2018,10-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ж.Сарантуяа: Хаана бохирдол, үйлдвэрлэл их байгааг газар зүйн системээс харах боломжтой болно

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Сүүлийн жилүүдэд агаар, хөрс, орчны бохирдол хурдацтай нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл иргэн бүр хаана ямар бодисын бохирдол их байгаа, тус бодис нь хүн болоод байгальд ямар хор хөнөөлтэй зэрэг  бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг бий болгохоор мэргэжилтнүүд ажиллаад эхэлжээ.




Тодруулбал, БОАЖЯ ,НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран "Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг бий болгох чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улс дахь Олон улсын химийн бодисын асуудлаарх стратегийн механизм хэрэгжилтийг дэмжих нь" төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр олон нийтэд таниулах сургалтыг  Централ таурын хурлын танхимд хийлээ.




БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Бидний хувьд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох эхний алхмаа хийж байна гэж ойлгож болно. Европын орнууд, Азийн орнуудаас БНХАУ, Япон зэрэг улсууд уг системийг нэвтрүүлээд явж байгаа сайн туршлага байна. Манай төслийн баг дээр дурдсан сайн туршлагуудыг судалж, бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна. Олон улсад түгээмэл бохирдуулагч бодист хүлэмжийн хий, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор, ус бохирдуулагч бодисууд буюу нийт 100 орчим бодисыг тооцож, тэдгээрийг ялгаруулсан тохиолдолд мэдээлэх үүргийг ААН-үүд нь хүлээдэг. “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгохын ач холбогдол юу юм бэ гэдэг асуудлаар НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх ААН-үүдэд сургалт семинар зохион байгуулж байна. ААН-үүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, байгаль орчинд үзүүлж буй бүх төрлийн сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тэгэхээр хаягдлын тооллого хийх аргачлалыг өөрийн үйлдвэр дээр турших нь үүргээ биелүүлж буйгаас гадна үндэсний систем бий болоход бэлэн байдлаа хангасан байх давуу талыг олгож байгаа. Энэ утгаараа ААН-үүд төслийг нааштай хүлээн авч, тооллого хийх аргачлалыг туршиж байна” хэмээсэн юм.




Төслийн хүрээнд 2018 оны 10-р сарын 15-26-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам , НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/ -тэй хамтран Химийн бодис, хог хаягдлын менежментийн зөвлөх ноён Андреа Караро хүрэлцэн ирж Төв цэвэрлэх байгууламж, ДЦС, MCS Кока Кола ХХК, Оюу толгой ХК, АПУ ХК, Монос ХХК, Алтайн харгиа ХХК зэрэг эрчим хүч, хог хаягдал, арьс шир, ундаа, гоо сайхны үйлдвэрүүд болох бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан, хаягдлын тооллого хийх аргачлалыг туршсан байна.




Энэ талаар төслийн зохицуулагч Ж.Сарантуяа "Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлсэн олон улсын туршлагаас харахад 10 гаруй жилийг зарцуулсан байна. Гэхдээ бидний хувьд хэдий хэмжээний хугацаа шаардлагатай гэдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь хэтдээ бохирдуулагч бодисын нэгдсэн мэдээллийн сайттай болно гэсэн үг юм. Эхний ээлжинд үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ялгаруулж буй бохирдлыг ямар хэмжээнд байгааг тооцож гаргадаг, өөрсдөө мэдээллээ оруулдаг байхаар төлөвлөж байна. Цаашдаа уг систем бүрэн нэвтэрснээр үйлдвэрлэгчид гэлтгүй бодлого боловсруулагчид, жирийн иргэд хаана бохирдол байна, хаана үйлдвэрлэл хэт их төвлөрсөн байгааг газар зүйн систем дээр харах боломжтой болно" гэлээ. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.