2018,10-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Р.Амарбаясгалан: Харвасан 100 хүний тал нь тахир дутуу болоод л үлддэг

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
ДЭМБ-ын мэдээллээр 6 секунд тутамд нэг хүн харвалтаар нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Мөн 6 хүн тутмын нэг нь харвалтаас болж нас барж байгаа бол жилд шинээр 17 сая хүн харваж, 6.2 сая нь нас барж, 5 сая нь үүрд тахир дутуу үлдэж байна гэсэн аймшигт тоонууд бий. Тэгвэл цус харвалтад хүргэж буй голлох шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрэв таны ойр дотнын хэн нэгэн цус харвалтад өртвөл анхан шатны тусламжийг яаж хүргэх талаар Монголын Харвалт Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор, ph.профессор, зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.



-Сүүлийн жилүүдэд тархины цус харвалт өвчин залуужиж, 25 настай залуус уг өвчнөөр өвдөж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүний шалтгаан нь юу вэ. Цус харвалт удамшдаг уу?

-Тархины цус харвалт удамшдаггүй. Төрөлхийн судасны бүлхэнтэй хүмүүс төрдөг. Гэхдээ энэ маш бага хувийг эзэлдэг. Хамгийн гол нь түрүүн хэлсэнчлэн архи, тамхины замбараагүй хэрэглээ, эрүүл бус хооллолт буюу таргалалт зэрэг тэргүүлэх шалтгаан болж байна. Түүнчлэн иргэд судасны ханыг гэмтээдэг суурь өвчнөө бүрэн эмчилдэггүйгээс болж биед нь өөрчлөлт ордог. Мөн буруу хэрэглээ нөлөөлж байна. Ялангуяа сүүлийн үед бодибилдингээр хичээллэж уураг болоод элдэв янзын бэлдмэлээ буруу хэрэглэж, цусаа өтгөрүүлж буй тохиолдол ч бүртгэгдлээ. Чихрийн шижин цус харвалтын нэг шалтгаан болдог. Гэтэл хүүхдүүд кола маш ихээр уухын зэрэгцээ амтлаг, чихэрлэг зүйлд дурлаж байна. Тиймээс эцэг эхчүүд аль болохоор эрүүл хүүхэд л өсгөх хэрэгтэй. Эцэг эх болсны гавьяа хүүхдээ гоёж, гангалах бус харин эрүүл өсгөх юм.


-Судасны ханыг гэмтээдэг өвчнүүдэд нь ямар ямар өвчин багтаж байгаа вэ?

-Судасны ханыг гэмтээдэг өвчин гэхээр янз бүрийн харшил, хоолойн ангин, шүдний өвчин байнга холбогч эдийг гэмтээдэг учир амархан хагарах боломжтой болдог. Даралт ихсэх үед өөр нэг өвчлөл гараад ирэхээр л амархан задрах, дэлбэрэх, судасны хатуурал эрт эхлэх, цусны даралт ихэддэг болох зэрэг нөхцөлүүд бүрддэг.


-Өвлийн улиралд охид, залуус маань малгай өмсөхгүй байна л даа. Энэ бас нөлөөлөх үү?

-Малгай өмсөхгүй байна гэдэг хамгийн муу. Хүйтэнд хүзүү, гавлын булчингууд маш их чангарч цус, булчингаа дардаг. Мөн цусан судас агшиж, цусны гүйдэл мууддаг. Дахин дахин энэ үйл явц давтагдахаар судас тэр чигтээ нарийсна. Ингэснээр толгой их өвддөг, юмаа мартдаг болно.


-Тал болон бүтэн цус харвахын ялгаа нь юу вэ?

-100 хүн харвахад 25 нь газар дээрээ нас бардаг. Өөрөөр хэлбэл бүтэн харвадаг гэсэн үг юм. Харин тал харвасан буюу амьд үлдсэн 75 хувийн 25 хувь нь жилийн дотор дахиж цус харваж нас бардаг гэсэн тоо баримт бий. Тэгэхээр 100 хүний тал нь тахир дутуу болоод л үлддэг байх нь.


