Спорт


Дэлхийн дөрвөн удаагийн медальт анхны монгол тамирчин О.Насанбурмаагийн амжилтууд

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алтай констракшн” компанийн бөх, Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын К.Жюстинад ялагдан, мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын спортын түүхэнд дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль авсан анхны тамирчин болсон юм. 


-Тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Ах, дүү долуулаа бөгөөд айлын отгон хүүхэд. Түүний аав Баянхонгор аймгийн Жинст, ээж нь Увс аймгийн Хяргас сумын уугуул.



-Нийслэлийн 73 дугаар сургуулийг төгссөн О.Насанбурмаа багадаа Хөхөө багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэж байж. Төрсөн эгч О.Мягмарсүрэн нь түүнд “Миний дүү чөлөөт бөхөөр хичээллэ. Хэрвээ амжилт гаргавал аав, ээжийнхээ нуруунаас ачаа хөнгөлнө” гэж зөвлөснөөр Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлагад чөлөөт бөхөөр 2003 онд хичээллэж эхэлжээ. 



-Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг дэлхийд тахалж явсан, түүний эгч О.Мягмарсүрэн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай, улсын долоон удаагийн аварга. Эмэгтэй бөхчүүдээс эгч, дүү хоёр улсын аварга болсон ганцхан тохиолдлын эзэн нь тэд. 


-О.Насанбурмаа чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй байхдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ.


-16 настайдаа буюу хамгийн залуудаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн бахдам амжилт түүнийх.


-Тэрбээр насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 15, ДАШТ-ээс 18 насандаа хүрэл медаль хүртсэн ховор амжилтын эзэн.


-Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн дэвжээнд хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан (2008, 2011, 2013) цорын ганц тамирчин.


-“Гуанжоу-2010” Азийн наадмын дэд аварга тэрээр Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, нэг хүрэл, залуучуудын ДАШТ-мөнгө, хүрэл медальтай.


-Залуу тамирчдад боломж олгохын тулд Азийн АШТ-д төдийлөн зодоглодоггүй тэрбээр энэ жил тус тэмцээнд үзүүрлэсэн. Тивийнхээ аваргад дөрөв дэх удаагаа оролцон, 10 жилийн дараа хоёр дахь мөнгөн медалиа авсан юм. 


-О.Насанбурмаа 2011 оны ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Улмаар түүний эрхээр Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг оролцон, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. 
-2012 онд Гавьяат тамирчин болсон тэрбээр 2015 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд дийлдэн, V байрт шалгарсан. Улмаар эл амжилтаараа Риогийн олимпын эрх аван, зодоглосон.


О.Насанбурмаагийн шигшээ барилдаанд шалгарсан бичлэг


             


-Өнөө жил ДАШТ-д хамгийн олон буюу 10 дахь удаагаа оролцож буй О.Насанбурмаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жинд өөрчлөлт оруулсны дагуу 69-өөс өгсөн 72 кг-д барилдаж байна. 


-Монголын спортын түүхэнд ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болов. О.Насанбурмаа. Жүдо, чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс гурван медаль авсан зургаахан хүчтэн байдаг нь Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (хоёр алт, нэг мөнгө), З.Ойдов (хоёр алт, нэг хүрэл), Х.Баянмөнх (нэг алт, хоёр мөнгө), Д.Сумъяа (алт, хошой хүрэл), Гавьяат тамирчин О.Бурмаа (нэг мөнгө, хоёр хүрэл) нар юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [103.26.194.234]


АРГАГҮЙ л ясны бөрх байна. Баярлалаа