2018,11-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Т.Эрдэнэбаяр: Өндөр-Улаан, Тариат сумаас бэлтгэсэн 600 төлөгний махыг Иран руу экспортолно

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бэлчээрчдийн холбоо”-ны тэргүүн, малын эмч Т.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлын талаар нэлээд ярих боллоо. Танай сумын хувьд бэлчээрийн доройтол хэдэн хувьтай байна. Үүнийг багасгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай сумын хэмжээнд бэлчээрийн доройтол 2-3 дахин хэтрэлтэй гэж гардаг. Одоогоор малчдаа хэсгийн зохион байгуулалтад оруулаад байна. Мөн малчдын анхан шатны хоршоог байгуулсан. Түүнчлэн аймгийн дундын хоршоогоор дамжуулж мал, мах бэлтгэлийн ажлыг ХХААХҮЯ, “Ногоон алт малын эрүүл мэнд” төсөл, “Мах маркет” компанитай хамтран өнгөрсөн жилээс туршилтаар эхлүүлээд байна. Уг төслийн хүрээнд Иран улс руу гаргах 600 төлгийг бүртгэлжүүлж, сумандаа сургалт явуулсан. Ийнхүү жилийн дараа үр дүнгээ өгч, манай сумын малын мах хэрэглэгчдэдээ хүрэх гэж байгаад баяртай байна. Хамтран ажилласан байгууллага, төслийн хамт олон болоод малчдадаа баярлалаа гэж хэлмээр байна.


-600 төлгийг Иран руу гаргахаар бэлтгэсэн гэлээ. Яаж бэлтгэсэн бэ. Тусгай, зориулалтын орчинд тэжээсэн үү, эсхүл шууд малчны хотоос нь гаргах гэж байгаа юу?

-Тариат, Өндөр-Улаан сумаас төлгөө бэлтгэсэн. Хоршоогоороо дамжуулж малчдаас төлгийг нь аваад, Мах маркетын тусгай тээвэрлэлтийн автомашинаар тээвэрлэнэ. Ингэхдээ тухайн малын гарал үүсэл болоод бүхий л мэдээллийг нь бүртгэлжүүлнэ. Дараа нь үйлдвэрт үйлдвэрийн аргаар нядлагдаж, хэрэглэгчдийн гарт очдог байгаа.




-Манайд сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчин нэлээдгүй гарах боллоо. Үүнээс шалтгаалаад гадаад руу махаа экспортлоход бас шалгуур өндөртэй байгаа. Тэгэхээр гадагшаа гаргах гэж байгаа 600 төлгийг ямар шалгуураар сонгож, хаана тэжээсэн бэ?

-Эхлээд 45-60 хоногийн өмнө малынхаа эмч нарт мэдээлэл өгнө. Үүний дараагаар малчдаасаа малынх нь талаарх мэдээллийг нь авна. Ингээд малын эмч тухайн малд үзлэг, шинжилгээ хийж, шаардлагатай бол вакцинжуулж, тарилга хийнэ. Үүний дараагаар мал, эмнэлгийн үржлийн тасгийн байцаагчдаа мэдээллийг нь өгч, баталгаажуулах юм. Ингээд мал нэрлэхээс 7 хоногийн өмнө малчид дээр очиж, өмнөх шинжилгээ, үзлэг хийсэн малд тусгай чийптэй ээмгээр ээмэглэнэ. 45 хоногоос хойш ямар нэг эмийн үйлчилгээ хийгээгүй гэдгийг нь мал эмнэлгийн байцаагч баталгаажуулж өгөх юм.


-Цаашид уг технологи, аргыг сумынхаа хэмжээнд бүрэн хэрэгжүүлэх боломж бий юу?

-Ямартай ч туршилтын ажил маань амжилттай боллоо. Эхний ээлжид сумаас бэлтгэгдэж борлуулалтад гарч байгаа малаа яг энэ системээр бэлдээд эхэлсэн. Малын эмч нарт малын эрүүл мэнд төслөөс антибиотик тодорхойлох тоног төхөөрөмж, сүү, маханд антибиотикийн үлдэгдэл бодисыг илрүүлэх лабораторийн төхөөрөмж зэргийг өгчихсөн. Түүгээр шинжилгээгээ хийгээд эхэлсэн.


-Борлуулалтад гаргаж байгаа махаа ямар өртгөөр борлуулж байгаа вэ?

-Үнийн хувьд зах зээлийн ханшаар л борлуулж байгаа.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног []


Bolj l bn daa


Зочин    2 долоо хоног []


Bolj l bn daa