлийнх нь эрүүл мэндийг 100% хариуцана гэсэн  хандлагаар  хандаж байна. Ийм асуудал хэзээ ч, хаана ч байхгүй. Эрүүл мэндийн удирдлагын онолоор ч бий.

Тухайн  хүний эрүүл мэндийн 70-80 хувь нь нийгмийн эрүүл мэндийн асуудал байдаг. Тодруулбал, тухайн хүний амьдралын орчин, дадал зуршил, эдийн  засгийн боломж, амьжиргааны түвшин, удамшил, дэд бүтэц, холбоо зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Эмнэлэг бол  өвчилсөн хойно нь тухайн хүний  өвчний хурц үеийг дарах үүрэгтэй. Тэгэхээр иргэд энэ асуудалд анхааралтай хандаж, эрүүл мэндийн дадал зуршилаа зөв болгох, өөрийн болон хүүхдийнхээ ханиадыг хүндрэхээс өмнө арга хэмжээ авч чаддаг байх хэрэгтэй

Мөн Өрхийн эрүүл мэндийн эмчдээ ханддаг, зөвөлгөөг нь авч дагадаг байх хэрэгтэй санагддаг. Ингэлээ гээд эмнэлэг иргэдэд үйлчлэхгүй гэж байгаа юм биш. Бид бололцоогорооо шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Бид  үүргээ ухамсарлаж байна. Тангарагаа санаж байна. Бололцоогоороо бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

Гэтэл түр зуурын зохицуулалтын асуудлаас үүдэн цахим орчинд мэдээлэл цацагдахаар хамт олны буюу эмнэлгийн ажилчдын уур амьсгал эвдэгдэж байна. Бид байгаа бололцоогоороо л ажиллаж байгаа тул үйлчлүүлэгч, эцэг эхчүүд маань тайван хүлээцтэй, тэвчээртэй  хандаж байгаасай. Үнэхээр асуудал байвал шууд эмнэлгийн удирдлагад хандаж, дор бүрд нь шийдэж байгаасай гэж хүсэж байна.

-Тухайн үед эмнэлгийн байранд засвар хийж байсан гэсэн үү?

-2016 онд манай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн маань Хүүхдийн тасгийг СТА Г.Ундармаагийн тэргүүлдэг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагын зургаа дахь том төсөл болгон тохижуулж  өгсөн. Өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг л тохижуулж өгдөг байсан бол манай эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн шинэчилж, шинэ стандартыг тогтоосон гэж болно. Үүнд хүүхдийн тасгийн 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгаалалын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан.

Тиймээс бид хүүхдийн тасгийнхаа нөгөө жигүүрийг өөрсдийн хүчээр засаж янзалж, тохижуулахаар санхүүжилтээ шийдвэрлэхээр хөөцөлддөөд энэ жил хэдэн төгрөгтэй болсон юм. Тэгээд СТА Г.Ундармаагийн тохижуулсан талын нөгөө жигүүрээ янзалж явсаар засварын ажил арай дуусаагүй байх үеэр 1-2 аав ээж коридорт түр байрлах зууртаа зургийг нь аваад цахим орчинд мэдээлсэн байна.

Ямартай ч бид энэ жил ЭМЯ-ны хөрөнгө  оруулалтаар эмнэлгийнхээ Хүүхдийн тасгийн нэг жигүүрийг бүтэн засварлаж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар Хүүхдийн тасгийн  агааржуулалтын системийг иж бүрэн янзаллаа. Дотоод агаарыг цэвэршүүлэх иж бүрэн  ажлын хүрээнд өрөө бүрийг агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжөөр хангалаа. Өөрсдийн боломж бололцоогоор хүүхдийн ор, матрас, хоолны ширээ, дуслын хөл, жижиг шүүгээгээр хангаж ээлтэй орчинг  бүрдүүлээд ажиллаж байна.

Энэ жилийн хувьд мөн бид дүүргээсээ туслалцаа гуйж байгаа нэг асуудал бий. Яг томуугийн дэгдэлтийн үед ашиглагдах тоног төхөөрөмж маш хурдан элэгддэг. Тухайлбал, 24 цагаар ажилладаг цахилгаан шприцийг 20 хүүхдэд хэрэглээд л муудчихдаг. Тиймээс ийм багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцааг дүүргээсээ авахаар ярьж тохиролцож байна. Хотын агаарын бохирдлыг бид шийдвэрлэж чадахгүй ч эмнэлэг доторх агаараа сайжруулахад анхаарч ажиллана. Дотор агаар цэвэр байх нь их чухал.

