2018,11-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Стюарт Гилкрист: Аялал жуулчлал бол уул уурхай, хөдөө аж ахуйтай зэрэгцэж хөгжүүлэх гурван тулгуур баганын нэг

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, 2020 гэхэд жилд ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дэмжлэг дор “Аялал жуулчлалын төлөвлөлт” сэдэвт хоёр өдрийн сургалтыг явуулав. Тус сургалтад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 80 орчим байгууллага, мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэг төрийн байгууллагын 30 гаруй албан хаагчид хамрагдлаа.


Ингээд сургалтын удирдан явуулсан Англи Улсын иргэн, олон улсын зөвлөх Стюарт Гилкристээс хоёр өдрийн сургалтын агуулга болон Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжил ямар түвшинд явж байгаа, цаашид дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд юуг анхаарвал зохистой зэрэг асуултад хариулт авлаа.




-Хоёр өдрийн сургалтаар ямар чиглэлийн мэдээлэл хүргэсэн бэ?

-Хоёр өдрийн сургалтаар өргөн хүрээндээ Монголд аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх талаар мэдээлэл өглөө. Юун түрүүнд аялал жуулчлалын салбар эдийн засагт хэчнээн хэрэгтэй болохыг ойлгуулахыг зорилоо. Энэ бол уул уурхай болон хөдөө аж ахуйн салбартай зэрэгцээд хөгжүүлж байх гурван тулгуур баганын нэг нь байх ёстой. Мөн хувь хүн ганц ганцаараа ажиллахын оронд бүгдээрээ буюу хувь нийлүүлэгчид, хувийн хэвшил, төрийн байгууллагууд хамтарч ажиллах нь чухал гэдгийг ойлгуулахыг зорьсон. Дараагийн зүйл нь үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар энэ сургалтаар заалаа. Үр ашгийг нэмэгдүүлнэ гэдэг нь аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр тухайн нэг хүн бус тухайн орон нутагт байгаа бүх оролцогчид тэндээс өөр өөрсдийн үр ашгийг хүртсэнээр цаашид хөгжих юм. Түүнчлэн стратегийн түвшинд аялал жуулчлалыг хөгжүүлснээр ямар ямар үр дүн гарах боломжтой талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Монголд барих гэж буй зургаан нисэх онгоцны буудлыг хаана барьснаар хэтдээ аялал жуулчлалын хөгжилд нэмэр болох вэ гэх мэт. Орон нутгийн хэмжээнд бол аливаа нэг орон нутаг юм уу бүс нутагт үйл ажиллагаа явуулснаар хэрхэн түүнийг зөв залж явуулах талаар бас заавар зөвлөгөө өглөө. Мөн тусгайлан хотыг яаж хөгжүүлэх талаар ярилцлаа. Үүний зэрэгцээ шинэ технологи нь хэрэглэгч болоод нийлүүлэгч талаасаа хэрхэн шинэ шинэ боломжийг үүсгэж байна. Монгол улс эдгээр боломжоос яаж ашиглаж, өөрсдөө илүү боломж үүсгэх талаар ярьж байна.


-Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад Монголд аялал жуулчлал ямар хэмжээнд хөгжсөн байна вэ. Цаашид энэ хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд юуг түлхүү анхаарвал зохилтой вэ?

-Монгол харьцангуй хөгжлийн хувьд хоцрогдсон байна гэж харж байна. Гэхдээ ингэж хоцрогдсон байх нь нэг талаасаа сайн зүйл. Учир нь бүгдийг шинээр эхлэх боломжууд байна. Буруу эхлээд буруудсан газар их байгаа. Тэдгээр улсын хажууд шинээр эхлэх боломж бий учир бусдын жишгийг харж байгаад шинээр эхлэлээ тавиад, цаашид хөгжүүлээд явах боломж байна. Бас нэг зүйл нь Зүүн Өмнөд Азид хотжилт маш их хөгжиж, хүн ам их төвлөрсөн байдаг. Харин энэ газарт унаган төрхөө хадгалж үлдсэн цөөхөн улсын нэг нь Монгол. Энэ бол маш том давуу тал. Тиймээс үүнийгээ л ашиглах хэрэгтэй.


-Монголд ирж байгаа жуулчдын дийлэнх нь зуны улиралд ирдэг. Манайд өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй гэж хэлэхэд бараг болохуйц. Тэгвэл өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна уу. Та юу гэж харж байна вэ?

-Өвлийн аялал жуулчлал хөгжсөн Швейцар, Австри зэрэг улсын нууц нь ердөө тэдгээр хотууд хүн ам төвлөрсөн газрын дэргэд оршдогт байгаа юм. Харин Монголын хувьд алслагдмал. Гэхдээ Хятадыг зах зээл болгож болно. Монголыг маш хүйтэн, хэрэв өвөл тэнд очвол бараг хөлдөж үхнэ гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ ойлголтыг засахаас эхлэх нь зүйтэй байх. Үүний дараагаар Хятадаас ирэх жуулчдыг татаж болно. Жишээ нь, Харбин улс маш хүйтэн хэдий ч мөсний баяртаа тулгуурлаж, аялал жуулчлалаа хөгжүүлээд болоод байна.




-Манай улсад ч бас өвөл Хөвсгөлд мөсний баяр болдог шүү дээ. Гэхдээ ирэх жуулчдын тоо харьцангуй бага байдаг. Магадгүй гадаад зах зээлд бид сурталчилгаагаа бага хийдэгтэй холбоотой юм болов уу. Таны хувьд Монгол гэж мэддэг байсан уу. Ялангуяа өвөл Монголд мөсний баяр болдог гэдгийг мэддэг үү?

-Ер нь ганц өвлийн аялал жуулчлал гэлтгүйгээр Монгол тэр чигээрээ л мэдэхгүй газар байна. Монгол гэхээр Чингис хаан, морь, тал нутаг санаанд орж ирдэг. Гэтэл өөр их зүйл байхад тэдгээрийг нь огт сонсоогүй л байна. Тэгэхээр дэлхийд өөрсдийгөө зөвөөр таниулж, сурталчлавал болох байх. Гэхдээ юун түрүүнд эхлээд нэг имиж бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд тухайн имиждээ тулгуурлаад бусад зүйлсээ хөгжүүлэх нь зүйтэй болов уу.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.