-Бодибилдэнгээр хичээллэж уураг хэрэглэснээр цус нь өтгөрсөн тохиолдол гарсан гэлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл.

-Тийм тохиолдол гарч байсан. Уургийг хэт өндөр тунгаар хэрэглэх, мөн янз бүрийн нэмэгдэл бүтээгдэхүүн хэрэглэх нь цусыг өтгөрүүлж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд турахын тулд, эрэгтэйчүүд булчингаа нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байна. Ялангуяа тухайн хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагыг мэдэхгүй, эмчээс зөвлөгөө авалгүйгээр дур мэдэн хэрэглэснээр бөөрний үйл ажиллагаа, цусан дахь өөх тос, бодисын солилцоонд нөлөөлдөг. Үүнээс үүдэж ямар сөрөг үр дагавар, өөрчлөлт таны биед гарч байгааг хэн ч мэдэхгүй ш дээ.




-Өндөр настай хүнтэй хамт амьдардаг, эсхүл гэр бүлийнх нь хэн нэгний даралт байнга ихэсдэг бол ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй вэ?

-5 Ха буюу дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

Үүнд

-Хараа гэнэт муудвал

-Хацар нүүр чинь гэнэт мурийвал

-Хөл гар нь гэнэт суларч мэдээгүй болбол

-Хэл яриа нь дультраад юм хэлж чадахгүй бол

Хурдан түргэн тусламж дууд гэсэн зарчмыг дагах нь зүйтэй.


Хамгийн гол нь дээрх шинж тэмдэг илэрсэн анхны цагийг сайн мэдэж байх ёстой. Учир нь гурван цагийн дотор эмчилгээ авах боломжтой байдаг. Түргэн тусламж иртэл тухайн хүнийхээ биеийн байдлыг харж байгаад хажуу тийш харуулж хэвтүүлэн, даралтыг нь үзээд, даралтынх нь эмийг уулгаж, аль болох тайван байлгах хэрэгтэй. Мөн хажууд нь байгаа хүн бичиг баримтыг нь бүрдүүлж, бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол эмнэлэгт юу ч үгүй, бараг хэн нь ч мэдэгдэхгүй ирдэг. Харвалт гэдэг хэнийг ч дайрах боломжтой. Тиймээс эмнэлгийн талаас бүх зүйлээ бэлдсэн байх хэрэгтэй.


-ШНУГТЭ-т цус харвалтыг хагалгаагаар эмчилдэг болсон талаар сонсож байсан. Энэ үнэн юм болов уу?

-Харвалт болгоныг хагалгаагаар эмчлэхгүй. Гуравдугаарт эмнэлэгт том судас бөглөрсөн байвал судсан дотор юм гүйлгэж байгаад түүнийг нь хайлуулах эмчилгээ хийж байгаа. Мөн судсанд бүлэн хайлуулдаг эмчилгээг хийдэг. Гэхдээ энэ нь маш өндөр эрсдэлтэй, заалттай байдаг. Хамгийн гол нь гурван цагийн дотор амжсан байх ёстой. Хэрэв түүнээс хэтэрвэл тархи өөрөө үхчихдэг. Үхсэн хойно мянга эмчилгээ хийгээд нэмэргүй, нөхөн сэргээх эмчилгээнд л орно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр [202.179.31.76]


Үнэхээр хэрэгтэй үнэтэй мэдээлэл өгчээ. Ийм сайн мэдлэгтэй эмч нар олон байвал хүн ардын эрүүл мэндэд их л хэрэгтэй байна даа. Ийм мэдлэгтэй, хүний төлөө гэсэн эмч нараа Эрүүл мэндийн яам сайд нар нь дэмжиж ажиллах, зөвлөгөөг авч, залуу эмч нарыг сургах ажилдаа оролцуулах хэрэгтэй гэж санагдах юм даа. Яам сайд нарын дэмжлэг их хэрэгтэй байх даа.