Бид “Хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно” гэдэг уриагаар хийж бүтээхээр хичээж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдлээ гэхэд бид хүндрэл үүсгэж, хэн нэгнийг гомдоолгүй, сэтгэл ханамжийг бүрдүүлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Учир нь бид эмч эмнэлгийн ажилтныг томуу, томуу төст өвчний үед яаж дадлагажуулах вэ гэдэг сургалтуудыг явуулж ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр дүүргийнхээ бүх эмнэлгийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулаад томуу  ттомуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний  бэлэн байдал, тулгамдсан асуудал гэсэн зөвлөлдөх уулзалтыг  зохион байгуулсан.

Энэ уулзалтаар Нийслэлийн түргэн тусламжийн төв, Хан-Уул Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлгийн төлөөлөл, манай эмнэлгийн төлөөлөл хамтран үндсэн гурван чиглэлээр илтгэл хэлэлцээд ямар шийдвэр банж болох вэ гэдэг асуудлаар санал зөвлөмж шийдвэр гаргаад хэрэгжүүлээд явж байна. Цаашдаа бид ачааллал нэмэгдэхэд даваад гарна. Хамгийн гол нь үйлчлүүлж байгаа иргэн, эмч сувилагчтай нэг сэтгэлээр өөдрөг, сөрөг өнцгөөс харахгүй байж л энэ хүндрэлтэй үеийг даван туулна шүү гэдгийг хэлмээр байна.

-Нөгөө талаар сая хол давсан хүн амтай нийслэлийн иргэд өвлийн цагт томуугаар их өвчилдөг. Энэ ханиад, томууны үед өөрийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч, өвдлөө гэхэд эмч, эмнэлгийн байгууллагатай хамтын сэтгэлээр хүйтэн сэрүүний улирлыг өвлийг даван туулах хэрэгтэй гэдэг талаас нь хараасай гэж үү?

-Тийм. Нэг л жишээ татья. Эмнэлгийн яаралтай тусламжийг үнэхээр тусламж  хэрэгтэй, амь тэнссэн хүн ирж үйлчлүүлж байх ёстой. Гэтэл өрхийн амбулаторийн үзлэг нь овоорч байна. Нэг талаараа үйлчлүүлэгчийн эрхийн асуудал  ч гэлээ, нөгөө талаар тэр бөөгнөрөл нь өөрөө амьсгалын замын өвчин тараах үүсвэрийн нэг болдог.

Тиймээс өвлийн улиралд ясли цэцэрлэгт байгаа хүүхэддээ тавих анхаарлаа илүү сайжруулаач ээ. Сургууль хүүхдийн байгууллагын эмч нар зөвхөн ариун цэврийн асуудалд анхаарал хандуулахаас гадна тухайн хүүхдийн эрүүл мэндэд нь чиглэсэн мэдлэг олгох сургалт сурталчилгаагааг сайн хийж, эцэг эхчүүд нь хамтарч ажиллаач ээ. Амьдарч байгаа хороо нь энэ асуудалд шууд хамааралгүй ч  иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тодорхой арга хэмжээг аваач ээ гэдгийг хэлмээр байна.

Хамгийн энгийн  мөртлөө манай иргэдийн биелүүлдэггүй нэг асуудал нь  маскжуулах. Бага насны хүүхэд томуугаар их өвддөг. Энэ нь хүүхдийн өөрийнх нь онцлогтой холбоотой. Тодруулбал, утаа хаанаас гардаг вэ. Мэдээж  автомашины яндан, гэрийн болон уурын зуухны яндангаас гарна. Гэтэлд тэр утааны хамгийн хүнд метал нь газраас дээш 1 метрт байрладаг.

Утаа сааралтаад дээгүүр харагдаж байгаа ч хор нь доор тунаад байж байгаа гэсэн үг. Тиймээс өвлийн агаар их бохирдолтой үед хүүхдийг хэзээ ч хөтөлж явж болохгүй. Ердийн энэ шалтгааныг битгий мартаасай.

Тиймээс заавал масктай явуулаарай. Янз бүрийн  төрлийн маскууд их орж ирж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газар битгий зорчуулаарай. Хүүхдийг томчууд өөр шигээ хувцаслах хэрэггүй. Хүүхэд даарна шүү дээ. Дулаахан хувцаслаж, эрүүл өсгөх нь чухал.

Нэмээд, анхдагч хоёрдогч сэргийлэлтийг сайн хийх хэрэгтэй. Анхдагч гэдэгт  салбарын буюу товлолт вакцин, витаминжуулалтад хамруулах, өрхийн эмнэлгээр тараагддаг амин дэмийг уулгаж хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Насанд хүрсэн хүний хувьд хувь хүн өөртөө болон гэр бүлдээ витаминийг хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг уламжлалт аргуудаар эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжих ажил нь маш чухал гэдгийг дахин хэлье.

П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.